
Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж гишүүн Ж.Сүхбаатарыг ахлагчаар нь томилжээ. Мөн Х.Жекей гишүүнээр ахлуулсан хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад өөрчлөлт оруулах үүрэгтэй ажлын хэсэг ажиллаж буй ажээ. Хийх гэж байгаа нээлттэй сонсголын талаар ажлын хэсгийн ахлагч, эрхэм гишүүн Ж.Сүхбаатар мэдээлэл хийлээ. Авлигын эсрэг бүлгийн гишүүд энэ сэдвээр парламентын төвшинд дуу хоолойгоо гаргах, ёс зүйн манлайлал дээр анхаарлаа хандуулах, өөрсдөө ёс зүйн талаар үлгэрлэх зэрэг ажлуудыг эхлүүлжээ. Тэд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг хамгийн чухал гэж үзсэн байна. Энэ нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох биш, харин хөрөнгө орлогын мэдүүлэгт хийсэн дүн шинжилгээ, тулгамдсан асуудлууд юу байгаа талаар тус газрын холбогдох хүмүүсийн мэдээллийг сонсох юм байна.
Гишүүн Х.Тэмүүжингийн хэлснээр нээлттэй сонсголын үеэр гурван сэдэв хөндөх гэнэ. Нэгд, албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн гаргаж байгаа, хоёрт, мэдүүлгээ гаргаж өгсөн ч ямар ямар зөрчил гарч байгаа, гуравт, хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар сонсохоор болжээ. Эдгээр асуудлаар тодорхой албан тушаалтнууд тайлбар өгөх аж. Ирэх долоо хоногийн пүрэв гаригт тэдгээр албан тушаалтнуудтай уулзаж юу ярилцах талаараа хэлэлцэх юм байна. Ер нь жил бүрийн УИХ-ын хаврын чуулганаар ийм сэдвээр нээлттэй сонсгол хийдэг уламжлалтай болох аж. Мөн намрын чуулганаар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх, хариуцлагыг нэмгэдүүлэх, төлөвшүүлэх асуудал ямар байгааг авч ярих юм байна. Ирэх жилээс хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй нь шалгалтаар илэрвэл тухайн албан тушаалтанд хээл хахуулийн асуудал үүсгэдэг уламжлалтай болох гэнэ. Хууль бусаар гэнэт баяжигсдад ихээхэн анхаарах юм байна.
Гишүүн Ж.Сүхбаатар “Монгол Улсын авлигын индекс муудсаар байна. Авлигажсан нийгэм болж байна. Тийм орчинд бид амьдарч байгаа. Тиймээс өөрсдөө авлигын орон зайг шахах хэрэгтэй” гэлээ. Б.Бат-Эрдэнэ даргын хэлснээр өмнө нь албан тушаалтнууд УИХ-д хөрөнгө орлогоо мэдүүлдэг байхад 30-35 хувь нь мэдүүлгээ өгдөг байсан бол Авлигатай тэмцэх газарт өгдөг болсноор 98-99 хувьтай болжээ. Нийт 50 000 орчим албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлэх жагсаалтад оржээ. Зохих хуульд нь өөрчлөлт оруулж УИХ-ын зүгээс авлигад тавих хяналтыг чангатгах талаар ч гишүүд хэлж байлаа.
Д.ОЮУН