Олимпийн аварга Белоглазов нарын бөхчүүд өнөөдөр ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Белоглазов нарын бөхчүүд өнөөдөр ирнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп хамтран зохион байгуулах “Mongolian Open” тэмцээн нэгдүгээр сарын 14, 15-нд буюу ирэх амралтын өдөр Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд болох билээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээн энэ жилээс Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны албан ёсны хөтөлбөрт багтаж, А зэрэглэлийн тэмцээн болсноороо онцлогтой юм. Тэмцээнд АНУ, ОХУ, БНАСАУ, Казахстан гээд чөлөөт бөхийн төрлөөр өндөр амжилт үзүүлж буй 15 орны баг тамирчид ирж, зодоглохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэл зохион байгуулах төлөвлөсөн бөгөөд үүнд дэлхийд зартай, шилдэг тамирчид оролцох юм билээ. Тодруулбал, 57 кг-ын жинд ноёлж байсан шилдэг тамирчид хамтарсан бэлтгэлийг удирдаж явуулах гэнэ. Тэгвэл, “Mongolian Open-2012” тэмцээнд оролцох хүндэт зочид болох дэлхийн алдартай бөхчүүд өнөөдөр Монголд хүрэлцэн ирэх ажээ.

Олимпийн хошой аварга, дэлхийн зургаан удаагийн аварга, Европын таван удаагийн аварга, ЗХУ-ын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Сергей Алексеевич Белоглазов, олимпийн хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, БНАСАУ-ын бөх Ким Ён Сик, Олимпийн хошой мөнгөн медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн наадмын аварга, Ираны бөх Махоммадиана Аскари нарын алдартай бөхчүүд өнөөдөр /2012.01.12/ 13.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах юм байна.


Сергей Алексеевич Белоглазов

1956 оны есдүгээр сарын 16-нд Калининград хотод төрсөн. 1968 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн, Киев хотын “Динамо” багийн тамирчин байсан. Дасгалжуулагч нь Гранит Иванович Таропин. ЗХУ-ын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, Болгар улсын Гавьяат тамирчин цолтой. Краснодар хотын Багшийн дээд сургууль төгссөн. Саратов хотын Дотоод хэргийн дээд сургуульд багш, АНУ, Япон улсад ажиллаж байсан, ОХУ-ын эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч байсан, одоо АНУ-д амьдран сууж, тус улсын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

Амжилтын товчоон:

  • “Москва-1980” зуны олимп – 57 кг-ын жинд алтан медаль
  • “Сөүл-1988” зуны олимп – 57 кг-ын жинд алтан медаль
  • 1979 оны ДАШТ /Сан Диего, АНУ/ – 57 кг-ын жинд мөнгөн медаль
  • 1981 оны ДАШТ /Скопле, Югослав/ – 57 кг-ын жинд алтан медаль
  • 1982 оны ДАШТ /Эдмонтон, Канад/ – 57 кг-ын жинд алтан медаль
  • 1983 оны ДАШТ /Киев, Украйн/ – 57 кг-ын жинд алтан медаль
  • 1985 оны ДАШТ /Будапешт, Унгар/ – 57 кг-ын жинд алтан медаль
  • 1986 оны ДАШТ /Будапешт, Унгар/ – 57 кг-ын жинд алтан медаль
  • 1987 оны ДАШТ /Клерманн-Ферран, Франц/ – 57 кг-ын жинд алтан медаль

Ким Ён Сик

Олимпийн хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, БНАСАУ-ын бөх Ким Ён Сик

Амжилтын товчоон:

  • “Барселона-1992” зуны олимп – 57 кг-ын жинд хүрэл медаль
  • 1986 оны залуучуудын ДАШТ /Шифферштадт, Герман/ – 52 кг-ын жинд алтан медаль
  • “Бээжин-1990” Азийн наадам – 57 кг-ын жинд алтан медаль
  • 1988 оны ААШТ – 57 кг-ын жинд алтан медаль
  • 1991 оны ААШТ – 57 кг-ын жинд алтан медаль

Махоммадиани Аскари

Олимпийн хошой мөнгөн медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн наадмын аварга, Ираны нэрт бөх Махоммадиани Аскари

Амжилтын товчоон:

  • “Сөүл-1988” зуны олимп – 57 кг-ын жинд мөнгөн медаль
  • “Барселона-1992” зуны олимп – 62 кг-ын жинд мөнгөн медаль
  • 1989 оны ДАШТ /Мартини, Швейцарь/ – 57 кг-ын жинд мөнгөн медаль
  • 1978 оны ААШТ /Бангкок, Тайланд/ – 57 кг-ын жинд мөнгөн медаль
  • “Сөүл-1982” Азийн наадам – 57 кг-ын жинд алтан медаль
  • 1983 оны ААШТ – 57 кг-ын жинд алтан медаль
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж