Ерөнхийлөгч хүүхдүүдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хүүхдүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн нь санаачилгыг дэмжин МҮОНТ, ТВ5 –телевизээс зохион байгуулсан “Сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдтэй өнөөдөр уулзлаа. Архангай аймгийн Тариат сумын болон нийслэлийн Шинэ монгол дунд сургуулийн сурагчид, мөн Увс аймгийн Улаангомын болон нийслэлийн Хобби, Эрдмийн ундраа дунд сургуулийн сурагчид солилцооны хөтөлбөрт хамрагдсанаар шинэ найз нөхөд, аав, ээжтэй болсноо, өөр орчинд амьдарч их зүйлийг сурч, мэдсэн тухайгаа Ерөнхийлөгчид танилцуулав. Сургууль, сурагчдаа төлөөлсөн 38 дугаар сургуулийн багш Г.Энхжаргал хөтөлбөрийн талаарх хүүхдүүдийнхээ санал бүхий захидлыг Ерөнхийлөгчид гардууллаа.

Мөн хоёр телевизийн зураглаач, найруулагч нар хөтөлбөрийнхөө зорилго, үе шатны талаар товч танилцуулав.

Ерөнхийлөгч сурагчдаас үзэж буй хичээл нь хоцорч, түрүүлж байгаа эсэх, тэдэнд ямар бэрхшээл учирсан, шинээр юу сурч мэдсэн талаар нь сонирхоод миний хоёр хүүхэд дунд сургуульд сурдаг, би ч тэднийгээ ийм хөтөлбөрт дуртайяа хамруулна хэмээн хэллээ. Мөн өнгөрөгч есдүгээр сарын нэгэнд “Монголын сайхан орноор” гэсэн хичээл зааж, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгосныг МҮОНТ, ТВ5 телевиз дэмжин санаачилга гарган ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

-Би Монголын бүх сургууль солилцооны хөтөлбөртэй болох хэрэгтэй гэж хэлэх гэсэн  юм. Тэгэхдээ зөвхөн нэг сургуультай биш хэд хэдэн сургуультай сурагч солилцдог байх нь зохистой. Хүүхэд багаасаа их зүйл үзэх нь том болоод улам ихийг сурахад дөхөмтэй байдаг. Сурагч солилцооны хөтөлбөр танин мэдэхүйн ихээхэн ач холбогдолтой. Амралтаараа ч сурагч солилцож болно шүү дээ. Харин хугацаа нь нэг сар, бүр нэг улирал, жилээр ч байж болно.

Монгол бол дэлхийн бүх шинж хосолсон гайхамшигтай орон. Говь цөл, өтгөн ой мод, өндөр сүрлэг уулс, өргөн уудам тал хээр гээд бүгд бий. Хүмүүс нь уужим сайхан сэтгэлтэй. Том үндэстэн байсны шинж болов уу. Хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Тэр тусмаа монгол газар нутгаа, ээж аавыгаа олоод төрнө гэдэг хосгүй зүйл.

Муу зүйлийг мэдээд л хая. Сайны төлөө бол явах хэрэгтэй. Хөтөлбөрт хамрагдсанаар та нар илүү ихийг мэднэ. Мэдлэгээрээ баян болно. Баян гэдэг бол зөвхөн мөнгө, эд хөрөнгө гэсэн үг биш. Цаашид улам олон хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдаж, Их Хурлын танхимд ч багтахгүй болно гэж бодож байна.

Хөтөлбөрийнхөө дараагийн шатнаас монгол туургатны хүүхдүүдийг хамруулах юм байна. Бас хорин нэгэн аймгийн онцлог, үзэсгэлэнт бүхнийг тусган харуулсан үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм байна. Сайхан санаа байна. Сайхан уламжлал бий болж байна. Сайн зүйл заавал бүтдэг. Энэ бол миний ойрын өдрүүдэд сонссон хамгийн сайн мэдээ байна. Та бүхэнд амжилт хүсье хэмээн Ерөнхийлөгч хэлэв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж