Чилид газар хөдөлсний дараа зэсийн үнэ өмнө байгаагүйгээр өслөө | News.MN

Чилид газар хөдөлсний дараа зэсийн үнэ өмнө байгаагүйгээр өслөө

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Чилид газар хөдөлсний дараа зэсийн үнэ өмнө байгаагүйгээр өслөө

Зэсийн олборлолт, нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Чили улсад газар хөдлөлт болсон мэдээ тархангуут дэлхийн хөрөнгийн биржүүд дээр зэсийн үнэ огцом өслөө. Хэдийгээр зэсийн үнэ сүүлийн 45 хоногийн турш харагдаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа ч шинжээчид энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй гэж мэдэгдэж байгаа юм.

Зэсийн хуримтлал одоогийн байдлаар сүүлийн зургаан жилийн байдлаар хамгийн их хэмжээтэй хүрээд байгаа учир зах зээлийн нийлүүлэлт ойрын үед тасалдахгүй гэх таамаглал байгаа. Лондоны “Barclays Capital” байгууллагын металлын зах зээлийн шинжээч Кевин Норриш “Чилийн газар хөдлөлт хүн төрөлхтний хувьд асар их хор хөнөөл учруулаад байгаа ч зах зээлийн хувьд зэсийн олборлолт болон экспортод төдийлөн нөлөөлж чадахгүй” хэмээн хэлж байна.
Түүний хэлж буйгаар зэсийн гол орд газрууд газар хөдлөлтөд өртөөгүй ч эрчим хүч, тээвэрлэлтийн дэд бүтцэд бага зэрэг асуудал үүсч буй аж.
Өчигдөр өглөөний арилжаагаар зэс худалдан авалт ихээр нэмэгдсэн байна. Лондоны металлын бирж дээр гурван сарын урьдчилсан гэрээт зэсийн үнэ 5,6 хувиар өсч, тонн нь 7600 ам.доллар болсон байна. Харин удалгүй үнэ бага зэрэг буурч, тонн нь 7405 ам.доллар болжээ.
Газар хөдлөлт төрийн өмчит “Codelco” компанийн дунд хэмжээний дөрвөн уурхайд хохирол учруулсан байна. Эдгээр уурхай Чилийн нийт олборлолтын 20 хувийг эзэлдэг ажээ. Гэхдээ “Codelco” эдгээр уурхайн үйл ажиллагаа эргэн хэвэндээ орж байгаа гэж мэдэгдсэн бол тус улсад үйл ажиллагаа явуулдаг “BHP Billiton” болон “Rio Tinto” зэрэг компаниуд ямар нэг хохирол амссан тухай мэдээлээгүй байна.

Э.Очирт

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж