Гэтэл Брянск хотод дээрх үйл явдал болсон яг тэр өдөр манай хотын Зуун айлын “Авто Плаза”-ийн чанх хойдох зам ойролцоогоор 10 см-ийн гүн хагарчээ. Сэтгэлд өнөөх орос эх, үр хоёрын хагацал шууд бууж байлаа. Аймшигтай биш гэж үү. Мэдээж “Монгол хүн амны билгээс ашдын билэг” гэдэг шиг муу ёрлох нь ч бас хаашаа юм. Монголд хэзээ ч тийм зүйл болохгүй гэсэн бодолтой хүмүүс олон байгаа байх. Энэ замыг Баянбүрдийн тойргоос “Дөлгөөн нуур” хүртэл, цаашлаад “Ардын эрх”, 100 айл хүртэл гэж гурван хэсэгт хуваан гурван компани хариуцан ажиллаж, зассан аж. Харин одоогийн цуурч, хагарсан гэх замын ажлыг “Уорлд еруна” компани гүйцэтгэжээ.
Хачирхалтай нь нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од энэ талаар тайлбарлахдаа “Ардын эрхийн автобусны буудлын ойролцоо хагарал үүсэхэд нөлөөлж байгаа зүйл бий. Энэ хэсэгт хөрсний ус их ойрхон байдаг. Тэр ч утгаараа нийслэлийн Авто замын газраас гүйцэтгэгч компанийн төлөөллийг байлцуулж, энэ хагарлыг засварлах үүрэг өгч байна” гэсэн юм. Мөн “Компаниуд баталгаат хугацаанд гарсан эвдрэлийг засаж хэвийн байдалд оруулах үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Энэ гэрээнийхээ дагуу гүйцэтгэгч компани арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, нөхөж засварлана” хэмээн хагарлын асуудлыг чимээгүй болгох гэж оролдов. Түүнчлэн “Энэ хэсэгт хөрсний ус их ойрхон байдаг” гэсэн үгс нь Брянск хотын золгүй явдлыг дахин, дахин санагдуулаад байгаа юм даа. Аливаа болзошгүй ослыг урьдчилан сэргийлж байх нь хамгийн чухал. Харамсалтай нь энэ зам ирэх хавар болтол засвар хийнэ гэдэг үлгэрийн далай болов уу. Харин Брянск хотын удирдлага осол гарсан газрын ойролцоох нэг километрийг хааж, зам засварын ажлыг 24 цагийн дотор хийж дуусгахын тулд, бүх шугамыг нь шинээр сольж байгаа юм. Гэтэл манай улсад бол эсрэгээрээ байх юм даа.
"Улс төрийн тойм" сонин