Валентино Росси зодог тайлах тухай ам алдав

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Валентино Росси зодог тайлах тухай ам алдав

Мотоциклийн тойрог замын уралдааны тэргүүн ангилал MotoGP-д долоон удаа түрүүлж, дэлхийн аварга болж байсан Италийн нисгэгч Валентино Росси 2014 оны улирлын дараа зодог тайлахаар бодох болсон тухайгаа ярьжээ. Харин спортын замналаа өндөрлүүлэхийн өмнө тэрбээр “Ducati” багтаа амжилт авчирч, одоо байгаа гэрээгээ сунгахыг хүсч байгаа ажээ. “Ducati” багтай байгуулсан гэрээнийх нь хүчин төгөлдөр хугацаа 2012 оны улиралд дуусгавар болох юм.

Хамгийн сүүлд 2009 онд MotoGP-д түрүүлсэн тэрбээр “Би Ducati-тай дахин хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулахыг хүсч байна. Магадгүй сүүлийн удаа шүү дээ. Харин үүний дараа би өөрийнхөө хүслээр амьдрах болно. Би энэ багтайгаа хамт цом өргөхийг хүсч байна. Тэгээд л зогсоно доо” хэмээн ярьжээ.

Валентино Росси “Honda” болон “Yamaha” багт уралдаж, 2001-2005 онд хооронд тасралтгүй таван жил, дараа нь 2008 болон 2009 оны улиралд MotoGP ангиллын аварга болсон билээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж