“Төрийн албан хаагчид халагдахгүй”

Хуучирсан мэдээ: 2012.01.13-нд нийтлэгдсэн

“Төрийн албан хаагчид халагдахгүй”

Ардчилсан нам Засгийн газраас албан ёсоор гарлаа. Үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын дунд ажлаасаа халагдах вий, өөрчлөгдөх вий гэсэн айдас байгаа юм.  Учир нь сайд солигдохоор төрийн албан халаа сэлгээ болдог нь худлаа биш.  Үүний хамгийн сүүлийн жишээ гэхэд багагүй хугацаанд удирдлагагүй байсан АТГ-ын шинэ дарга нар ажлаа хүлээж авангуутаа халаа сэлгээ хийж эхэлсэн.  Төрийн албан тушаалтанд халаа сэлгээ хийгдэх эсэх нь тодорхойгүй байгаа билээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн ахлах реперент Д.Баатарсайханаас зарим асуултад хариулт авсан юм.

-Оны өмнө АТГ-ын найман ажилтан хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж Төрийн албаны зөвлөлд өргөдөл өгсөн. Энэ өргөдлийн дагуу шалгаж байгаа юу?

-АТГ-ын найман албан хаагч ажлаас чөлөөлөгдсөний дараа манайд өргөдөл өгсөн. Хууль бусаар буюу шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа. Энэ өргөдлийн дагуу бид нэг сарын хугацаанд танилцаж шийдвэр гаргах ёстой. Яг одоогийн байдлаар бид ажлын хэсэг гарган өргөдөлтэй танилцан, төрийн албан хаагчийн хуулийн дагуу шалгаж, танилцаж байна. Бид АТГ-т эдгээр хүмүүсийг ямар шалтгаан, үндэслэлээр халсан тухайгаа тайлбар болон хэрэв алдаа дутагдал гаргасан бол түүнийг нь хүргүүлэх бичиг явуулсан байгаа. Одоогоор хариу ирээгүй. Бид бас шалтгаан нөхцөлийг нь тогтоохоор ажиллаж байна.

-Танайхаас эцсийн хариу хэзээ гарах вэ?

-Хуулиндаа бол Төрийн албаны зөвлөлд ирсэн өргөдөл, гомдлыг бид нэг сарын хугацаанд танилцаад анхны дүгнэлт, тайлбараа гаргах ёстой. Анхан шатны дүгнэлтийн дараа бид дараа дараагийн арга хэмжээг авна. Нэг сарын дотор шалгаж, нягтлаад бид хариултаа өгнө. АТГ-аас бидэнд шаардлагатай баримт бичгийг өгнө гэсэн.

-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа. Яамдын сайдууд өөрчлөгдөх бүрд төрийн албанд  намчирхсан халаа сэлгээ болдог  шүү дээ. Тэгэхээр Ардчилсан намын сайдууд Засгаас гарлаа гэхэд төрийн албан хаагчдын дунд халаа сэлгээ явагдахгүй гэсэн баталгаа байна уу?

-Өөрчлөлт орохгүй. Одоо хийх сайд нарын өөрчлөлт бол улс төрийн  шийдвэр болохоор ямар нэг өөрчлөлт, халаа сэлгээ орохгүй.  Тэгээд ч  Төрийн албаных хуулинд энэ талаар тодорхой тусгасан байгаа. Төрийн албан хаагчийг халах гурван нөхцөл бий. Хэрэв төрийн албан хаагч гэмт хэрэгт холбогдон, Монгол Улсын харьяатаас гарах, хангалтгүй ажилласан тохиолдол болон тэтгэвэрт гарах нас нь болсон үед ажлаас чөлөөлөх ёстой. Энэ хуулиар бол одоогийн сайд нарын өөрчлөлт ороход доод албан тушаалтан нь халагдах ёсгүй.

-Өмнө нь сайд нь юм уу дарга нь солигдоход доод албан тушаалтан нь халагдаж байсан тохиолдлууд бий шүү дээ?

-Өмнө нь бол тиймэрхүү асуудал үүсч байсан. Тухайн салбарын дарга нь өөрчлөгдөхөд түүний доод албан тушаалтан халагдах ч юм уу, эсвэл сайд нь өөрчлөгдөхөд өөрийн хүнээ томилох гэдэг асуудал байсан. Харин үүнийг халах зорилгоор хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан. Энэ шинэ хуулинд ч гэсэн төрийн албан хаагч нь тодорхой бус шалтгаанаар халагдах ёсгүй гэсэн. Ямар тохиолдолд халж болох вэ гэдгийг ч заагаад өгсөн байгаа. Ерөөс манайд дарга нар өөрийн хүнээ авах тийм зүйл бараг л тогтчихсон байсан. Үүнийг л бид өөрчилж халах хэрэгтэй байгаа юм. Энэ удаагийн сайд нар солигдоход ийм асуудал гарахгүй гэж баттай хэлж чадах байна.

-Төрийн албаны зарим хүмүүс гурван сар ч юм уу бага хугацаанд ажиллаад халагдах тохиолдол байдаг. Үүнийг зарим хүмүүс дарга нарын хийсэн ажил гэж ярих тохиолдол ч бий?

-Төрийн албан хаагчийн шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд бүтэн жилийн хугацаанд туршилтын журмаар ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл бид тэр хүнийг хэрхэн ажиллаж байгааг нь шалгаж, дадлага туршлага, ажлын ур чадварыг нь хардаг юм. Түүнээс хэн нэг дарга нь дуртай үедээ аваад халдаг тийм зүйл одоо байхгүй болсон.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж