100 айлын хагарсан зам буюу ОХУ-д гарсан эмгэнэлт явдал

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

100 айлын хагарсан зам буюу ОХУ-д гарсан эмгэнэлт явдал

ОХУ-д уржигдар нэгэн сэтгэл эмзэглэм явдал болжээ. Брянск хотын төв талбайн хажуугийн замыг засах, усны хоолойн шугам солих ажил хийж байсан аж. Замын ажил ид явагдаж байх үед хэдхэн метрийн цаана ой таван сартай хүүхдээ түрдэг тэргэнд суулган салхилж явсан бүсгүйн доорх газар гэнэт цөмөрчээ. Гэнэтийн энэ золгүй явдалд өртсөн эх нэг гараараа хагарсан газрын ирмэгээс зуурч амжжээ. Харин нөгөө гартаа тэрэгтээ хүүхдээ барьсаар доош дүүжлэгдсэн байна. Яг тэр мөчид хажуугаар нь явж байсан залуу хөөрхий бүсгүйг татаж гаргах агшинд хүүхэд нь тэрэгнээс гулсан усны хоолойд унаж амь эрсэджээ. Яаралтай тусламжийнхан ослын газар шуурхай ирж хүүхдийг аврах гэж оролдсон боловч 20 метрийн цаанаас жаал хүүгийн малгай, хүрмийг нь олсон байна. Улмаар  24 цагийн дараа  хүүгийн цогцосыг олжээ. Дэндүү харамсалтай, даанч эмгэнэлтэй энэ явдалд цочирдсон хөөрхий бүсгүй сэтгэл мэдрэлийн гүн шоконд орсон тухай Оросын хэвлэлүүдэд шуугиж байна. Хотынхон оршин суугчид ч энэ явдалд харуусаж цочирдон эмгэнэл илэрхийлсээр байна. Брянск хотод иймэрхүү золгүй явдлаас болж өнгөрсөн жил гэхэд найман хүүхэд амь насаа алдсан тухай иргэд гомдол мэдүүлжээ. Одоогоор зам засварын компани болон хотын эрх баригчдад хариуцлага тооцох тухай ярьж эхэлсэн байна.

Гэтэл  Брянск хотод  дээрх үйл явдал болсон яг тэр өдөр манай хотын Зуун айлын “Авто Плаза”-ийн чанх хойдох зам  ойролцоогоор 10 см-ийн гүн хагарчээ. Сэтгэлд өнөөх орос эх, үр хоёрын хагацал шууд бууж байлаа. Аймшигтай биш гэж үү.  Мэдээж “Монгол хүн амны билгээс ашдын билэг” гэдэг шиг муу ёрлох нь ч бас хаашаа юм. Монголд  хэзээ ч тийм зүйл болохгүй гэсэн бодолтой хүмүүс олон байгаа байх. Энэ замыг Баянбүрдийн тойргоос “Дөлгөөн нуур” хүртэл, цаашлаад  “Ардын эрх”, 100 айл хүртэл гэж гурван хэсэгт хуваан гурван компани хариуцан ажиллаж, зассан аж. Харин одоогийн цуурч, хагарсан гэх замын ажлыг “Уорлд еруна”  компани гүйцэтгэжээ.

Хачирхалтай нь нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од энэ талаар тайлбарлахдаа “Ардын эрхийн автобусны буудлын ойролцоо  хагарал үүсэхэд нөлөөлж байгаа зүйл бий. Энэ хэсэгт хөрсний ус их ойрхон байдаг. Тэр ч утгаараа нийслэлийн Авто замын газраас гүйцэтгэгч компанийн төлөөллийг байлцуулж, энэ хагарлыг засварлах үүрэг өгч байна” гэсэн юм. Мөн “Компаниуд баталгаат хугацаанд гарсан эвдрэлийг засаж хэвийн байдалд оруулах үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Энэ гэрээнийхээ дагуу гүйцэтгэгч компани арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, нөхөж засварлана” хэмээн хагарлын асуудлыг чимээгүй болгох гэж оролдов. Түүнчлэн “Энэ хэсэгт хөрсний ус их ойрхон байдаг” гэсэн үгс нь Брянск хотын золгүй явдлыг дахин, дахин санагдуулаад  байгаа юм даа. Аливаа болзошгүй ослыг урьдчилан сэргийлж байх нь хамгийн чухал. Харамсалтай нь энэ зам ирэх хавар болтол засвар хийнэ гэдэг үлгэрийн далай болов уу. Харин Брянск хотын удирдлага осол гарсан газрын ойролцоох нэг километрийг хааж, зам засварын ажлыг 24 цагийн дотор хийж дуусгахын тулд, бүх шугамыг нь шинээр сольж байгаа юм. Гэтэл манай улсад бол эсрэгээрээ байх юм даа.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж