
Ираны албаны хүмүүс телевизээр мэдэгдэл хийхдээ дээрх удаа дараагийн хэрэгт АНУ болон Израйлийг буруутгажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон "Ираны дотоодын хүчирхийлэл, алан хядах үйл ажиллагаанд АНУ-ыг холбон буруутгахын эрс няцааж байна” гэж лхагва гаригт мэдэгджээ. Харин Израйлийн тал дээрх хэргийн хариуд ямар нэгэн мэдэгдэл гаргаж, таамаг дэвшүүлэхээс татгалзжээ. Ираны эрдэмтдийг хөнөөж буй аллагад Иранчууд өөрсдөө ямар нэг хэмжээгээр холбоотой гэх хүмүүс ч байгаа юм. Цөмийн хөтөлбөр дээр ажиллаж байсан эрдэмтнийг хөнөөсөн хэрэг 2010 оны нэгдүгээр сард Ираны Ерөнхийлөгч Ахмединежадын дэглэмийг эсэргүүцсэн үймээний дараа гарчээ. Нөгөө талаар цөмийн эрдэмтдийн аллагын цаана Ираны эрх баригчид өөрсдөө зогсч байгаа гэх таамаг ч байгаа юм. Ираны амин чухал асуудал болоод буй цөмийн хөтөлбөр нь олон улсын эсэргүүцэлтэй тулгарснаас зарим эрдэмтэд эрх баригчдыг буруутгах болсон гэнэ. “Fars” мэдээллийн агентлагийн мэдээлснээр Ираны цөмийн хөтөлбөрийг удирдаж буй Давани олон улстай гадаад харилцаагаа муутгахгүйн тулд цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэх болсон аж. Мостафа Рошаны үхэл Иран, АНУ-ын хоорондох таагүй харилцааг улам хурцатгаж байна. АНУ Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, эдийн засгийн хориг тавьснаас болж Ираны эрх баригчид Ормузийн хоолойг хаана гэж сүрдүүлээд байгаа билээ.