Мэдээлэл холбооны судалгаа, хөгжлийн төвийг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Мэдээлэл холбооны судалгаа, хөгжлийн төвийг байгууллаа

Асар хурдтайгаар хөгжиж ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй Мэдээлэл, Харилцаа Холбооны салбарын өндөр технологийг бүх салбарт нэвтрүүлж, түүний хэрэглээг олон улсын жишигт хүргэн нэвтрүүлэх замаар мэдээлэлжсэн нийгмийн хөгжлийг хурдасгах тухай Монгол Улсын Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн талаар 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлогод тодорхойлсон билээ.

МХХТ-ийн өндөр технологийг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж зэрэг бүх салбарт түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэх ажилд судалгаа шинжилгээ, хөгжлийн давуу талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Мэдээлэл, Холбооны Судалгаа-Хөгжлийн Төв (ICT R&D center) ТББ-ийг Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, ШУТИС-Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК, Монголын Цахилгаан Холбоо ХК, Мобиком корпораци, Скайтел ХХК, Юнител групп, Жи-Мобайл ХХК-иудын санаачлага, хамтын ажиллагааны үр дүнд байгуулан нээлтээ хийлээ.

МХСХТ нь төр, нийгэм, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар салбарын төрийн бодлого, зохицуулалтын талаарх асуудлуудыг судалгаа, шинжилгээний үндэстэй судлах, зөвлөмж, дүгнэлт гаргахад оролцох, төрийн байгууллага болон гишүүдийн захиалгат ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх, технологийн судалгаа, нутагшуулалт, инкубаци, хүний нөөц, гадаад хамтын ажиллагаа зэрэг үйл ажиллагааг гол чиглэл болгон ажиллана.

МХСХТ-ийн нээлтийн үеэр Удирдах зөвлөлийн дарга Ж.Бат-Эрдэнийн “Энэ байгууллага төр, хувийн хэвшил, сургалт эрдэм шинжилгээний төлөөлөл бүхий, тэдний оюунлаг туршлага, хүний нөөцөд түшиглэн байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд төр, нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэгэн амжилттай хэлбэр болсноор салбарынхаа эрх ашгийг ямагт тэргүүнд тавьж ажиллах байгуулага байх болно гэдэг итгэж байна, бид бүх талын оролцоог жигд дэмжин, шударга ил тод үйл ажиллагааг явуулах болно” хэмээн цохон тэмдэглэн хэлсэн. Энэхүү судалгаа, хөгжлийн төв Монгол улсад орчин цагийн Мэдээлэл холбооны салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож буй 2011 онд салбарынхны хамтын хүчээр олон шинэлэг, бүтээлч ажлууд хийгдсэний нэг нь байлаа.

Мэдээлэл, Холбооны Судалгаа-Хөгжлийн Төв (ICT R&D center) нь ШУТИС, МХТС-ийн 301 тоот өрөөнд байрлаж байгаа бөгөөд өөрийн эрхэм зорилго, үнэт зүйлс, зорилгоо хэрэгжүүлэхэд бүх байгууллага, хувь хүмүүсийг хамтран ажиллахыг урьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж