Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар Япон улсын иргэн Янагида Коичиг “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр өнөөдөр шагналаа. Шагналыг тус яамны дэд сайд Ч.Жаргалсайхан гардуулан баяр хүргэлээ. Ноён Янагида Коичи Монгол-Япон хоёр улсын найрамдалт харилцааны илрэл болсон аялал жуулчлал болон байгаль орчноо хамгаалах ариун үйлсэд олон жил идэвхтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсны учир ийнхүү Монгол Улсын Засгийн газрын шагналыг энгэртээ зүүж байна. Япон улсын Экологийн сангийн Монгол дахь зохицуулагчаар ажилладаг тэрбээр сүүлийн арваад жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд 450 га газарт ойжуулалт, хөрөнгө оруулалт хийсэн аж. Түүнчлэн Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Дархан дахь ХААИС-ийн салбар зэрэг дөрвөн сургуулийн экологи, байгаль хамгааллаар суралцаж байгаа оюутнуудад сургалтын тэтгэлэг олгосон юм. Мөн манай оронд эко-туризм хөгжүүлэхэд санаачилга, идэвх зүтгэлтэй ажиллан өөрийн орны жуулчдыг олноор нь авчирч аялуулдаг юм байна. Хөдөлмөр зүтгэлийг нь өндөр үнэлсэн БОАЖЯ-ны сайд, удирдлагуудад ноён Янагида Коичи талархал илэрхийлж, цаашид Монгол орны байгаль хамгааллын үйл хэрэгт улам идэвх чармайлттай ажиллахаа амлав.
Б.АНХАА