Эдийн засаг 20 хувиар өссөний ашиг хаана байна

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Эдийн засаг 20 хувиар өссөний ашиг хаана байна

Амьдрал ахуйгаа тордохын тулд багахан хэмжээний бизнес эрхэлдэг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэл хүрээгээ тэлж байгаагийн илрэл юм. Уул уурхайд түшиглэж, цөөнхөд ашгаа өгдөг данхайсан том компаниудаас илүүтэйгээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олшрох нь улс оронд ашигтай. Үүнээс үүдээд орлогын тэгш хуваарилалт бий болно. Толгой өвтгөм олон ажилгүйчүүдийн тоо буурна. Ядуурал багасна. Бүр нарийн яривал төр засаг иргэд рүүгээ чиглэсэн бодлого явуулж чадаж байгаа эсэхийг нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд ахиц гаргасан, үгүйгээр нь тодорхойлж болно гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ойролцоогоор 36 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний 80 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид юм. Өнгөрсөн оны эхний улирлын байдлаар арилжааны банкууд жижиг, дунд үйлдвэрлэгчдээс 48 мянга гаруйд нь зээл олгожээ. Үүнээс тухайн үед зээлийн өрийн үлдэгдэл нь 690 тэрбум төгрөгт хүрч байж. Энэ бол өмнөх оныхтой харьцуулахад есөн хувиар нэмэгдсэн дүн. Японоос 75 тэрбум төгрөг, АНУ-аас 25 сая ам.долларын зээл, тусламж авч түүнийг тэр чигээр нь жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан. Харин Засгийн газраас 731.4 сая төгрөг төсөвлөснөөс 574 саяыг нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд, харин үлдсэнийг нь орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн юм. Энэ олон том тоонууд дунд толгой эргэхээр байгаа биз. Түүнчлэн хэл ам дагуулан байгуулж байгаа Хөгжлийн банкны хөрөнгийг энэ салбарт зориулан зарцуулах юм. Тэгэхээр энэ мөнгө жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх шалтгаан болж чадах уу гэх асуулт эндээс гарч ирнэ.

Ерөнхий сайд “Эдийн засаг 20 гаруй хувиар өслөө” гэж мэдэгдсэн. Харин “Жирийн монгол хүнд энэ их өсөлт ямар наалдацтай юм бэ” гэх шүүмжлэл үүнийг дагаад гарсан юм. Угтаа бол жижиг, дунд үйлдвэрийн тоо нэмэгдэж, түүнээс улбаалаад зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болж, эдийн засгийн өсөлт жинхэнэ утгаараа хурдасдаг. Гэтэл хүмүүс “Хаа байна, тэр 20 хувийн өсөлт чинь” гэж эгдүүцсээр байгаагийн шалтгаан нь юу вэ. Үүнийг жижиг, дунд үйлдвэрт зориулж гаргаж байгаа зээл яг авах ёстой хүмүүстээ хүрдэг эсэхтэй холбон тайлбарлаж болох юм. Танил талаа харж байгаад арай их хэмжээтэй зээл авах, цаашлаад өндөр хүүтэй урт хугацааны зээл авахаас татгалзах хүн ч олон бий. Ер нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлсэн гадны орнуудын жишээ хэр байдаг юм бол.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн өсөлт дээр дөрөөлөн эдийн засгаа хөгжүүлсэн орнууд гэвэл Тайвань, Өмнөд Солонгос, Хятад, Орос зэрэг улсыг жишээ татаж болно. Тайванийн Засгийн газар 1953 оноос эхлэн Үйлдвэржүүлэх дөрвөн жилийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлжээ. Тухайн үед хөвөн даавууны үйлдвэрүүдийг байгуулж, төд удалгүй шил, төмөр арматур, лаазалсан жимсний үйлдвэрлэлийг өргөтгөх асуудалд онцгой анхаарал хандуулсан байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг үе шаттайгаар хөгжүүлэх зорилгынх нь хүрээнд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, электроникийн үйлдвэрүүдийг дэмжиж, АНУ-аас үзүүлж буй санхүүгийн тусламжийг тэр чигт нь энэ салбарт зориулсан гэдэг. Өмнөд Солонгос гэж нэг улс байна. Хүйтэн дайнаас болж эдийн засаг нь туйлдан доройтож, коммунист хойд хөршөөсөө тусламж гуйхдаа тулж байсан орон. Тиймээс эрх баригчид нь импортыг хязгаарлах хатуу бодлого баримталж, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалж байв. Үүний үр дүнд 1960-1970-аад онд Өмнөд Солонгост том корпорациуд бий болсон. Харин энэ хооронд жижиг дунд үйлдвэрүүд зогсонги байдалд ороод байж. Тус улсын эрх баригчид химийн үйлдвэрлэлийг дэмжиж, том компаниудынхаа бүтээгдэхүүнийг экспортод гарган тэднийг үндэстэн дамнасан корпораци болгож чадсан. Компаниуд томрохын хэрээр жижиг дунд үйлдвэрүүд тэдний үйлдвэрлэлд шаардлагатай орцуудыг ханган нийлүүлдэг салбар нэгж нь болжээ. Яваандаа Өмнөд Солонгосын эрх баригчид гадны технологийг дотооддоо нэвтрүүлж, технологийн шинэчлэл хийсэн юм. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэр. Тэдгээрт хүн амын 90 хувь нь ажилладаг. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувь, экспортын 35 хувийг жижиг, дунд үйлдвэрүүд нь хангаж байна.

Хятадын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Тэнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд Засгийн газраас нь ажлын байр, тоног төхөөрөмжөөр хангаж өгдөг. Эсвэл тухайн үйлдвэрт шууд хөрөнгө оруулалт хийх замаар санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлдэг байна. Харин ОХУ-ын Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгосон зээлийг эхний таван жилд нь хүүгүй өгдөг аж. Мөн урт хугацааны татваргүй зээлийг ч гаргана. 

Тэгэхээр энэ бүхнээс ажиглахад Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрүүдэд зориулж санхүүгийн тусламж үзүүлэхдээ татварын хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлж, урт хугацааны бага хүүтэй, эсвэл бүр огт хүүгүй зээл өгөх нь ашигтай бололтой. Татварын дарамт өндөртэй, монополь компаниуд зах зээлд нь ноёрхсон орнуудад далд эдийн засаг хөгждөг. Харин үүнээс сэргийлэх гарц нь жижиг, дунд үйлдвэрлэл болж таарж байна. Эдийн засгийн үзүүлэлтүүд 20 хувиар өссөний үр өгөөж нь ч үүгээр л илрэх юм. 

Т.Элиса

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж