Тэр сайдын нэр хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Тэр сайдын нэр хэн бэ?

АН хамтарсан Засгийн газраас гарснаар МАН-ынханд зургаан сайдын суудал “бэлэглэж” байгаа юм. Тэдний оронд сайдын сэнтийд залрах “Тэр сайдын нэр хэн бэ” гэсэн өрсөлдөөн МАН-ын УИХ-ын гишүүд дунд өрнөж буй.

Хамгийн түрүүнд Эрүүл мэндийн сайдад нэр нь дуулдсан хүн бол УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат. Харин түүнтэй сайдын төлөө өрсөлдөхөөр Эрүүл мэндийн дэд сайд, УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвшин даагаа нэхэхээр зэхээд буй хатагтай Ж.Цолмонгийн нэр сонсогдож байгаа. Тэргүүн шадар сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн нэр дуулдаж байгаа бол Сангийн сайдад Ч.Улаан, Батлан хамгаалахын сайдад аавын шийрийг хатаахаар гишүүн Ж.Энхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гишүүн Ш.Сайхансамбуу, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад гишүүн Ц.Цэнгэл нарын нэр сонсогдож байна. Тэргүүн шадар сайдад УИХ-ын дэд дарга Н.Энхболдыг магадгүй гэсэн яриа ч Төрийн ордонд дуулдана лээ. Хэрэв тэгвэл Ө.Энхтүвшин гишүүнийг УИХ-ын дэд даргад дэвшүүлнэ гэсэн хувилбар бас яригдаж байгаа гэнэ.

АН-ын харьяалалтай сайд нар өргөдлөө хараахан өгөөгүй байгаа ч дараагийн сайд нарын сураг ажиг ийнхүү гарч байна. Мөн дэд сайд нарт МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны гишүүд О.Содбилэг, Н.Номтойбаяр нарын нэрс сонсогдох болжээ. Хэдийгээр холбооны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Залуучууд бидэнд тийм сонирхол байхгүй” хэмээж буй ч харин ч МАН-ынхны залуусаа таниулах гол мест нь дэд сайд байсаар ирсэн юм.

Тухайлбал, өнөөдрийн Ерөнхий сайд С.Батболд, эрхэм гишүүн Ц.Мөнх-Оргил гээд цөөнгүй хүн чухам дэд сайд байхдаа олонд танигдаж том улс төрд хөл тавьсан юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж