200 мянган ам.долларын шагналын сантай “Мастерс”-т 47 орны 119 эрэгтэй, 119 эмэгтэй, нийт 238 бөх хүч үзнэ. Үүний дотор япончууд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй (13 эрэгтэй, 15 эмэгтэй) байгаа бөгөөд хойд хөршөөс 19 (13 эрэгтэй, 6 эмэгтэй), өнгөрсөн жилийн ДАШТ-ийг зохион байгуулагч Францаас 18 (эрэгтэй, эмэгтэй тус бүр 9), дараагийн ДАШТ-ийг нутагтаа хүлээн авах Бразилаас 14 (8 эрэгтэй, 6 эмэгтэй) бөх илгээжээ. 12 бөхтэй манай улсын хувьд бүрэлдэхүүнээрээ дээрх дөрвөн багийн ард бичигдэж байна. Олон тамирчин нь Мастерст барилдах болзол биелүүлсэн БНСУ-аас ихэнх шилдгүүдээ амрааж, дөрвөн эрэгтэй, таван эмэгтэй жүдочийг л Казахстанд барилдуулахаар болжээ. Мастерсыг зохион байгуулагч Казахстаны хувьд жин бүрт нэг тамирчин оролцуулах эрхтэй юм.
“Мастерс”-ын аварга чансааны 400 оноо авах бол мөнгөн медальтан 240, хүрлийн эзэн 160, тавдугаар байрт шалгарсан тамирчид 80 оноо нэмнэ.
Тэмцээний хөтөлбөр
I.13 14.00 Сугалаа
I.14 10.30 Эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг
Эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг урьдчилсан барилдаанууд
16.30 Нээлтийн ажиллагаа
Үргэлжлээд хагас шигшээ, шигшээ барилдаанууд
I.15 10.30 Эмэгтэйчүүдийн 70 кг, -78 кг, +78 кг
Эрэгтэйчүүдийн 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг урьдчилсан барилдаанууд
17.00 Хагас шигшээ, шигшээ барилдаанууд
Дашрамд дуулгахад, Алматы нь Улаанбаатараас хоёр цагийн зөрүүтэй. Тиймээс урьдчилсан барилдаанууд Улаанбаатарын цагаар 12.30 цагт эхэлнэ.