Өмнөговийн ДЦС “тэг” зогсолт хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Өмнөговийн ДЦС “тэг” зогсолт хийлээ

Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станц 2012 оны 01 сарын 10-ны 22:30 цагаас “тэг” зогсолт хийгээд байна. Шалтгаан нь зуухны дотор хананы бетон ховхорч, шаталтын тавцанг даржээ. Монголд сэлбэг байхгүй учир ойрын хугацаанд засах боломжгүй гэнэ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа Г. Буянтогтох мэдээллээ. Одоогийн байдлаар аваарийн буюу нөөц дизель станцыг хязгаарлалттай хуваариар ажиллуулж байгаа боловч, энэ нь нэг  цагт 1,2 тонн дизелийн түлш зарцуулдаг учир  дизель станцыг ажиллуулахад хүндрэлтэй байгаа юм байна.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-оос доголдож эхэлсэн Даланзадгадын дулааны цахилгаан станц энэ сарын 1-нээс эхлэн зарим хороололдоо тав хоног гэрэл цахилгаан өгч чадахгүйд хүрээд байгаа байна. 2000 онд байгуулагдсан, хэдий залуу байгууламж ч гэсэн  тус дулааны цахилгаан станц ганц энэ удаа “тэг” зогсолт хийж байгаа биш юм байна. Өмнөговьчуудыг харанхуйд байлгаж,  өвөлд нь хөлдөөдөг  болоод 10 жилийн нүүрийг үзэж байгаа юм байна. Үндсэндээ хоёр турбин, хоёр зуухаар ажилладаг ч одоогийн байдлаар нэг турбин нь ашиглалтнаас гарсан учраас байнгийн тог цахилгааны хязгаарлалттай ажиллаж байна. Энэ өвлийг хөлдөөхгүй давж чадна хэмээн станцын удирдлагууд нь хэлж байгаа хэдий ч баталгаатай биш ажээ. Ямар нэгэн доголдол гарлаа гэхэд нөөц сэлбэг байдаггүй бөгөөд тухайн станцын сэлбэгийг хаа нэгтээгээс хялбархан олоод ирдэг элбэг бараа биш юм . Төвийн эрчим хүчтэй холбогдсон цагт л Өмнөговьчуудын шүдний өвчин болоод байгаа тог цахилгааны асуудал нэг тийшээ болох магадлалтай  юм байна

Гэхдээ удирдлагууд нь ирэх долоодугаар сарын эхээр төвтэй холбогдно гэсэн мэдээллийг иргэдэд өгсөн ч баттай эх сурвалж есдүгээр сар хүртэл энэ байдал үргэлжлэнэ хэмээн мэдээлж байна. Аймаг өөрийн хөрөнгөөр барьсан гурван мигавитын өргөтгөлийнхөө хүчинд хотоо хөлдөөчихөлгүй амь зогоож, гэрэлгүй харанхуй байгаа нь Даланзадгад хотынхны бодит үнэн юм. Өнгөрсөн жил улсад 60 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлээд өгчихсөн, энэ жил 118 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болоод байгаа Өмнөговь аймгийн унаган иргэд ийнхүү өрөвдөлт өдрүүдийг үдэж байна.

Eaglenews TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж