Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд болж, нийслэлийн Засаг даргын 370 тоот захирамжийг хууль бус хэмээн үзсэнээр “Алтай констракшн”-ы талд шийдвэр гарч байсан юм. Гэвч шүүхийн шийдвэрийг Хан-Уул дүүргийн иргэд эсэргүүцэж, гомдол гаргаснаар гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хурал болсон нь өнөөдрийн хурал байсан юм.
Сануулахад, “Алтай констракшн” компани хотын дарга Г.Мөнхбаярыг шүүхэд өгөх болсон үндэслэл нь газрын маргаантай холбоотой юм. Өнгөрсөн 2011 оны хавар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын хажууд байрлах 0.9 га газарт “Алтай констракшн” ХХК орон сууц барих ажил эхлүүлсэн байдаг аж. Гэвч оршин суугч, дүүргийн ИТХ-ын гишүүдийн хүсэлтээр Засаг дарга Г.Мөнхбаяр 370 тоот захирамж гарган, тус компанийн дээрх газрын зөвшөөрлийг цуцалснаар талуудын хооронд маргаан үүссэн юм. Өөрөөр хэлбэл, “Алтай констракшн” ХХК 2000 онд иргэн н.Лигдэнгээс 71.8 метр квадрат газрыг худалдан авч, 2004 онд уг газраа өргөтгөн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 4000 метр квадрат газар авсан байдаг аж. Улмаар 2010 онд уг газраа 9000 метр квадрат буюу 0.9 га газар болгон, орон сууц барих ажил эхлүүлжээ. Үүнийг нэгдүгээр хорооны оршин суугчид эсэргүүцэж, тэмцэл өрнүүлсэн байдаг аж.