“Бэрхийг туулах ЗГ маань алга болсон”

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

“Бэрхийг туулах ЗГ маань алга болсон”

АН-ын ҮЗХ-ны хуралдаан өчигдөр болж, хамтарсан Засгийн газраас гарах шийвэрт санал нэгдсэн. Уг хурал дээр УИХ, Засгийн газрын гишүүн Х.Баттулга дараах үгийг хэлсэн юм. Хэдийгээр тус хурлыг зарим телевизээр шууд дамжуулсан ч тэр үед дэлгэцийн өмнө байж чадаагүй уншигч, үзэгчид түүний мэдээллийг бүрнээр нь дамжуулж өгөхийг хүссэн юм. Х.Баттулгын танилцуулсан илтгэлийг дор танилцуулж байна.

“Би арай өөр юм ярина. Социализмын үед л ийм уянгын халилтай хурал болдог байсан. Одоо тийм зүйл ярихгүй. Би хоёр мэдээ хэлнэ. Нэг нь сайн талтай, гэхдээ маш бага. Төмөр замын салбарт төрийн бодлоготой боллоо. Монгол Улс өөрөө уул уурхайн салбарыг дагаж хөгжих гэж байгаа бол баялгаа төмөр замаар тээвэрлэнэ, тиймээс тэр нь бодлоготой байх ёстой. Үүнийг батлуулсан. “Шинэ бүтээн байгуулалт” гэдэг дотор УИХ маш сайн ажилласан. Юу баталж өгсөн бэ гэхээр Монгол Улс энэ сүүлийн хорин жил ямар ч программгүй байсан. Энэ программыг оруулж ирээд баталсан боловч харамсалтай нь Засгийн газар дээр явсангүй ээ.

Зуун мянган айлын хөтөлбөр гэх зүйлд сумын хөгжил гэдэг асуудал орсон. Энэ нь нүүдлийг зогсоохын тулд сум руу анхаарал хандуулах байсан. Шинэ сумыг Канадын технологиор оруулж ирье гээд Канадын Засгийн газартай технологи худалдаж авах асуудлыг яриад явж байсан.

Хямралын үед банк, барилгын салбар нэлээд хүнд байсан. Үүн дээр Засгийн газар төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж удсан даа, хөөрхий минь. Санааг нь оруулснаас зургаан сарын дараа арай гэж баталсан. Ингээд 4000 айл байртай болсны 2000 гаруй нь гэр хорооллоос орон сууцанд шилжин орсон.

Одоо муу мэдээг нь ярья. Энд худлаа уянгалуулаад социализм санагдуулсан зүйл та нар сонсохгүй байх.

Хамтарсан Засгийн газарт ажилласан хугацаандаа бодож төлөвлөж, эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил эхнээсээ бодит зүйл болоод явж байгаа. Өөрийнхөө команд, өөрийнхөө хөрөнгө мөнгийг гаргаж, хамтарсан Засгийн газарт ажилласан. Гэхдээ анх Засгийн газар байгуулагдахдаа хэлж байсан гоё сайхан уриа энэ хугацаанд биеллээ олсонгүй. Ард түмний язгуур эрх ашиг гэж бид ярьдаг. Өнөөдөр ард түмний амьдрал ямар байгааг бид бүгдээрээ мэднэ. Би гэр хорооллоос гаралтай, хөдөөнөөс сонгогдсон гишүүн. Байнга энүүгээрээ орж гарч явдаг. Энэ тал дээр бол сонгууль дөхчихсөн байхад Засгийн газрын тэргүүн хөтөлбөр “82 хувийн биелэлттэй” байгаа гэж яриад, манай нам үүнийг нь дагаж намираад байх хэрэггүй юм. Хамтаръя гэдэг санаа нь өнгөн дээрээ тухайн үеийн хүнд асуудлуудыг зохицуулахын тулд байсан гэдгийг явцын дунд би ойлгосон.

Та бүхэн мэдэж байгаа. Түүхий эд гэдэг газрын баялгийг ямар ч улс орон хөгжихийн тулд боловсруулдаг. Боловсруулахын тулд Сайншандын боловсруулах аж үйлдвэрийн парк гэдэг төслийг өргөн бариад Засгийн газарт танилцуулсан. Энэ асар удаан шийдэгдсэн. Одоо хүртэл энэ ажил яваагүй. Яах ёстой вэ? Яагаад гэхээр ерөөсөө л түүхийгээр нь экспортлогддог байх ёстой гэж үзсэн. Түүхийгээр экспортлогдож байгаа нүүрсний эзэд нь хэн бэ гэхээр Хятадтай хамтарсан манай Монголын компаниуд. Энэ компаниуд өнөөдөр хоёр намаар дамжаад ороод ирсэн. Энэ үйл ажиллагааг бид өнгөрсөн гурван жилд бүгдийг нь хийж өгсөн. Төмөр замын бодлого 2010 онд батлагдахад 2007 онд нарийн царигтай төмөр замыг бариулахаар Засгийн газар бүх хууль дүрмийг зөрчөөд зөвшөөрлийг нь өгчихсөн байсан. Хэнд өгснийг та бүхэн бүгдээрээ мэднэ.

Язгуур эрх ашиг гэдэг зүйл үндсэндээ мартагдсан. MCS компанийн ажлыг энэ засагт байхдаа нэлээн хийж өглөө. Ингээд хамтарсан Засгийн газарт Ардчилсан намыг уриад уриалж оруулсан манай намын дарга маань яасан гэхээр байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэх тал дээр сүүлийн хоёр жилд олигтой хөдлөөгүй. Эхний нэг жил бид “бэрхийг туулах гэж байгуулагдсан Засгийн газар шүү” гэж ярьж, миний хувьд маш сэтгэл хөдөлж явж байсан. Бид долоо хоног болгон уулзаж, энэ тухайгаа ярьж хөөрдөг байсан. Яваандаа нөгөө бэрхийг туулдаг Засгийн газар маань алга болсон. Би энэ дээр оноо авах гээд намын дарга болох гээд байгаа юм ерөөсөө биш шүү. Ядаж нэг хүн энэ тухай ярья л даа. Сая яагаад хэвлэл, мэдээллийг танхимаас хөөгөөд гаргаж байгаа юм бэ? Дуртай цагтаа засагт яваад ордог, дуртай цагтаа ард түмнийхээ нэрийг барьж байгаад ҮЗХ-гээр шийдвэр гаргуулдаг, дургүйгээ хүрэхээр хэнтэй ч ярихгүй гараад явдаг байж болох юм уу?

Бүлгийн хурал өнгөрөгч даваа гарагт болсон. Энэ хурал дээр би “Намын дарга аа, та ядаж таван сайдтайгаа энэ асуудлаа зөвлөлдөөгүй юм уу” гэж асуусан. “Зөвлөлдсөн” гэсэн. Худлаа ярьсан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг гэж байгаа, гэтэл бүлэг дээр ч яриагүй байсан. Энэ нам чинь одоохондоо Хойд Солонгосын нам болчихоогүй байна. Бид 1990 онд ардчиллыг сонгохдоо, олонхийн тогтолцоотой, олон хүний саналаар шийдвэр гаргадаг намыг байгуулсан гэж бодож явсан. Урь өдөр нь С.Баярцогт, Ч.Сайханбилэг гишүүн бид гурав уулзаж, намын талаар ярьсан. Энэ хоёрт ямар ч ойлголт  байгаагүй, засгаас гарах тухай. Ийм л байдал болсон. Энэ байдлаараа цаашид ганцаарчилсан тоглолт хийдэг Н.Алтанхуяг байнга намын дарга байхгүй.

Энэ сонгуулийн хууль хоёр намд ашигтайгаар гарсан гэдгийг та бүгд мэдэж байгаа. Тэгэхээр дахиад хамтарсан Засгийн газар гарах магадлалтай. Тэр үед энэ Алтангадас гэдэг бүлэглэл чинь бас л гэрээгээр дайраад орно. Ингээд дуртайдаа сайд болдог, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг ийм хэдэн хүн энэ намыг толгойлоод явж байна. Энэ үнэн гэж би дотор нь байсан хүний хувьд ярьж буй юм. Үүгээрээ би нам хагалж байгаа хэрэг биш шүү, би бодит зүйлийг хэлж байна.

Хамгийн сүүлийн жишээ нь өнөөдөр энэ MCS гэж Хятадын тал нь 75 хувь байдаг хамтарсан компани өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийхээр оруулж ирж байна. Би баримттай юм ярьж байна. Өнөөдөр утааг орон сууцаар дэлхийн нийтэд шийдэж байхад Энэ MCS гэж компани “утаагүй зуух” гэж зүйл яриад оруулж ирсэн. Үүндээ МСС-ын 42 сая долларыг авсан. Эд утаагаар ингэж тоглож байна.

С.Ламбаа сайд сая илтгэлдээ эрүүл мэндийн салбар гэрэл гэгээтэй байгаа гэж ярьж байна. Үгүй шүү дээ, эрүүл мэндийн салбар ямар байгаа билээ, хүнд байгаа шүү дээ. Үүнийг гуравхан жилийн дотор сайжруулж чадахгүй л дээ. Гэхдээ энэ салбар хүнд байгаа нь утаатай холбоотой. Энэ утааг арилгахын тулд хамтарсан Засгийн газар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан шүү дээ. Хамгийн сүүлийн Засгийн газрын хурлаар яармагт хороолол барих гэсэн чинь Ц.Нямдорж гэдэг сайд “энийг бариулахгүй, энэ бол Х.Баттулгын компани” гээд энэ хөтөлбөрийн хамгийн гайгүй явж байгааг нь зогсоочихлоо. Төмөр замын тухайд Ц.Нямдорж сайд “чамайг төмөр зам барихыг чинь харна аа” гэж байгаа юм. Энэ сайд нар өөрсдөө зайсанд 1-2 сая долларын байшинд амьдарч байгаа шүү дээ. Гэтэл нөгөө 40 мкв-тай, 6 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хаа байна?

Би ҮЗХ-ийн гишүүдэд зориулж үүнийг яриагүй. Зурагтаар шууд гарч байгаа. Одоо сонгууль болох гэж байхад үүнийг ард түмэн сонсох ёстой. Уянгын халил 20 жил явлаа.

Манай яам энэ 70 жилийн гэрээн дээр саналаа өгсөн. Сангийн яам манай саналыг дарчихсан байна. Тэгээд чоно борооноор гэгчээр өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулах гэж байна. Энэ тогтвортой байдлын гэрээнд дан ганц MCS биш энэ компанийн бүх салбар нэгжүүд орно гэж байгаа юм. Одоо байгаа, ирээдүйд байгуулах энэ бүх компаниуд нь. Тэгээд тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийнэ ээ гэж байна. Бусад компаниуд нь Засгийн газрын хаанаас нь төрчихсөн юм бэ?

Одоо бид эргээд 90 он руугаа оржээ. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэж. Ийм л болчихсон байна. Нөгөө Рашаантын 18 хэвээрээ байна, гэр хорооллууд хэвээрээ. Бид хамтарсан Засгийн газарт ороод энэ асуудлуудыг багаар ч болов шийдэх юм болов уу гэж бодсон. Муу мэдээ маань энэ байна. Үүн дээр та нар санал нэгдэх болов уу.

Манай ҮЗХ-ийн гишүүд арай ч бүгдээрээ нөгөө тал руу орчихоогүй болов уу гэж би горьдож байна. Өчигдөр та нар хайрцаглагдсан байна. Ирцэн дээр ажилласан байна. ҮЗХ-ны гишүүн биш хүмүүсийг хуралд оруулж, санал хураалтад оруулсан байна. Ингэж яах гэсэн юм бэ?

Би үүнийг ухаантайдаа яриад байгаа юм биш. “Эдийн засгийн алуурчид” гэж энэ ном гадуур монгол хэл дээр хэвлэгдсэн гарсан байгаа. Үүнд уул уурхай гээд бидний баярлаад байгаа зүйлийг бүгдийг нь мөн чанараар нь биччихсэн байна. Та нар дөрөвхөн мөр уншаад үзээрэй. “Мянгыг хулгайлахын тулд хулгайчийн гар, саяыг хулгайлахын тулд үгссэн хуйвалдсан, тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулах хангалттай. Харин хуу хамахын тулд ганцхан үзэл суртал хэрэгтэй” гэж. Өнөөдөр манайд бүлэглэлүүд байгуулагдсан, хууль гаргаад эхэлчихсэн байгаа. Сая би 70 жилийн гэрээ гэж хэллээ. Үүнд Сангийн сайд тайлбар өгөх байлгүй. Харин хуу хамахын тулд үзэл суртал хэрэгтэй гэдэг дээр өнөөдөр Ерөнхий сайдын яриад байгаа 2030 онд нэг хүнд ногдох бодит орлого 60 мянган доллар болно гээд байгаа чинь үзэл суртал байхгүй юу. Тийм зүйл рүү зорьж байгаа юм шигээр байнга яриад байхаар нөгөө хүмүүсийн тэмцэх, бухимдах чанар байхгүй болдог. Тэгэхээр энэ үзэл суртал яваад эхэлчихсэн байна.  Ийм үед манай нам арай өөр баймаар байна. Хуу хамуулахгүйн тулд Ардчилсан нам минь сэрээч ээ. Намууд дамжсан бүлэглэлээс салах гэж оролдоод үзвэл яасан юм бэ, цөмөөрөө… За, баярлалаа”

Тэрбээр “Засгийн газар яагаад цаашид хамтран ажиллах боломжгүй” болсныг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хангалттай үндэслэлээр тайлбарлаж чадахгүй байгааг шүүмжилж байсан юм. Энэ удаад өөрийнх нь хийсэн мэдээлэл дээрх асуултад хариу өгч буй хэрэг биз ээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж