Онц хүнд гэмт хэргийн гаралт өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Онц хүнд гэмт хэргийн гаралт өсчээ

ЦЕГ-аас өнөөдөр 2011 онд улсын хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал ямар байсан талаар мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн онд  улсын хэмжээнд  19197 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 688 хэргээр буюу  3.2 хувиар буурсан үзүүлэлт  аж. Нийт гарсан гэмт хэргийн 56.1 хувь нь нийслэлд, 42.9 хувь нь аймгуудад үйлдэгджээ.  Гэмт хэрэг 12 аймаг таван дүүрэгт 2.3-21.4 хувиар буурсан бол найман аймаг, дөрвөн дүүрэгт 2.2-15.8 хувиар  өссөн байна.  Гэмт хэргрйн  41.6 хувь нь хөнгөн, 46.3 хүнд, 2,6 хувь нь онц хүнд гэмт хэрэг эзэлжээ. Онц хүнд гэмт хэргийг өнгөрсөн онтой харьцуулахад 15.2 хувиар өссөн  нь анхаарал татсан асуудал болохыг албаныхан хэлж байна. Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл бусдын биед гэмтэл учруулах хэрэг хамгийн өндөр буюу 30.4  хувийг эзэлсэн бол хулгайн гэмт хэрэг 27.4 хувийг эзэлж, олноор үйлдэгдсэн гэмт хэргийн төрөлд орж байна. Мөн өнгөрсөн онд хүн худалдаалах зургаа, бусдын биеийг үнэлүүлсэн 15 хэрэг бүртгэгджээ.

 Харин гэмт хэргийн илрүүлэлт 61.5 хувь буюу өнгөрсөн оноос 1.6 хувиар өсчээ. Үйлдэгдэж буй гэмт хэргийг ихэвчлэн шөнийн 22.00-06.00 цагийн хооронд  үйлдэгдэж байгаа нь судалгаанаас харагдаж байна.  Нэг жилийн хугацаанд үйлдэгдсэн хэрэгт нийтдээ 17 982 хүн холбогдсоны 12.6 хувь эь эмэгтэй, 6.2 хувь нь хүүхэд үлдсэн нь 25-40 насны эрэгтэйчүүд байжээ. Гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн нийгмийн байдлыг авч үзвэл 56.1 хувь нь тодорхой эрхэлсэн ажил, сургуульгүй байсан аж.

Гэмт хэргийн улмаас өнгөрсөн онд 922 хүн амиа алдсан нь 22.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин гэмтэж бэртсэн хүний тоо 8100-д хүрч 8.2 хувиар өсчээ. Энэхүү үзүүлэлт нь хоногт гурван хүн амиа алдаж, 22 хүн  гэмтэж бэртдэг  гэсэн үг аж.  Хэрэг гарсан байдлыг авч үзэхэд гэр орон сууцанд үйлдэгдсэн  гэмт хэрэг хамгийн их буюу 31.1 хувийг  эзэлсэн байна. Үүний дараа олон нийтийн газар, гудамж талбайд  үйлдэгдэх гэмт хэрэг давамгайлж байгааг онцлов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж