Сагсан бөмбөгийн залуучуудын ААШТ Монголд болно

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн залуучуудын ААШТ Монголд болно

Монгол Улс сагсан бөмбөгийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 7-ны хооронд Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд зохион байгуулах гэж байна. Азийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнд таван бүсээс шалгарсан 15 орны баг, дээр нь Монголын шигшээ багийн хамт 16 баг өрсөлдөх юм.

Одоогийн байдлаар сагсан бөмбөгийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 16 багийн долоо нь тодроод байгаа тухай Монголын сагсан бөмбөгийн холбооны Албаны дарга Р.Цэвэгмид хэллээ. Зохион байгуулагч орны хувьд Монголын шигшээ баг хамгийн түрүүнд эрхээ авсан бол өнгөрсөн жилийн аварга Хятад болон Өмнөд Солонгос, Йемен, Тайвань, Иран, Филиппиний шигшээ багууд ирэх зургадугаар сард Монголд ирэх нь тодорхой болоод байна. Тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид сагсан бөмбөгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцох юм.

Дашрамд сонирхуулахад, Монголын сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллуулахаар Серби мэргэжилтэнг урьсан бөгөөд Пэпси хүүхдийн лиг болон оюутны лигийн шилдэг тамирчдаар Азийн аваргад оролцох залуучуудын шигшээ багийг бүрдүүлэх ажээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж