Х.Баттулга таны хар үг хэтэрлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Х.Баттулга таны хар үг хэтэрлээ

-ИЛ ЗАХИДАЛ-

АН-ын ҮЗХ-ны 35-р хуралдаан дээр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хийсэн ажлаа тайлагнахын оронд М-Си-Эс группыг ээлжит удаагаа гүтгэж дайрсныг харлаа. Урьд өмнө хэвлэлд өгсөн ярилцлага, захиалж хийлгэсэн телевизийн нэвтрүүлэгтээ М-Си-Эс группыг олонтаа гүтгэн дайрч  төрийн сайд хүнд баймааргүй авир гаргаж байсныг ажилчид бид зөндөө харж хүлээцтэй хандсаар ирсэн. Харин төрийн сайдын албыг хашаад нэг компанийн ажлыг хийлээ гэж эргээд төр засаг өөдөө асаж дайрдаг, өөрөө хувийн хэвшилд ажиллаж байсан мөртлөө үндэсний компани руугаа ноцдог сайдыг анх удаа үзэж үнэхээр харамсч байна.

Өнгөрсөн хугацаанд М-Си-Эс компани нь групп болтлоо өргөжин хөгжихдөө сайд Х.Баттулгад ингэтлээ өш зангидагдах зүйл огт хийгээгүй гэдгийг ажилчид бид баттай хэлж чадна. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж улсдаа татвараа үнэнчээр төлсөн нь бурууддаг, улс орны хөгжилд бодит хувь нэмрээ оруулдаг үндэсний компани байгуулсан нь гүтгэгддэг нийгмийг байгуулах гэж Монголчууд ардчиллыг хийгээгүй. Сайд Х.Баттулгын болчимгүй үг төрийн нэр хүндийг давхар унагаж байгааг тэрээр огт ойлгодоггүй бололтой юм. Жирийн ажилчид бид ажилладаг компаниараа, хийдэг ажлаараа бахархдаг. Гэтэл Та М-Си-Эс гэж Хятадын тал 75 хувь нь байдаг гэж намын нөхдөдөө, телевизээр дамжуулан үзэгчдэд худал хэллээ. Би энэ группт 20 гаруй жил ажиллаж байгаа ууган ажилчин хүн, компаниа Танаас илүү мэднэ. Манай компанид нэг ч хятад хүн ажилладаггүй, хувь эзэмшдэггүй. Ажилчид бид хуурамч занд дургүй тул Таны нүүр рүү харж байгаад шууд хэлье. Та худалч хүн байна. Та манай компанийн ажлыг хийх байтугай өдийд ашиглалтанд орсон байх Энержи ресурс компанийн төмөр замын бүтээн байгуулалтыг зориуд саатуулж өнөөдрийг хүртэл хөдөлгөөгүй, улсын эрх ашгийг бодож компанитай гэрээ байгуулсан төмөр замчдыг ажлаас нь хална гэж дарамталж байсан. Танд Ухаа худагт дэд бүтцийн салбарт монголын олон мянган хөвгүүд, охидын хийсэн бүтээн байгуулалтыг нүдээр үзэх урилгыг нэг бус удаа өгсөн. Харамсалтай нь Таны нүдийг М-Си-Эс группыг үзэн яддаг атаархал таглаад тойрч зугтсаар өдий хүрсэн. Сайд Та ямар нэг илүү давуу нөхцөл олгодоггүй, төр хувийн хэвшилтэй урьд нь байгуулсаар ирсэн, цаашид байгуулагдах Тогтвортой байдлын гэрээний төслийг группээр нь 70 жилээр хийх гэж байна хэмээн хуулийн этгээдийн нэрийг хольж хутган дахин худлаа хэллээ.

Сайд Та худалчаас гадна хорлон сүйтгэгч хүн байна. Та гамшгийн хэмжээнд хүрсэн утааг бууруулах гэж хар үүрээр гарч шөнө дөлөөр гэрийн бараа хардаг утаагүй зуух түгээгчдийг доромжилж, утааг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа зуухыг үгүйсгэж, энэ амаргүй ажилд орох компани олдохгүй шахам байхад нийгмийн хариуцлагаа эрхэмлэж уг ажлыг барьж авсан М-Си-Эс группыг гүтгэх мөртөө олон мянган хувь сонин хэвлэж айлын хашаа давуулан шидэлж утааг бууруулах түмний ажлыг хорлон сүйтгэдэг явуургүй үйлдлээ нууж байна. Та бол наанаа гэгээн дүртэй цаанаа юу ч хийж мэдэх хүн байна.

Төр рүүгээ эргэж дайрдаг, өөрийнхөөсөө бусад хувийн хэвшлийг үзэн яддаг, хувийн атаархалдаа хэт автсан, гүтгэлгээр мэргэшсэн сайд Х.Баттулгын үнэн нүүр царайг Ардчилсан намынхан, сонгогч олон мэдээсэй гэсэндээ энэхүү ил захидлыг бичлээ.

Бид сайхан эх орондоо элбэг хангалуун, элэг бүтэн амар тайван амьдармаар байна. Миний бичсэн энэхүү ил захидлыг манай группын мянга мянган ажиллагсад дэмжиж байгаа гэдгийг эцэст нь хэлье.

М-Си-Эс группын ууган ажилчин Б.Бат-Ирээдүй
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж