“Лиценз олголтын хориглолтыг цуцалж болохгүй”

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

“Лиценз олголтын хориглолтыг цуцалж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Төсөлд ашигт малтмалын хайгуулын лиценз шинээр олгохыг хориглох асуудлыг 2012 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгахаар болж заасан юм. Өмнө нь ийм агуулгатай төслийг Ерөнхийлөгчөөс хоёр дахин удаа мэдүүлж, УИХ-аар батлуулж байсан.

Харин энэхүү төсөлтэй зарим гишүүн байр суурь өөр байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Р.Буд нарын хувьд “Шинээр хайгуулын лиценз олгохгүй байгаагаас болж, гар дээрээ 50, 60, тэр байтугай 100 орчим лицензтэй байгаа эрх мэдэлтнүүд түүнийгээ үнэ хүргэн бие биедээ зарах үзэгдэл газар авч, сонгуулийн бэлтгэлээ базааж эхэлж байгааг үгүйсгэхгүй аргагүй байна” гэж үзсэн юм. Мөн Монголын хөрөнгийн бирж дээр хайгуулын болоод ашиглалтын лицензүүдийг бүртгэн авч төрийн ой санамжийг сайжруулахгүй бол байгаль орчин сүйтгэж дуусч буйг ч анхаарууллаа. Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагааны тайлбарласнаар шинээр лиценз олгох асуудлыг нээлттэй болгочихвол улс орны аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахаар байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчийн зүгээс зориуд Ашигт малтмалын тухай хуулийг шинээр УИХ-д өргөн мэдүүлж, батлуултал энэхүү хууль үйлчилж байх ёстой гэж үзэж энэхүү төслийг мэдүүлсэн” гэлээ.

Харин энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ашигт малтмалын тухай хуулийг шинээр өргөн мэдүүлнэ гэж хэлээд таг болчихлоо. Хэзээ УИХ-д төсөл оруулж ирэх гэж байна вэ. Лиценз олголтыг хориглох хуулийг бид гурав дахь удаагаа хэлэлцээд сууж байна. Ашигт малтмалын тухай хуулийг шинээр батлаад хоёр яс амармаар байна шүү дээ” гэсэн юм.

Ер нь ашигт малтмалын лиценз шинээр олгохыг хориглосон нь нэг талдаа эерэг үр дүн дагуулж буй ч, нөгөө талдаа орон сууцны үнэд нөлөөлж байна гэж гишүүд үзэж байна. Учир нь орон сууц барихад элс, хайрга гээд байгалийн гаралтай олон бүтээгдэхүүнийг ашиглах шаардлагатай болж байгаа. Гэтэл энэ төрлийн лиценз олголт давхар хориглогдсон нь түүхий эдийн нийлүүлэлтээр барилгын компаниуд гачигдаж, улмаар өндөр үнэтэй элс, хайрга худалдан авч, барилгаа барьж буй нь улмаар УИХ, Засгийн газраас баталсан бодлогуудтай нийцэхгүй байна. Тиймээс Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуулиа санаачлаад цаг алдалгүй оруулаад ирэх шаардлагатай байна гэдгийг энэхүү хэлэлцүүлгийн үеэр онцлон захилаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж