Ардчилсан Үндсэн хууль баталсны 20 жилийн ой маргааш тохионо. Энэ үйл явдалд Засгийн газраас онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд Ардын нам ч ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Учир нь 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан анхны ардчилсан Үндсэн хууль бөгөөд тухайн үед Үндсэн хуулийг батлалцсан 430 депатутын 70 гаруй хувь нь Ардын намын гишүүн байжээ. Тиймээс Ардын намынхан ардчилсан Үндсэн хуулийг батлалцахад гар бие оролцож явсан депутатуудаа өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, дурсамж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. “Ардчилсан Үндсэн хууль-20” дурсамж хэлэлцүүлэгт Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ц.Сүхбаатар нараас гадна Ардчилсан Үндсэн хуулийг батлахад томоохон үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар хүрэлцэн ирж Ардын их хурлын депутатуудтай хөөрөлдөн, цаашид хийх гэж буй зүйлээ танилцуулсан юм. Хэлэлцүүлгийг нээж Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ “Ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш 20 жил өнгөрчээ. Та бүхэн ард түмнийхээ итгэлийг даан хүлээсэн үүргээ нэн хариуцлагатайгаар биелүүлсэн гэдгийг итгэл төгс хэлмээр байна. Та бүхэнд хойч үе тань баярлан, бахархаж байна. Та бүхний баталсан ардчилсан Үндсэн хууль бидний амьдралд өөрчлөлт, дэвшлийг авчирсан. Тухайлбал, бид хувьдаа газар, орон сууцтай болсон байна. Хүссэн үедээ гадаад руу чөлөөтэй явах боломжтой боллоо. Наймаа хийхийг гэмт хэрэгт тооцдог байсан бол энэ нь ариун цагаан хөдөлмөр болж. Хөдөлмөрч бол хэнээс ч дутахгүйгээр сайхан амьдрах үндэс нэгэнт бүрджээ. Өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ардчилсан зарчмаар сонгодог, бас хариуцлага тооцдог болсон байна. Зөвхөн дарга нар л машин унадаг байсан бол өнөөдөр 5-6 өрх тутмын нэг нь хувьдаа машинтай болжээ. Энэ боломжийг бидэнд нээж өгөхийн тулд та бүхэн их хөдөлмөр зарцуулжээ” хэмээхэд танхимд хуран чуулсан Ардын их хурлын депутатуудын заримынх нь нүдэнд нулимс цийлэгнэж, алга нижигнэтэл ташиж байлаа. Удаан уулзалдаагүй журмын нөхөдтэйгээ намынхаа ачаар нэг дор цугласан депутатуудын баяр дээр баяр нэмж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл УИХ-аас АИХ-ын депутатуудын амьдрал ахуйд нь тус дэм болох үүднээс тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг дуулган, хуучнаа дурссан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Та нартайгаа уулзахад сайхан байна. Бидний баталсан Үндсэн хууль үнэхээр суурь сайтай хууль болсон гэдгийг хэлмээр байна. Тиймээс та бүхний хойч үедээ өвлүүлсэн Монгол Улс, бүтээсэн гавьяа асар их байгаа” хэмээсэн юм. Тэрбээр Ардын их хурлын 15 дугаар тойргийн депутат байснаа дурсаж, тэр үед Үндсэн хуулийг батлуулахын тулд ямар их бэрхшээлтэй тулгарч давж туулснаа журмын нөхөдтэйгөө хөөрөлдөж, дурсамжаа сэргээсэн билээ. Энэ үеэр Ардын их хурлын 42 дугаар тойргийн депутат, бүлгийн дарга асан Б.Даш-Ёндон хүрэлцэн ирсэн депутатуудаа төлөөлөн намынхаа удирдлагуудад хандан “Бид бүхнийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж байгаад тань талархаж байна. Бидний өвлүүлсэн түүхийг хойч үе маань нэр төртэйгөөр үргэлжлүүлэн бичиж байгаагаар их бахархдаг. Тухайн үед бид ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа Монголын иргэн бүрийн саналыг авч оюун санааны шинэчлэл хийсэн гэж үздэг. Түүнээс хойш 20 жил өнгөрчээ. Бидний дундаас олон ч гавьяатнууд төрсөн дөө. Харин одоо бид хөгширсөн байна. Зарим маань бурхан болжээ. Гэхдээ тэд биднийг буруу сонголт хийгээгүй гэдгийг харж байгаа байх. Бидний түүхийг үргэлжлүүлэн бичиж яваа залгамж халаа маань бидний баталсан Үндсэн хуулийг цаашид дордуулахгүйгээр авч явна гэдэгт итгэлтэй байна” хэмээхэд депутатууд түүнийг дэмжиж байв. Тухайн үеийн Ардын их хуралд есөн эмэгтэй гишүүн байжээ. Тэдний хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч үлдсэн долоо нь дурсамж хэлэлцүүлэгт хүрэлцэн иржээ. Тэд бол Д.Мөнхөө, Т.Жагай, Ж.Даваабал, О.Долгорсүрэн, Д.Чулуун, Д.Баасанхүү, Э.Энхтуяа нар юм. НАМЭХ-ныхон уржигдар тэднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн бөгөөд хүндэтгэлийн ёслолд тус холбооны гишүүдээс гадна их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцож мөн хүндэтгэл үзүүлсэн аж. Ардчилсан Үндсэн хууль баталсны 20 жилийн ойг Ардын намынхан хүндэтгэл, дурсамж, хэлэлцүүлэг дүүрэн өрнүүлж байна.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин