Нийтийн тээврийн үнийг дураар өсгөвөл хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үнийг дураар өсгөвөл хариуцлага тооцно

Нийтийн тээврийн газраас том оврын автобус болон микро автобусны үнийг албан ёсоор нэмэхгүй, өмнө нь байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа гэж мэдэгдлээ.

Тэр ч бүү хэл тасалбарын үнэ нэмсэн аж ахуй нэгж, компаниудад Нийтийн тээврийн газраас захиргааны хариуцлага тооцох юм байна. Нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд үнэ нэмэхгүй ажлаа үргэлжлүүлбэл 700-800 мянган төгрөгийн алдагдалд орно гэж үзэж байгаа.

Тиймээс Нийтийн тээврийн газраас холбогдох яаманд тасалбарын үнийг нэмэх талаар санал хүргүүлсэн байна. Уг саналын хариу ирсний дараа автобус компаниуд тасалбарын үнийг хэдэн төгрөгөөр нэмэх тухай тохирч, дахин гэрээ байгуулахаар хүлээж байгаа аж. Нийтийн тээврийн газраас том оврын автобусанд 90 тонн дизель түлш, бага оврын автобусанд 7.3 тонн шатахууныг нэг сард зарцуулахаар тооцож гаргасан байна.

Хэрэв ард иргэд зорчих тасалбарын үнийг дур мэдэн нэмсэн автобус, микроавтобус болон такси байвал улсын дугаар болон аль чиглэлд үйлчилж байгааг нь 321490, 323176, 326352 дугаарын утсанд 24 цагийн турш мэдэгдэж болох юм байна.

Нийтийн тээвэр ард иргэдийн чухал хэрэгцээ учир албан бусаар үнэ нэмээгүй байхад өөрсдийн дураар үнийг нэмсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм.

Б.Учрал

"Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж