-Сүүлийн үед рок, поп урлагийн ертөнцөд өрнөж буй хамгийн сонирхолтой мэдээлэл бол “Камертон 2” төсөл. Энэ төслийн зорилго нь юу вэ?
-Болд: “B production”, “Боловсрол суваг” телевиз, “Music Box” хамтраад шинэ залуу дуучид, хамтлаг бий болгох гэсэн төсөл дээр ажиллаж байна. Хамгийн эхнийх нь “Камертон 2” төслөөр эхэлж байна. Энэ нь “Boy band” дөрвөл төрүүлэн гаргаж ирэх төсөл байгаа юм.
Эба: Энэхүү төсөл нь нийгэмд, залуучуудад эрэлттэй байгаа хамтлагийг яаж гаргаж ирэх вэ, шагналын санг хэрхэн бүрүүлж, тэдэнд дэмжлэг үзүүлэх вэ гээд олон зүйлийг тунгааж бодсоны эцэст эхлүүлсэн. Монголд нэлээн олон реалити шоу зохион байгуулагдаж байна. “Boy band” талаасаа энэ шоу анхдагч болж байна л даа. Хамгийн гол нь бидний амлаж чадах зүйл бол хамтлаг гарч ирсний дараа Монголын рок, попын орон зайд өөрсдийн гэсэн байр сууриа эзэлсэн, Монголын “Boy band”-ийн нүүр царайг тодорхойлох болно.
Мээдээ: Хөгжим Бүжгийн Коллежийн дөрвөн оюутан 1995 оны 6-р сарын 24-нд хамтлагаа анх байгуулаад, нэгэн шинэ урсгалыг поп хөгжмийн төрөлд оруулсан болов уу гэж боддог. Энэ бол олон хоолойгоор салгаж дуулдаг, “A-Capella” стилиэр, хөгжимгүй дуулдаг урсгалыг оруулж ирсэн. Бид нар арван жил тасралтгүйгээр хамгийн дээд хэмжээндээ хүртэл хөдөлмөрлөж, цомог, дуу гаргаж, тоглолтуудаа хийж, өөрсдийн гэсэн сонсогч фенүүдтэй болж чадсан. “Камертон 2” төсөлтэй холбогдуулаад дараагийн гарч ирэх хамтлагаа бас нэгэн шинэ урсгал, шинэ дүр төрх, хөгжмийн ертөнцөд өөрсдийгөө тунхаглаж, урлагийн төлөө тууштай байж чадах, бусдаас арай өөр зүйлийг согсогчдод бэлэглэж чадахуйц тийм л хамтлагийг төрүүлнэ гэж хэлмээр байна. Камертон хамтлаг нь бидний дууг сонсож өссөн, хөгжимд хайртай залуусыг мөрөөдөлд нь хүргэх зорилготой. Бид мэдээж өөрсдийн зүгээс дэмжинэ, зөвөлгөө өгнө, шинэ хүчирхэг хөвгүүдийн хамтлагийг дасгалжуулна.
-“Камертон 2” шоу нэвтрүүлгийн шүүгч нар нь ямар хүмүүс байх бол?
Ганаа: Бид өөрсдөө шүүнэ. Мэдээж дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулах учир хоёр теонер, басс, баритон хоолойгоор дуулах залуусыг гаргж ирэхийн тулд, бид нар өөр өөрсдийнхөө хоолойг шүүгээд явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ дөрвөн хоолойг нийлүүлж чадах дөрвөлийг 15-25 насны залуусаас шалгаруулж хамтлаг байгуулна. Мөн үе шат болгон дээр гэнэтийн сюрприз болж, нэг зочин шүүгч урилгаар оролцоно.
-Энэ шоунд оролцсоны давуу тал, шинээр байгуулагдах хамтлагийг хүлээн буй боломжийг тодорхойлбол?
Ганаа: Маш олон хамтлаг шинээр байгуулагдаж байна л даа. Тэдгээрт продюсерийн, дууны, санхүүгийн гэх мэтчилэн асуудал тулгардаг. Бас өөрсдөө яахаа сайн мэддэггүй. Бид нарт ч бас тийм асуудал тулгарч байсан. Санхүүгийн хувьд ямар ч асуудалгүй байна гэдэг асар том боломж. Хамтлаг цомог гаргана, тоглолт хийнэ. Цомог нь 12,13 дуутай байлаа гэхэд бүх дууг нь хит болгохоор маш өндөр түвшинд дуу болгон дээр нь анхаарч ажиллана.
А.Амундра /төслийн продюсер/: Төслийн багийнхны зүгээс үзэгчдэд барьж байгаа хамгийн эхний бэлэг бол “Камертон” хамтлагийн уран бүтээл, ололт амжилт, түүхийг харуулсан “Энэ бидний түүх” нэртэй 10 баримтат цуврал “Боловсрол суваг” телевиз, “Music Box” сувгаар хүрч байгаа. Бүртгэл 1-р сарын 20-нд дуусаад, 2-р сарын 1-нд зураг авалт албан ёсоор эхлэнэ. Харин 6-р сарын 30-нд төслийн үйл ажиллагаа дуусахаар төлөвлөж байгаа. Монголд хамтлаг гарч ирээд уран бүтээлээ хийгээд явъя гэхээр продюсинг, санхүүгийн асуудал хамгийн эхлээд тулгардаг. “B production”-ны мэргэжлийн, чадварлаг продюсер, менежерүүдийн тусламжтайгаар, мөн манай “Монгол Масс Медиа” компанийн хамтын оролцоотойгоор тухайн хамтлагийг мэргэжлийн түвшинд продюсинг хийгээд, авъяасыг нь нээх юм. Төсөл дуусаад маргаашнаас нь дараагийн хамтран ажиллах байгууллагууд нь гэрээ хийж, энэ хамтлагийг гаргаж ирье, цаашид удаан оршин тогтнуулъя гэсэн үндсэн зорилготой ажиллаж байна.
-Шоу нэвтрүүлэг хэдэн үе шаттайгаар үргэлжлэх вэ?, гол шалгуур нь юу байх бол?
Болд: “Камертон 2” шоунд 15-25 насны, дуу хөгжимд хайртай, зорилгынхоо төлөө үнэнч, тууштай байж чадах тийм л залуучуудыг болон шинэ залуу хамтлагуудыг урьж байна. Шоу нэвтрүүлэг 5 үе шаттай үргэлжилнэ. Төслийн хугацаанд хамтлагийг хөгжүүлэх бүхий л ажлыг хийнэ. Хамгийн гол нь эв найрамдалтай, сэтгэлтэй, урлагийн төлөө гэсэн маш том зорилго тавьсан ийм залуучуудыг бид нар илүүтэй олж харж, шүүнэ. Тэрнээс биш имидж, дүр төрх ч гэдэг юм уу гадна талын өнгөцхөн зүйлүүдийг нь давуу тал болгож харахгүй. Яагаад гэвэл удаан хугацааны туршид, хүчирхэгээр хамтдаа байж чадах хамтлагийг бий болгох гэж байгаа учраас юм.