Барилгуудыг паспортжуулах ажлыг дуусгана

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Барилгуудыг паспортжуулах ажлыг дуусгана

Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын ахлан ажилладаг Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн 2012 оны 1 дүгээр хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.  Хуралдаанаар байнгын ажиллагаатай зөвлөлийн 2011 оны хийсэн ажлын тайланг хэлэлцэж, 2012 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.

2011 онд Нийслэлийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг шинэчлэн боловсруулах, шаардагдах тоног төхөөрөмж авах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 15 хүний бүрэлдэхүүнтэй инженерийн баг ажилласан байна. GIS мэдээллийн санг үүсгэн, хээрийн хэмжилтийн талбайг сонгож, Улаанбаатар хотын хөрсөнд 5000 гаруй удаагийн өрөмдлөгийн мэдээллийг үндэслэн бичил мужлалын зургийн өгөгдөл болгон ашигласнаар хөрсний хурдасны хил заагийг нарийвчлан тогтоож, 1:10000 масштабт хөрвүүлсэн тодотгосон зураг хийгдэж байна. Мөн барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийн чадварыг үнэлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2010 онд авсан 4 ширхэг газар хөдлөлт бүртгэх нүүдлийн GSR-24 загварын станц дээр нэмж Zond-12 газрын хурдасны үе давхарга, усны түвшин тодорхойлох зэрэг багажаар нэмэгдүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, Засгийн газрын 195 дугаар тогтоолоор 1,9 тэрбум төгрөгийг Шадар сайдын төсвийн багцад тусгаж шийдвэрлсэн тул дээрх багажнаас гадна хана болон хучилтын хавтангийн хотойлт хэмжигч электрон багаж, электрон теодолит авч, хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Эдгээр багаж, тоног төхөөрөмжийн ашиглалт, зориулалтын тухай Орон сууц өмчлөгчдийн холбоод болон иргэдэд тодорхой мэдээлэл хүргэж, барилгын бат бэхийн чанар, аюулгүй байдлыг хангаж, оршин суух, эзэмшиж амьдрахын чухлыг сурталчилсан байна.

Барилга газар хөдлөлтийн чичирхийллийг тэсвэрлэх байдал, чанарыг тодорхойлоход шаардагдах багаж, төхөөрөмжийг нэмэгдүүлж нийслэлийн нийт барилгыг паспортжуулж дуусгах ажлыг 2011-2013 онд хийж дуусгахаар төлөвлөсөн ч энэ удаагийн хуралдаан дээр Шадар сайдын үүрэг болгосноор 2012 ондоо багтааж дуусгахаар төлөвлөлөө. Нийслэлийн барилга байгууламжийн чанар насжилтыг тодорхойлох ерөнхий судалгаанд газар хөдлөлтийн арга хэмжээ тооцоогүй 1961 оноос өмнө баригдсан 152 барилга, 1961-1973 онд баригдсан 126 барилга, 1973-1987 онд баригдсан 89 барилгыг тоолж бүртгэн, хяналтад авсан, нийтийн зориулалттай 24560 барилга, байгууламжтайгаас 2005 хүртэл баригдсан орон сууцны 1001 барилга бүртгэлд хамрагдсан байна. 2011 онд паспортжуулалт хийх 42 барилгын жагсаалтыг гаргаж, хэмжилт явуулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Эдгээр барилгуудад Сонгинохайрхан дүүргийн 48-1, 27, батлан хамгаалахын 30, 1, 2-60, 5, 4, 30 дугаар байрууд, Баянгол дүүргийн 27, 60, 45, 6а бичил хорооллын 27 дугаар байрууд, Хан-Уул дүүргийн 3, 31, 1, 63, Солонго Ай, 50 дугаар байрууд Сүхбаатар дүүргийн 21, 29, 27, 40, 3, 26а 26, 47, 26, 2а байрууд, Чингэлтэй дүүргийн 19, 14, 3, 32 дугаар байрууд, Баянзүрх дүүргийн төмөр замын-6, 62, 11, 48а, 2, 7а, 22а, ус сувгийн 15, Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, 5 дугаар байруудад тус тус газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргасан болно.

Дээрх 42 барилгаас I хорооллын 27, 4 дүгээр байрууд, Баянгол дүүргийн 45, Сүхбаатар дүүргийн 3 дугаар байруудад чичирхийлэл хэмжигч багажийг суурилуулж, хэмжилт хийж, гаргасан дүгнэлтийг экспертүүдийн баг баталгаажуулж, улмаар тухайн барилгыг буулгах, шинээр өргөтгөх асуудлыг хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна. Хот суурин газрын төвлөрөл, дэд бүтэц, газар зохион байгуулалтын зэрэг нөлөөллөөс шалтгаалан хотын дуу чимээ, цахилгааны эх үүсгэвэр, хэтийн төлөвийг үндэслэн Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Архангай, Өмнөговь, Булган, Ховд айиагт байрлах 7 станцын байрлалыг 15-50 км газарт нүүлгэн шилжүүлсэн, Тосонцэнгэл, Алтай, Өлгийн станцын барилгын аянга зайлуулагчийг шинээр хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар газар хөдлөлт бүртгэх, нүүдлийн өргөн зурвасын 60 станц, дэлхийн соронзон орны өөрчлөлтийг хэмжих 999 станцыг суурьлуулсан, эхний мэдээлэл хүлээн авч, анхан шатны боловсруулалт хийгдэж байна.

Хуралдааны төгсгөлд байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга, Монгол Улсын Шадар сайд 2012 онд анхаарч ажиллах дараах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллахыг зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо. Үүнд:

  • Төлөвлөгөөнд заагдсаны дагуу 2012 онд хүн ам ихээр төвлөрсөн газруудад онцгой анхаарал хандуулах, тэр дундаа гамшиг тохиолдсон үед 5-10 мянган хүнд үйлчилгээ үзүүлэх цэргийн нэгдсэн эмнэлэгийн өргөтгөлийн ажлыг яаравчлуулах
  • Төрийн ордны гамшгийн эрсдэлийн үнэлгээг яаралтай шинэчлэн хийлгүүлэх
  • Хямралт байдлын үед дагаж мөрдөх хуулийн төслийг боловсруулах ажлыг шуурхайлах
  • ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан хүрээнд ТВ-ийн бичил сургалтын программуудыг санаачлан цацах 
  • Амжиж анхааруулах тогтолцоог сайжруулах арга хэмжээний төсөв мөнгө шийдэгдсэний дагуу нэгдсэн график төлөвлөгөө баталж, ажлын хэсэг байгуулах
  • Өдөр тутам ажиллах байнгын үйл ажиллагаатай ажлын хэсгийг Шадар сайдын дэргэд ажиллуулах
  • Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллгаатай зөвлөл 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд ажлаа тайлагнах тул бэлтгэл ажлыг хангуулах

МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРТ 2011 ОНД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЦАГИЙН БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Ерөнхий тойм: 2011 онд Монгол орны газар хөдлөлтийн идэвхжил, аюулын үнэлгээ, дэлхийн гүний тогтоцын судалгааны хүрээнд газар хөдлөлтийг бүртгэх, судалгаа үнэлгээ хийх Одон орон, геофик судалгааны төвийн Монгол орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 106 станцын ажиглалтаар 340Gb хэмжээтэй мэдээллийг бүртгэн боловсруулалт хийн ажилласан байна.  

Дэлхийн газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутгуудаар болсон хүчтэй болон хүчтэйвтэр 3857 удаагийн, Монгол орны нутаг дэвсгэрт болон хил орчмын бүс нутагт болсон сул болон хүнд мэдрэгдэм хүчтэй 24593 удаагийн ойрын газар хөдлөлтийг бүртгэн боловсруулалт хийсэн.

Мөн манай улсын нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутгуудад идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 3697 удаагийн тэсэлгээг бүртгэн авч тодорхойлсон. Эдгээр газар хөдлөлт болон уул уурхайн тэсэлгээнээс үүссэн 108058 чичэрхийлэлийн догионы /сейсмик фаз/-ийн мэдээллийн орон зай, цаг хугацаа, газрын гадаргуугийн байршил зэргийг тогтоож, мэдээллийн санг баяжуулсан.

2011 онд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт болсон газар хөдлөлтүүдийн тархалтаас үзэхэд тектоникийн хөдөлгөөний шахалтын нөлөөнд оршиж буй Монгол Алтай, Говь-Алтайн нурууны газар хөдлөлтийн идэвхижилт өндөр байгаа нь ажиглагдсан. Ялангуяа 1970 онд магнитуд 7.0 хүчтэй газар хөдлөлт болж байсан Үүрэг нуурийн бүс нутагт идэвхижилт урьд онуудыхаас илүүтэй явагдлаа. Тус бүс нутагт байдаг Үүрэг нуур болон Булнайн хүчтэй газар хөдлөлтийн голомтууд нь Хяргас нуурын орчмоор холбогдож байгаа нь тодорхой харагдсан. Үүний зэрэгцээ Үүрэг нуурын голомтод бүсийн үргэлжлэл болох Саяаны нуруунд (ОХУ-ын нутагт) хүчтэйвтэр газар хөдлөлт 3 удаа болсон нь Увс аймгийн төв болон зарим сумдад мэдрэгдсэн байна.

Магнитуд 3.4-с дээш газар хөдлөлт болсоны дараа ООГФСТөв шуурхай мэдээлэл боловсруулан, ОБЕГ-ын Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвд интернэт хаягаар шууд дамжуулдаг болсон бөгөөд тухай бүр нь орон нутгийн удирдлагуудтай холбоо тогтоож, нөхцөл байдлыг тодруулж ажилладаг, харьцангуй газар хөдлөлтийн гамшгаас орон нутагт хохирол учраагүй болно.

Нийт дүн бүртгэлээс магнитуд 3.4- дээш 50 тохиолдол бүртгэгдсэнээс ОХУ-ын нутаг дэвсгэрт 6 удаа, манай орны 15 аймгийн нутаг дэвсгэрт М3,0 дээш хүчтэй газар хөдлөлтийн 44 тохиолдол бүртгэгдсэнээс Баянхонгор аймагт 9 удаа, Хөвсгөл аймагт 7 удаа, Өмнөговь, Увс, Говь-алтай аймагт 4 удаа, Баян-өлгий, Дорноговь аймагт 3 удаа, Ховд, Өвөрхангай аймгийн нутагт 2 удаа, бусад Хэнтий, Архангай, Завхан, Дорнод, Булган, Дундговь аймаг зэрэг 6 аймгийн нутаг дэвсгэрт тус бүр 1 удаа хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүнээс 12 тохиолдол нь хилийн гадна болжээ. Эдгээрээс М<4 магнитудаас дээш газар хөдлөлт 24 удаа, үүнээс Улаанбаатар хотод 3 тохиолдол нь хүчтэй мэдрэгдсэн. Үүнд:

1. 1 дүгээр сарын 12-ны өдрийн шөнийн 01:12:цагт ОХУ-ын БНБуриад улсын Чита хотоос зүүн хойд зүгт 723 км-т, магнитуд 5.1,

2. 8 дугаар сарын 27-ны өдрийн 18:29 цагт Өмнөговь аймаг, Ханхонгор сумаас зүүн хойд зүгт 28 км-т, магнитуд 5.8,

3. 12 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 23:21 цагт, ОХУ-ын БНТува улсын Кызыл хотоос зүүн зүгт 99 км-т, магнитуд 6.7 хүчтэй болсон газар хөдлөлтүүд нь манай нутаг дэвсгэрийн 3-5 аймгийн нутагт 1.5-2 минут орчим хугацаатай чичирхийлэл тархаж, мэдрэгдсэн байна.

2011 оны эхний 12 сарын байдлаар Улаанбаатар хот болон түүний орчмын идэвхижилтын бүс нутагт нийтдээ 248 газар хөдлөлт боллоо. Энэ нь 2009, 2010 онуудынхтай харьцуулбал 2-2,5 дахин буурсан үзүүлэлт гарч байна Тус идэвхжилтийг хүчний хувьд ангилж үзвэл магнитуд нь 2-той 30, 2.5-тай 8, 3 ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 1 удаа болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж