Оюутнууд хаачихаа мэдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

Оюутнууд хаачихаа мэдэхгүй байна

Их дээд сургуульд аттестатчилах шалгалтыг өнгөрөгч оны сүүлийн хагаст БСШУЯ-наас явуулж, зарим дээд сургуулийг хаахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу энэ оны эхний семистерийн хичээл дуусахад  зарим сургуулиудын хаасан байгаа. Тэдний нэгд “Старс” дээд сургууль багтаад буй юм.

Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Старс” дээд сургууль БЗД-т буюу бидний хэлж заншсанаар Сансарт байрладаг юм билээ. Оюутны өвлийн амралт эхлээд удаагүй байгаа ч тус сургуулийн сурагчид сургууль дээрээ  цугласан байлаа. Учир нь хичээл амрасны дараа сургуулийг нь аттестатчилах шалгалтын дагуу хаахаар болсноо БСШУЯ танилцуулсан учраас оюутнууд сургууль дээрээ ийнхүү цугласан гэнэ.

Таван давхар байшингийн хамгийн дээд давхарт байрлах тус сургууль гаднаа ямар нэгэн хаяггүй болохоор олоход төвөгтэй аж.  Лекц, семинар гэсэн хоёр том танхимыг эс тооцвол цөөхөн хэдэн ангитай юм. Анги танхимд байсан ширээ сандлыг нүүлгэхээр нааш цааш хөдөлгөөн оруулаад эхэлчихэж.  Сургуулиа хаагдаж байгааг сонссон оюутнууд өдөр бүр сургууль дээрээ ирж, захирлын шийдвэрийг хүлээж суух болсон гэнэ. Тус сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан /нэрээ хэлэхийг хүссэнгүй/ “Би анх 2006 онд ээн сургуульд элссэн. Цөөхөн оюутнуудтай болохоор чанартай гэж бодсон. Тэгээд ч багш нар нь Компьтер техник, менежментийн сургуулийн сайн багш нар багшилдаг гэж сонсоод элссэн. Яагаад манай сургуулийг хаасныг сайн ойлгохгүй байна. Энд байгаа оюутнууд ч гэсэн ойлгохгүй байгаа. Биднийг өөр сургуулиудад хувиарлана гэсэн. Тиймээс сургуулийн удирдлагатай уулзах гээд сууж байна” гэсэн. Оюутнууд одоохондоо яах учраа олохгүй, хий дэмий л сургуулийнхаа удирдлагуудын амыг харж сууна. Сургуулийг хааж болно. Гэхдээ тэнд олон асуудал үүсч байгааг яам мэдэх ёстой биз. Оюутнуудаас гадна тус сургуулийн багш нар ч ажилгүй болж байгаа юм билээ.

 Тус оюутны зөвлөлийн дарга Ц.Бямбасүрэн “Дөрвөн жил сурсан сургууль маань хаагдаж байгаа мэдээг  зурагтаар сонсох эвгүй  юм билээ. Манай оюутнуудын ихэнх нь энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Учир нь өөр сургууль руу шилжүүлнэ гэдэг тухайн оюутны ард олон асуудал гарч ирнэ. Тухайлбал, гэр нь энэ сургуулийн ойролцоо байдаг бол өөр сургууль руу шилжсэнээр автобусаар үйлчлүүлэх ч гэдэг юм уу эсвэл ажлынхаа хажуугаар хичээлдээ явдаг оюутнууд гээд ер нь бол жижиг сажиг асуудал гарах байх. Гэхдээ сургуулийн удирдлага бүх оюутан санаа тавина гэсэн тодорхой сургуулиуд руу шилжүүлнэ гэсэн. Харин хэзээ, ямар сургуульд суралцах нь тодорхойгүй байна” гэсэн юм.

Тус  сургууль нь одоо 80 оюутан, есөн багштай. Анх 2006 онд зөвшөөрөл авч мэдээлэл технологийн коллеж нэрээр 30 оюутан элсүүлэн үүдээ нээсэн аж.  Үүнээс хойш зургаан жилийн турш тасралтгүй оюутан элсүүлж, компьтер техникийн сургалт явуулсаар ирсэн байна. Тус сургуулийн нягтлан бодогч хэлэхдээ “Манай сургуулийг хаах гэж байгаа талаараа албан тоот БСШУЯ-наас өгөөгүй хэрнээ гэнэт нэг өдөр хэвлэлээр үйл ажиллагааг нь зогсоож байгааг зарласан. Гэхдээ яамны шийдвэр гарсан учраас бид оюутнуудаа аль боломжтой гэсэн сургуулиудад нь шилжүүлэн суралцуулахаар ажиллаж байна” гэсэн юм.

“Старс” дээд сургуулиас гадна “Хантайшир”, “Гүүр” , “Монгол Фермер”  коллеж шалгалтад тэнцээгүй тул сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг нь энэ сарын 25-ны өдрөөс эхлэн цуцлах шийдвэр гарсан байна. Тиймээс эдгээр сургуулийн оюутнуудыг өөр сургуульд шилжүүлэх бололтой. 

БСШУЯ нь өөрөө  сургууль нээх, элсэлт авах, үйл ажиллагаа явуулах, тэдэнд хяналт тавих үүрэгтэй. Өчнөөн оюутан  элсүүлж, төлбөр мөнгийг нь авсны дараа хаалга үүдийг нь барихаас илүү анхнаасаа зөвшөөрөл өгөхдөө асуудлыг бодолцох ёстой байсан биз.

Хаалгаа барьж буй нэг дээд сургууль дунджаар 100 оюутантай гэж тооцоход 400 гаруй оюутны эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Гэтэл автобусны мөнгө, цалин нэхдэг Монголын оюутны холбоо яагаад энэ асуудалд амаа ангайх дургүй байгаа юм бол оо.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж