Польшийн прокурор амиа хорлохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Польшийн прокурор амиа хорлохыг завджээ

Польшийн цэргийн прокурор Миколаж Прзибил сэтгүүлчдэд зарласан хэвлэлийн бага хурлынхаа үеэр өөрийгөө бууджээ. Гэхдээ амиа хорлох гэсэн түүний энэ оролдлого бүтээгүй юм. Тэр даруйдаа эмнэлэгт хүргэгдэн мэс засалд орсны эцэст биеийн байдал нь сайжирсан байна.

Тэрбээр хэд хоногийн дараа эмнэлгээс гарах аж. М.Прзибил яагаад амиа хорлохыг оролдов. Эсвэл энэ жирийн нэг жүжиг байв уу. М.Прзибил Сомоленск хотод Польшийн Ерөнхийлөгч асан Лех Качиньски тэргүүтэй 96 хүн харамсалтайгаар амь насаа алдсан онгоцны ослын хэргийг хариуцан ажиллаж буй прокурор юм.

Тэрбээр өөрийгөө буудахаас өмнө Сомоленскийн хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын явцыг шүүмжилсэн байна. Мөн өөрийнх нь хариуцаж буй хэргүүд дунд Польшийн батлан хамгаалах салбарын санхүүтэй холбоотой ноцтой мэдээлэл, баримт байгааг онцолжээ. Хэвлэлийн бага хурлын танхимд түүний хэлсэн сүүлчийн үг нь "Би ажлаа шударга үнэнчээр хийдэг хүмүүсийг хамгаалах болно. Шүүх, прокурорын салбарыг хөл дээр нь босгоно"" хэмээн мэдэгджээ.

Харин эмнэлэгт хэвтсэнийх нь дараа түүнээс утсаар ярилцлага авах үед "Польшийн прокурорын
байгууллагатай хамааралтай авлигын хэргийг илчлэх гэсэн оролдлого" хэмээн өөрийнхөө үйлдлийг тайлбарласан юм. Энэ нь магадгүй Сомоленскийн онгоцны осолтой холбоотой ч байж болох юм. Оросын Нислэг удирдах газрын шинжээчдийн дүгнэлт өнгөрсөн онд гарсан. Тэд Сомоленскийн ослын буруутнаар Польшийн нисэгч тэргүүтэй хүмүүсийг тодруулсан юм. Өөрөөр хэлбэл, Польшуудын буруугаас болж тус улсын өндөр дээд албан тушаалын хүмүүс амиа алдсан гэсэн үг. Харин энэ нь Польшийн талынхны дургүйг нэлээд хүргэсэн билээ. Аль эртнээс таарамжгүй харилцаатай байсан Орос, Польшийн харилцаа үүнээс болж улам муудахад хүрсэн.

Гэвч эцэст нь Польшийн Гадаад харилцааны сайд Радослав Сикорски энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ. Харин өнгөрсөн оны долоодугаар сард Польшийн шинжээчид дахин өөр дүгнэлт гаргаж, Сомоленскийн нисэх буудлын ажилтнууд хариуцлага алдан Ерөнхийлөгчийн онгоц руу цаг агаартай холбоотой худал мэдээлэл өгсөн, мөн нисэх буудлынхаа гэрэлтүүлгийг муу ажиллуулсан зэрэг нь ослын шалтгаан болсныг онцолсон юм.

Өнөөдрийг хүртэл асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Польшийн Ерөнхийлөгч асан Лех Качиньский, Тэргүүн хатагтай болон тус улсын цэрэг армийн болон удирдах албаны хүмүүс дэлхийн хоёрдугаар дайнд амиа алдсан Зөвлөлтийн дайчдын хүндэтгэлийн ёслолд оролцох гэж явах замдаа Оросын Сомоленскод осолд орсон юм. Энэ нь тэртэй тэргүй тааруухан байсан Орос, Польшийн харилцааг улам муутгажээ.

Гэхдээ Оросын талтай таагүй харилцдаг байсан хүн нь Л.Качиньский. Тиймээс энэ хэргийн цаана улс төрийн шинжтэй бодлого нуугдаж байна хэмээн Польшийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байв. Л.Качиньский тухайн үед улс орныхоо төр засгийг удирдаж, хүч нөлөөгөө тогтоосон томоохон улстөрч нь байсан. Тийм учраас түүнийг нас барсны дараа хэсэг хугацааны турш Польшийн улс төр хүнд байдалд орж, үймсэн билээ. Эцэст нь 2010 оны аравдугаар сард хийхээр төлөвлөж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг урагшлуулснаар зун гэхэд Польшууд шинэ Ерөнхийлөгчтэй болсон.
Харин Сомоленскийн хэргийг шалгах явц үргэлжилсээр байсан юм. Хэргийг хариуцсан прокурор нь мөрдөн байцаалтын явцтай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсанд нэлээд дургүйцэж байгаагаа илэр-хийлж байв. Нөгөөтэйгүүр үүнээс болж М.Прзибилд нэлээд дарамт ирсэн байж болзошгүй талаар "Телеграф" сонин онцолжээ. Гэхдээ түүнийг прокурорын байгууллагуудыг шинэчлэхийг хүсч байгааг нь шүүмжлэх хүн олон байгаа аж.

Ямартай ч амиа хорлохыг оролдсоных нь дараа Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовский түүний энэ үйлдлийг "Бусдын анхаарлыг татах гэсэн оролдлого" хэмээн дүгнэсэн ч үүнтэй холбоотой асуудлыг нарийн шалгах ёстойг сануулсан юм. Өнөөдрийгхүртэл Сомоленскийн хэргийг шалгах явц Орос, Польшийн хоорондох эмзэг сэдэв болоод байгаа. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск Кремлийн удирдагчидтай найрсаг харилцаагаа сайжруулахыг оролдож байгаа ч энэ нь хоёр талын төлөөлөгчид Сомоленскийн ослын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас болж тэр бүр бүтэлтэй болохгүй байна.

Гэтэл Евро бүсийн хямрал Польшийн эдийн засагт хэдийнэ нөлөөлж эхэлсэн. Польш улс хэдийгээр евро хэрэглэдэггүй боловч Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаг. Гэтэл Евро бүсийн хямрал Европын холбооны гишүүн орнуудад нөлөөлсний уршгаар Польшийн Засгийн газрын бондын арилжаа буурч, тэд төсвөө танах, тэтгэврийн насыг нэмэх зэргээр бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай болсон. Одоогийн байдлаар тус улсын дотоод өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 52 хувьтай тэнцэж, төсвийн алдагдал нь Европын холбооноос тогтоосон жишигт ойртсон.

Мөн эдийн засгийн өсөлт нь энэ онд бараг л хоёр дахин буурах төлөвтэй байгаа юм. Гэтэл үүнтэй зэрэгцээд инфляц нэмэгдэж, Евро бүсийн хямралаас зугтсан хөрөнгө оруулагч Польшоос ч бас дөлж байгаа нь эрсдэлийг бий болгож байна. Энэ бүхнээс үүдээд Польшийн тал Оростой эдийн засгийн харилцаагаа өргөтгөхийг зорьж эхэлсэн билээ. Гэвч тэдний замд Сомоленскийн хэргийн мөрдөн байцаалт саад болсоор байгаа юм.

Т.Элиса

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж