Нугараач охиныг зодсон багшийг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Нугараач охиныг зодсон багшийг шүүх хурал хойшлов

Уран нугараач охиныг зодсон багш Г.Энх-Амгаланг  шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагт болохоор тов гараад байсан.

Харин хохирогчийн өмгөөлөгч Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралд оролцож буй учраас ирэх боломжгүй болж, Г.Энх-Амгаланг шүүх хурал ирэх долоо хоног хүртэл хойшилжээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар  зэвсгийн чанартай  зүйл хэрэглэж танхайрсан, бусдын биед хүнд гэмтэл учруулсан, 100.1-т зааснаар байнга зодож тарчлаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, өнгөрсөн сарын эхээр Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж.

Уг хэргийн талаар эргэн сануулахад, Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байсан гэдэг. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгахад багш Г.Энх-Амгалангийн гэм буруутай нь тогтоогдсон байна. Түүнийг гэм буруутай болохыг хохирогч тал ч нотолж байгаа бөгөөд тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж