Н.Алтанхуяг: ҮЗХ хэд ч хуралдаж мэднэ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: ҮЗХ хэд ч хуралдаж мэднэ

АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар сая сэтгүүлчдэд өчигдөр болсон ҮЗХ-ны 35 дугаар хурлын талаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга Н.Алтанхуяг ҮЗХ-ны хуралдаанаар тус нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах тухай асуудлыг хэлэлцэж гишүүд санал нэгтэйгээр батлан тогтоол гаргасан талаар мэдээлэв. АН түүхэн үүргээ гүйцэтгэж, ард түмэн, эх орныхоо төлөө, эх орны хөгжлийн суурийг тавихын төлөө хангалттай сайн ажилласан гэж ҮЗХ-ны гишүүд дүгнэсэн байна. АН хамтарсан Засгийн газарт орсноор улс төрийн сөргөлдөөнийг намжаах, байгалийн баялгийг Эрдэнийн хувь, хувьцаа хэлбэрээр бүх иргэддээ үнэгүй эзэмшүүлэх, дэлхий дахиныг хамарсан банк, санхүүгийн хямралыг харьцангуй хохирол багатайгаар даван туулах, сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх, иргэний ухаалаг үнэмлэх, санал тоолох машин зэрэг сонгуулийн шударга тогтолцоог хангах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутагт төсвийн бодитой эрх мэдлийг шилжүүлэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоог нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон асуудлаар дорвитой алхам хийсэн нь сайн тал байсныг АН-ын дарга тэмдэглэсэн юм.

Хамтарсан Засгийн газарт орсноор гарсан алдаануудыг мөн нэрлэв. АН Засгийн газрын бүрэлдэхүүнд орсноор ардчиллын үнэт зүйлс бүдгэрэх, нийгэмд шударга бус байдал даамжирч, ард түмний амьдрал улам дордож, хууль хяналтын байгууллагын шинэчлэл, авлига хээл хахуултай хийх тэмцэл зогсонги байдалд орж, шударга ёсыг тогтоох ажилд ахиц дэвшил гараагүй, зарим томоохон ажлын санхүүжилт удааширсан зэрэг дутагдал өнгөрсөн жилүүдэд харагджээ.

Сонгууль дөхсөн тул хамтарсан Засгийн газраас гарч ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, иргэд сонголтоо хийхэд дөхөм болгохоор АН-ын удирдлага шийдсэн байна. Мэдээлийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ҮЗХ-ны гишүүд АН-ын даргыг ширүүн шүүмжилснийг хэрхэн хүлээж авсан бэ?

Н.А: -Хүлээж авах бүх шүүмжлэлийг хүлээж авч байна. Ганц өчигдөр ч ингэсэн биш. Хэтэрхий нээлттэй байна гэж зарим гишүүн шүүмжилсэн. АН бол угаасаа нээлттэй, ил тод нам.

-ҮЗХ дахин хуралдах уу?

-Сонгууль дөхөж байгаа учраас ҮЗХ хэд дахин ч хуралдаж мэднэ. 

-Сайд, дэд сайд нарыг бүгдийг эгнүүлж зогсоож байгаад асууж, шүүмжилсэн. Аль шүүмжлэлийг хүлээж авах, алийг авмааргүй санагдсан бэ?

-Сайд, дэд сайд нарыг байцааж, хэлж ярьж байгаа нь АН-ын давуу тал юм. Сайд нар хийсэн ажлаа сүрхий ярьж хамгаалсан.

-MCS-ийн төсөл Засгийн газраар орж байгаа нь АН-ыг засгаас гарахад нөлөөлсөн үү?

-Өчигдрийн хурлаар энэ тухай яриагүй. Би өнөөдөр 14.00 цагаас хойш тэргүүн шадар сайд байхаа болино. Намайг энэ албанд байх үед энэ асуудал яригдаагүй.

-УИХ-ын дэд дарга, байнгын хороодын дарга нарын асуудал хөндөгдөх үү?

Ч.С: -ҮЗХ дээр засгаас гарах тухай яригдсан. УИХ-ын асуудал яригдах эсэхийг мэдэхгүй. АН засгаас гарах байр сууриа илэрхийлснээс хойш долоо хонож байна. Энэ хооронд бензин шатахууны үнэ өсөх зэргээр их үйл явдал боллоо. МАН-ынхан энэ бүхнийг АН-аас болсон мэтээр хэтэрхий их мэдээллээ. Бид бол “Баярлалаа, баяртай” гэсэн. МАН-ынхан “Харамсч байна, ханилж яваад нөхрөө” гэх зэрэг олон зүйл ярилаа. Бид нөгөө тал руу чулуу шидээгүй. “Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана” гэж үг бий.

-Хоёр нам хамтарч Засгийн газрын гэрээ хийсэн. Нэг нь гарахаар Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох  ёстой юу. Зарим хуульч ингэж хэлж байгаа?

-АН энэ талаар байр суурь илэрхийлэх нь зохисгүй. Олонх шийднэ. Монгол Улс хуультай. Хуулиараа явна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж