“Үгсэн хуйвалдсан эсэхийг шалгаж байна”

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

“Үгсэн хуйвалдсан эсэхийг шалгаж байна”

Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хууль хяналт зохицуулалтын газрын дарга А.Ариунболдоос товч тодрууллаа.

-Нефть импортлогч аж ахуй нэгжүүд шатахууны үнийг үгсэн хуйвалдсан замаар  нэмсэн нь батлагдвал хариуцлага тооцох, арга хэмжээ авах талаар хуулинд хэрхэн тусгасан байдаг вэ?

-Хэрэв “картель”-дах буюу үгсэн хуйвалдаж шатахууны үнийг хөөргөдсөн нь тогтоогдвол Өрсөлдөөний тухай хуулийн дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын зургаан хувийн торгууль оноох, мөн хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгох хуулийн заалттай. Хуулийнхаа дагуу хариуцлага тооцох тогтолцоо нь байхад, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хуулийн дагуу л арга хэмжээг авна.

-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Манай байгууллага өнгөрсөн амралтын өдрүүдэд ажлын хэсэг гарган, шалгалт хийж байна. Газрын тосны бүтээгдэхүүн яг жижиглэнгээр нь хэрэглэгчдэд хүргэдэг 10 аж ахуй нэгж байгаа юм. Эдгээр аж ахуй нэгжид шалгалт хийж, шатахууны үнийн өсөлт нь үгсэн хуйвалдах замаар өссөн үү эсвэл валютын өсөлттэй холбоотой юу гэдэг тал дээр ажлын хэсэг ажиллаж байна. Онцгой болон гаалийн татварыг чөлөөлсөн байгаа. Тиймээс үнийн өсөлт хэр бодитой болох, хүчин зүйл нь хаанаа байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй байгаа юм. Одоогоор шалгалтын ямар нэгэн дүгнэлтийг өгөх боломжгүй байна.

-Шалгалтын дүнг эцсийн байдлаар хэзээ гаргах вэ?

-Одоогийн байдлаар шат шатандаа шалгалт хийгээд, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан аль болох түргэн хугацаанд дүгнэлтэнд хүрэхээр ажиллаж байна. Цаг тухай бүрт нь шуурхайгаар олонд мэдээлэх болно.

-Өмнөх жилүүдэд зохиомол байдлаар шатахууны үнийг нэмсэн хэрэг гарч байсан. Ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт ер нь  жил жилдээ яригддаг асуудал болчихлоо. Судалгаанаас үзэхэд манайд 2006 оноос хойш жилийн эхний хагаст нефтийн үнэ өсөлттэй байна. Мөн Орос улсын нийлүүлдэг нефтийн үнийн саналаас шалтгаалан өсч ирсэн л дээ. Бас хилийн татвар гээд л. Төрөөс тухай бүрт нь зохицуулалт хийгдэж байсан. 2006, 2008 онуудад яг хуйвалдааны замаар өссөн болох нь тогтоогдож байхад Шударга бус өрсөлдөөний тухай хууль байсан юм. Ингэхдээ “Шунхлай”, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Петровис”, “Ник” зэрэг компаниудыг  250 мянган төгрөгөөр торгож байсан. Ер нь  хоорондоо ярилцаж, зөвшилцөх зах зээл нь бүрдчихсэн. Нийт компаниудад 300-аад сая төгрөгийн улсын орлого болгох акт ч гаргаж байсан. Харин өрсөлдөөний тухай хууль 2010 оны зургадугаар сард батлагдаад наймдугаар сараас  мөрдөгдөж эхэлсэн бөгөөд одооны үнийн өсөлтийг тойрсон асуудал бүгд энэхүү хуулиар зохицуулагдаж байгаа юм.

-Дэлхийн жишигт бараа бүтээгдэхүүний үнэ, ялангуяа шатахууны үнийн өсөлтийн тухайд хууль бусаар нэмсэн болох нь тодорхой болвол ямар арга хэмжээ авдаг бол?

 -Үгсэн хуйвалдах замаар бараа бүтээгдэхүүний үнийг нэмсэн бол борлуулалтын орлогын 10 хүртэлх хувиар торгууль оноодог улс байна.  Гурван хувиар торгодог улс ч байна. Манайх бол хуулийнхаа дагуу хариуцлага оноохдоо зургаан хувь гэж заасан нь ерөнхийдөө дундаж түвшинд байгаа хэрэг юм.
 

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж