Ерөнхий сайдыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг дэмжиж байна

Шатахуун импортлогчдын “халдашгүй”
дархан эрхэд хал­даж, иргэдийнхээ талд зогсох алхам хийсэн Ерөнхий
сайдыг дэмжиж байна. С.Батболд хэ­дий­гээр бизнесийн салба­раас гаралтай
ч эдүгээ гүйцэт­гэх засаглалын тэргүүн гэд­гээ ухамсарлаж, ард түм­ний
нийтлэг эрх ашгийг нэг­дүгээрт тавьж байгаа нь сайн хэрэг. Тэрбээр
УИХ-ын 2008 оны сонгуулийн өм­нөхөн Тавантолгой дахь  хувиа С.Баярын
шийдвэрээр төрд хураалгаж байсан бол өнөөдөр төрийн нэрийн өм­нөөс
С.Баярын болон нийт шатахуун импортлогчдын биз­нест халдахаар шийдсэн нь
энэ. Иргэдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй төрөөр яах билээ. Тиймээс
С.Батболд хувийн өмчөө төрдөө өгч чадсан шигээ бизнес эрхлэгч найз
нартаа хатуурхан шатахуун импортлох эрхийг төрийн мэдэлд авах нь. Энэ
бол ард түмний эрх ашиг улстөрчийнхөөс дээгүүр байх учиртайг харуулсан
маш зөв алхам. Нохой явган гахай нүцгэн ард түмнийхээ талд зогсож
олигархуудад төрийн төмөр нударгыг үзүүлэх гэсэн түүний зориг бүү мохог.

Одоогоос дөрвөн жи­лийн өмнө УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө мөн л
шатахууны үнэ тэн­гэрт хадчихаад байхад ту­хайн үеийн Үйлдвэр,
худал­даа­ны сайд Х.Наранхүү “Рос­нефть”-ийн ерөнхийлөгч
С.Бог­дан­чиковт захиа бичсэн, нууц хэ­лэлцээр хийсэн гэх асуудал
дуулиан тарьж билээ. Уг хэлэл­цээрт Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний
жижиглэн худалдааны зах зээл дэх үйл­чилгээний чанарын тогт­вор­той
байдлыг хангах та­лаар ОХУ-ын “НК Роснефть” нээлттэй хувьцаат
нийгэмлэгийн охин компани “PH Монголиа” ХХК-д 100 ширхэг ШТС-ын сүлжээ
болон нефть бааз байгуулахад зориулан газар олгох үүргийг Монголын
Засгийн газар хүлээсэн байлаа.

Ингэхдээ “PH Монголиа” ХХК-ийн бөөний болон жижиглэнгийн борлуулалтад
эз­лэх хувь Монголын дотоодын зах зээлийн 10 хувиас хэтрэхгүй байхаар
заажээ. Мөн нисэх буудлуудад агаарын хөлгийг түлшээр цэнэглэх Орос,
Монголын хамтарсан компани байгуулж, үүнд “НК Роснефть” нээлттэй
хувьцаат нийгэмлэгийн оролцоо 50+1 хувь байхаар санал оруулсан байдаг.
Эцэст нь “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг нь үнийн өсөлт
тогтворжуулсан түвшнээс 20 хувиас илүүгүй өссөн тохиолдолд нефтийн
бүтээгдэхүүнийг зургаан сарын турш тогтворжуулсан үнээр Монголд
нийлүүлэхээр тусгасан байв. Тогтвортой байх заалт нь  2008 оны нэгдүгээр
сараас долоодугаар сар хүртэлх цаг хугацааг хамаарч байсан учир яах
аргагүй сонгуультай, улс төртэй холбоотой болж хардлагын бай болсон юм.
Сонгууль дуустал нефтийн үнийг түр тогтворжуулсан ядмагхан аргад
Монголдоо л монополь эрхтэй, үндэсний шатахуун импортлогчид бухимдсандаа
галзуурах шахаж байв. 

Харин хэргийн эзэн, хэлэлцээрт гарын үсэг зурах үүрэг хүлээсэн
Х.Наранхүү дуулианы дараа сонгуульд ялалт байгуулсан. Тэрбээр хожим нь
“Манай нефть импортлогчид “Роснефть”-ээс л авдаг шүү дээ. Энэ бол цэвэр
эдийн засгийн л асуудал. Манай зах зээл, хэрэглэгчдэд хэрэгтэй. Хэвлэл
мэдээлэл улстөржүүлсэн болохоос  биш, миний хувьд буруу зүйл хийсэн гэж
боддоггүй. Хүмүүсийн сэтгэлд тийм байдлаар үлдсэн бол улстөржүүлсний л
сөрөг нөлөө” хэмээсэн билээ. Ингээд Монголын нефть имптортлогчид боож
үхэх бор шидэмс хайж байсан нэгэн явдал улс төрийн халуун салхинд
замхран одсон.

Өнөөдөр “Монголын цөөн монополь компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмсээр
даварч байна” гээд жолооч нар төдийгүй нийт ард түмэн жагсахдаа тулаад
байна. Саяхан Нигерт шатахууны үнийг нэмснээс болж ажил хаялт өрнөсөн
байна билээ. “Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг” гэдэг энэ. Монголд
бизнес эрхэлдэг, олон жилийн харилцаа холбоотой байдаг оросууд ярихдаа
“Бид заавал энэ салбарт ноёрхох ёстой гэж боддоггүй. Хятад, Орос, өөр
ямар ч оронтой өрсөлдөж болно шүү дээ. Монголын хувьд одоогоор нефть
импортлогчдын өрсөлдөөн нь ямар ч идэвхгүй, шал худлаа харагддаг” хэмээн
шулуухан хэлж байна.

Ер нь Ерөнхий сайд нефть импортлох эрхийг төрийн мэдэлд авснаар зөвхөн
шатахуун импортлогч үндэсний компаниудаас иргэдийг авраад зогсохгүй
гаднын хараат байдлаас ч давхар хамгаалж байгаа хэрэг. Өнгөрсөн оны
зургаадугаар сард “Роснефть”-ийн ерөнхийлөгч Э.Худайнатов Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржид захидал ирүүлсэн талаар дуулиан дэгдсэн. Гэвч тухайн үед
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн уг мэдээллийг
няцаасан. Сүүлдээ тэр захиа нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд
Д.Зоригтод ирсэн болж таарсан юм. Харин яг одоо Гадаад хэргийн сайд
Г.Занданшатар БНХАУ-аас шатахуун гуйж яваа. Оросын зарим хэвлэлд
“Оросууд Монголоор дамжуулан Хятад руу зөөдөг нефтийн хэмжээгээ  сая сая
тонноор нэмсээр байгаа. Гэвч Монголын тал дамжин өнгөрүүлэх болон төмөр
замын ачаа тээврийн үнээ нэмэх зэргээр саад учруулсаар байна” хэмээн
бичсэн нь анхаарал татсаар байгаа.

Үнэн хэрэгтээ Орос, Хятадын хэн нь ч “Монголд хайртай” гэж байвч эцсийн
үр дүнд тус улсын эрх ашиг л хамгийн гол шалгуур үзүүлэлт. Үүнийг яаж ч
нуугаад нэмэргүй. Нигер шиг ажил хаялтаар шатахууны үнийн өсөлтийг
зогсооно гэвэл байдал бүр ч дордож, “турж үхэх” биз. Улс төр, эдийн
засагт ч гэсэн туйлын зөв шийдвэр гэж байдаггүй. Гэвч энэ удаа “Ерөнхий
сайд зөв хөдөлсөн” гэдэгт итгэж байна.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж