Одоо л Уолл стрийтийг эзэлмээр байна

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Одоо л Уолл стрийтийг эзэлмээр байна

Улс даяар ажил хаялт хийх үү, жагсаал
цуглаан зарлах уу гэдгээ шийдээгүй байгаа Мон­голын үйлдвэрчний эвлэлүү­дийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатараас “Уолл стрий­тийг эзэл”
хөдөлгөөнд монгол­чууд албан ёсоор нэгдэх цаг ирчихсэн юм биш үү, гэж
асуумаар байна. Оройтохоосоо өмнө хэдхэн олигархын гарт орсон эдийн
засгаа аварцгаая гэж бас сануулмаар байна. Монголын үйлдвэрчний
эв­лэ­лүү­дийн холбоо, Хэрэг­лэгч­дийн эрх ашгийг хам­гаа­лах
нийгэмлэгээс эдийн засагт дүрэлзээд буй галыг цааш газар авахуулахгүй
унт­раах даалгаварыг өнгөрсөн мягмар гарагт Засгийн газарт өгч
биелэлтийг нь маргааш шалгахаар болсон билээ. Хэрэв даалгавараа хийж 
чадахгүй бол улс орон даяар бужигнаан үүсгэх тухай цухуйлгаад амж­­сан.
Гэхдээ чухам юу гэд­гээ шийдээгүй байгаа нь ха­рамсалтай. Үүнийх нь
ха­риуд Засгийн газрын тэр­гүүн Монголбанктай хам­тарч ажил­лан валютын
хан­шийн өсөл­тийг бууруулах, шата­хууны үнэ өссөн шалтгааныг тогтоож
үгсэн тохиролцсон байх аваас шатахуун импортлох эр­хийг нь цуцлах хүртэл
арга хэмжээ авахаар болсноо мөн л уржигдар мэдэгдлээ. Үүний да­раачаас
Монголбанкнаас хоёр өдөр дараалан интервенц хийх болсноо ч мэдэгдсэн.

Гэвч юмны үнэ өссөн хэвээр л байгаа биз. Тэгэхээр маргааш гэхэд Засгийн
газар Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос тавьсан шаардлагыг биелүүлж
чадахгүй нь тодорхой болсон. Тиймээс жагсацгаая, монголчууд аа. Гэхдээ
зөвхөн Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордны гадаа бус. “Петровис”,
“Сод Монгол”, “Жаст Ойл”, “Шунхлай”, “МТ” зэрэг шатахуун импортлогч
компаниудын үүдэнд, Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын
тосны газар, Монголбанкны гадаа ч жагсах хэрэгтэй. Яг л “Уолл стрийтийг
эзэл” хөдөлгөөнийхөн шиг санхүүгийн гол обьектууд, хэргийн эздийг онилох
хэрэгтэй байна. Хэзээ болтол гэртээ үглэж, дотроо бухимдаж суух вэ.
Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Бид
дайн тулаан руу орохоосоо өмнө ярилцъя, ард түмнийг  бүү дарамтал, бүү
үл хүндэл гэсэн шаардлагыг Засгийн газарт тависан. Харин ард түмэндээ
хандаж монополь эрхийг авч үлдэх гэсэн хэдэн том газруудын башир аргыг
цааш нь хэрэгжүүлэх боломж бүү олго. Ийм газруудаас дусал шатахуун ч бүү
аваарай гэдэг уриалгыг хандан гаргасан. Тэд худалдаж, борлуулдаг гээд
биднийг боомилж байгаа бол бид худалдаж авдгаараа боомилж болно биз дээ.
Бид иргэний зориг гарган, тэмцлийн шатандаа шилжих бэлтгэл ажилдаа
орсон” гэдгийг дахин хэлмээр байна. Аятайхан байгаарай, олигархиуд аа”
хэмээсэн юм. Тэдний энэхүү үйл хэргийг үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны
гишүүн байгууллагууд бүгд дэмжинэ гэдгээ мэдэгдсэн  бөгөөд бухимдал нь
дээд цэгтээ хүрсэн иргэд ч нэгдэхээ мэдэгдсэн аж. Монголчууд дэндүү
тайван ард түмэн юм. “Уолл стрийтийг эзэл” хөдөлгөөн ид хүчээ авч байх
үе буюу өнгөрсөн намар дэлхийн санхүүгийн тогтолцоог шүүмжилсэн иргэд 
сайн дураараа нэгдэж эхэлсэн. Улмаар уг хөдөлгөөн европ тивийг бүхэлд нь
хамарч хэдэн арван мянган хүн эсэргүүцлээ илэрхийлж нэгдэж эхэлсэн.
Хаана л эдийн засгийн түлхүүрийг атгагчид бай­на тэнд л “Уолл стрийтийг
эзэл” хөдөлгөөнийхөн жагсчихсан байдаг байв. Тухайлбал, өнгөрсөн оны
аравду­гаар сард Европын төв банкны өмнө 5000 хүн жагсаж, “Капитализм
манай эдийн засгийг устгаж байна”, “Бид 99 хувь нь” гэх бичиг бүхий пайз
барин жагсаж байлаа. Мөн Их 20-ийн орнуудын Сангийн сайд нарыг Парист
хуралдаж байхад ч жагсагчдын цуваа тэнд  үргэлжилсээр л байв. Цаашлаад
ази, африк, австрали тивийг хамарч улмаар Токиогийн төв талбайд “Бид
Уолл Стрийтийг эзлэгчидтэй хамт”, “Баячуудыг буулга”, “Дахиад ямар ч
цөмийн зэвсэг хэрэггүй” гэж хашгирч, пайз зүүсэн 300 орчим хүн жагсаж
байсан. Мөн Хонконгийн Олон улсын санхүүгийн төвийн ойролцоох Арилжааны
талбайд 200 хүн цуглаж, өөрсдийгөө “Уолл Стрий­тийг эзэл” хөдөлгөөний
нэг хэсэг хэмээн тодорхойлоод дотоодынхоо улс төрийн тогтолцоог ч
шүүмжилж,  Сөүлд 600 хүн жагсаж байсан нь саяхан.  Тэд ердөө л
“Капитализм сүйрч байна. “Цус сорогчид” хэт олширлоо. Тэд бүх эрхийг нь
гартаа авч, жирийн иргэдийг туйлдуулах атлаа нийгмийн баялгийн ихэнхийг
хүртэж байна” гэж  л жагссан. Мөн банк, санхүүгийн байгууллагын өндөр
албан тушаалтнууд, чинээлэг бизнесмэнүүдийг шүүмжилж байсан ч  тэдний
эгнээнд коллеж, их сургуулийн оюутнууд  сургалтын төлбөр нь нэмэгдсэнд
дургүйцлээ илэрхийлж элсэж байсан. Гэтэл тэднийг манай улсын иргэдтэй
харьцуулахад эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн, дан­даа л
хөгжингүй орнуудын иргэд. Өрхийн орлого нь дээгүүрт бичигд­дэг, бидний
хүсэж, мөрөөддөг амьдрал­тай хүмүүс байх жишээтэй. “Уолл стрийтийг эзэл”
хөдөлгөөнд сүүлдээ дэлхийн хэмжээний алдартнууд хүртэл нэгдэж байсан
шүү дээ. Гэтэл ядуу, туйлдсан монголчууд маань тэдэнтэй нэгдэх нь бүү
хэл дэмжиж байгаагаа ч илэрхийлэхгүй байсаар өдийг хүрлээ. АНУ-ын
тэмцэгчид татвар төлөгчдийн мөнгөөр банкуудыг дампуурлаас аварч байгаад
дургүйцэж, баячуудын татварыг нэмэхийг шаардаж байсан бол манайд ч гэсэн
ийм явдлууд олон л гарсан. Гэтэл бид таг дуугуй суусаар л байсан.
Цаашид суусаар л байх гэж үү. Цаана чинь “Уолл стрийтийг эзэл” хөдөлгөөн
үргэлжилсээр байгаа шүү дээ. Одоо л Уолл стрийтийг эзэлмээр байна,
монголчууд аа.

Р.Сарангоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж