Япон АНУ-ын ятгалгад оров

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Япон АНУ-ын ятгалгад оров

АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Тимоти Гейтнерын Япон дахь айлчлалын дараа Сангийн сайд Жун Азуми Иранаас импортолдог шатахууны хэмжээг эрс бууруулах болсноо мэдэгдлээ. Тегераны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, тус улсын эсрэг эдийн засгийн хоригийг чангатгахыг АНУ Японд ятгасан. Япон Иранаас импортолдог шатахууныг 10 хувиар бууруулна гэж Жун Азуми Тимоти Гейтнертэй уулзсаны дараа хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хийжээ. Японы Сангийн сайд Жун Азуми Тимоти Гейтнертэй зэрэгцэн зогсч байхдаа “Сүүлийн таван жилийн хугацаанд Япон улс Иранаас импортолдог шатахууны хэмжээг 40 хувиар бууруулсан. Цөмийн зэвсэг үйлдвэрлэх асуудал бол олон улсад хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл. Тиймээс бид Ираны эсрэг АНУ яагаад энэ арга хэмжээг авч буйг ойлгож байна” гэжээ. АНУ Иран улсын банк санхүүгийн системийг боомилж, газрын тосноос олох орлогыг нь хаахаар оролдож байгаа юм. Япон шатахууны импортыг бууруулах болсноор Ираны эсрэг эдийн засгийн хоригоо чангатгаж, санхүүгийн эх үүсвэрийг нь хаах АНУ болон холбоотон өрнөдийн орнуудын оролдлого дахин нэг шат ахиж байгаа юм. Хятадын эрх баригчдыг Ираны эсрэг турхирах гээд дийлээгүй Тимоти Гейтнерийн Японд хийсэн айлчлал ийнхүү бага ч болов үр дүн авчирчээ. Ираны эсрэг хориг тавихад нэгдэхийг уриалсан Тимоти Гейтнерт Бээжин татгалзсан хариу өгч, экспортын шатахуунд хориг тавьснаар Ираныг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулж чадахгүй гээд тус улсын эсрэг дахин хориг тавихыг эсэргүүцжээ. Хятад хэрэглээний шатахууны тал хувийг Иранаас импортолдог. Энэ нь Ираны шатахууны экспортын гуравны нэг хувь нь юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж