Ноосны урамшуулал өгөөжөө өгч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Ноосны урамшуулал өгөөжөө өгч эхэллээ

 Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого болон ноосны урамшуулал өгөөжөө өгч эхэллээ

Хонины ноосоо үндэсний үйлдвэрлэгчдэд тушаасан малчин өрх бүрийг урамшуулах Засгийн газрын тогтоол энэ оноос бодитоор хэрэгжиж эхэллээ. Өнгөрсөн оны зургадугаар сард батлагдсан уг журмаар малчин өрх бүр тушаасан нэг кг ноос тутамдаа 2000 төгрөгийн урамшуулал авахаар болсон юм. Гэхдээ энэ ноосоо хэн нэг ченжээр дамжуулан хятадуудад биш, зөвхөн үндэсний компаниудад тушаасан бол энэ урамшууллыг хүртэх бөгөөд Төв, Өвөрхангай аймгийн малчид эхнээсээ гар дээрээ бэлэн мөнгөө авч эхэллээ. ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргалаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Баянгол, Бүрд сумдад ажиллаж, ноосны урамшууллын хэрэгжилттэй газар дээр нь танилцсан юм. Эдгээр сум, орон нутгийнхан нийслэлтэй холбогдсон дэд бүтэц сайтай, мэдээлэл харилцаа холбоогоор бүрэн хангагдсан. Гэвч зарим сум орон нутгийн удирдлага ноосны урамшууллын талаарх мэдээллийг малчдадаа хүргэж, сурталчлах ажлыг хангалттай зохион байгуулж чадаагүйгээс олон мянган малчин өрх төрийн дэмжлэг, урамшууллыг хүртэж чадалгүй хоосон хоцорчээ.

100 хоньтой нэг айлаар жишээ авахад тэд дунджаар 240 мянган төгрөгийн урамшуулал авах байв. Уг нь тэд 1,2 тонн ноосоо үндэсний компаниудад кг-ыг нь 500-700 төгрөгөөр худалдаад, дээрээс нь кг тутамд төрөөс өгч байгаа 2000 төгрөгийн урамшууллыг авсан бол нийт 312 мянган төгрөгийн цэвэр орлоготой байх байжээ. Засгийн газраас нэг хониноос 1,2 кг ноос авна гэж тооцон 2011 онд нийт 20 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тиймээс Мал хамгаалах сангийнхан аймаг орон нутгаас ирсэн мэдээллийг нэгтгэн авч, тухайн малчин өрхийн А данс буюу малын тоог, тушаасан ноосны падаантай тулгаж шалгаад, ямар нэг зөрүү гараагүй тохиолдолд урамшууллыг нь шилжүүлсэн юм байна. Энэ жилийн хувьд нийт 9,8 тэрбум төгрөгийн урамшууллыг аймаг орон нутаг дахь Төрийн санд шилжүүлжээ.

Харамсалтай нь, үлдсэн 10,2 тэрбум төгрөгийг авах малчин байгаагүйгээс төсөвт буцаан өгсөн талаар ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал хэлж байсан. Энэ онд мөн 20 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнд Засгийн газар, ХХААХҮЯнаас шалтгаалах ямар нэгэн зүйл байхгүй. Харин сум орон нутгийн удирдлага болон “Монгол чиипвүүл” буюу ноосны үйлдвэрлэл эрхлэгч үндэсний 72 компанийг эгнээндээ нэгтгэсэн “Монгол хонины ноос” нэгдлийнхэн малчин өрх бүртэй тулж ажиллан, ажлаа зохион байгуулж чадвал улсын хэмжээнд 15 мянган тонн ноосыг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлнэ гэж тооцжээ. Ингэснээр монгол хонины ноос үндэсний үйлдвэрлэгчдийг түүхий эдээр бүрэн хангаж, үндэсний компаниудын үйлдвэрлэл өссөнөөр ажлын байр нэмэгдэх боломж бүрдэх юм. Мөн Монголын “цагаан алт”-ыг хамгийн хямд үнээр авдаг Хятадын түүхий эдийн ченжүүдийн сүлжээ шахагдсанаар үндэсний ХАА-н бирж үйл ажиллагаа явуулах таатай орчин бий болох зэрэг үндэсний үйлдвэрлэл, ноосны урамшуулал дагасан төрийн бодлого малчин бүрт хүрэх үүд нээгдэхийг албаныхан онцолж байлаа. Ингээд Төв, Өвөрхангай аймгаас хийсэн сурвалжлагыг тоймлон хүргэе.

ТӨВ АЙМГИЙН 22 СУМЫН МАЛЧИН НООСНЫ УРАМШУУЛАЛ АВНА

Улсын хэмжээнд нийт 180 мянган малчин өрх бий. Үүний 30 орчим мянга нь урамшуулалд багтаж 4925 тонн ноос тушаажээ. Энэ нь улсын хэмжээнд авсан нийт 15 мянган тонн ноосны дөнгөж гуравны нэг нь. 2011 оны урамшуулалд багтсан малчид энэ сарын 15-наас эхэлж урамшууллаа авч эхэлнэ. Төв аймгийн 27 сумаас 22-ынх нь малчид ноосны урамшуулалд хамрагдсанаас Лүн сумын 87 өрхөд өгөх 45 сая гаруй төгрөг Төрийн сангийн дансанд нь шилжин оржээ. Уг нь тус сум 700 гаруй өрхтэйгөөс 400 нь малтай юм байна. Гэвч 87 өрх л ийнхүү үндэсний үйлдвэрлэлээ дэмжжээ. Харин үлдсэн нь мэдээлэл хожимдсоноос ченжүүдээр дамжуулан хятадуудад ноосоо тушаажээ. Зарим нэг нь ноосны урамшуулалд хамрагдах нөхцөлийг сайн ойлгоогүй гээс тушаасан падаанаа аваа гүй, бичиг баримтаа бу руу бүрдүүлж өгсөн, сумын удирдлага нь нэгтгэсэн дүнгээ Мал хамгаалах санд хожимдож хүргэсэн зэрэг шалтгаанаар урамшуулалд хамрагдах боломжоо алджээ.

Тус аймгийн хувьд “Монгол чийп вүүл” нэгдлийн орон нутаг дахь салбар “Азийн бамбар” компаниар дамжуулан ноос худалдан авчээ. Гэхдээ малчдын хувьд энэ компаниар дамжуулан ноос тушаахаа мэдээгүйгээс Хятадын сүлжээний ченжүүдэд ихэнх нь ноосоо худалджээ. Мал хамгаалах сангийн ахлах мэргэжилтэн Ц.Болор – чулуун, “Монгол чийп вүүл” нэгдлийн төлөөлөгч Ё.Энхтөр нарын хэлж буйгаар малчид орон нутаг дахь төлөөлөгчөөр дамжуулан ноосоо тушаасан тохиолдолд ноос худалдсан падааныг заавал үйлдэж, нэг хувийг нь өөрсдөө авч үлдэх бөгөөд Мал хамгаалах сан тухайн компанийн падаан болон малын тоо толгойг А данстай нь тулгаж үзсэний эцэст урамшуулалд хамруулах юм байна. Тиймээс баримт бичгээ бүрдүүлэх тал дээр малчид өөрсдөө сайтар анхаарахгүй бол дунд нь алдаа завхрал үүсэх, малчдыг хохироох асуудал үүсэж болзошгүйг анхааруулсан. Тус аймгийн хувьд 100 гаруй мянган тонн ноос тушаах боломжтой бөгөөд малчдаа 100 хувь хамруулахаар зохион байгуулалтын ажлаа эхэлжээ.

Лүн сумын хувьд Угтаалцайдам, Цээл сумтай хил залгаа. Тиймээс энэ гурван сумыг хамарсан агуулах барих саналыг тавьж байлаа. Хэрэв ийм агуулах баривал 7-9 сар хүртэл ноос хураах, хадгалах, IX-IV сар хүртэл өвс тэжээлийн зориулалтаар ашиглах боломжтой байгааг танилцуулсан. Лүн сумын хувьд ноосны урамшуулалд хамрагдаж, үн дэсний үйлдвэрлэлээ дэмжсэн үзүүлэлтээрээ аймагтаа сайн үзүүлэлттэй байгаа юм байна. Харин Эрдэнэсант сумын хувьд “Монгол чийп вүүл” нэгдлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр дамжуулан 345 хот айлын 103.7 тн ноосыг бэлтгэн холбогдох материалыг хүргүүлж, ноосны урамшууллын ажлыг амжилттай зохион байгуулжээ.

Гэхдээ зарим малчид бичиг баримтаа дутуу, буруу бүрдүүлж өгснөөс урамшуулалд хамрагдаж чадаагүй тохиолдол гарчээ. Тус сумын малчин Гомбосүрэн ноосны урамшуулал, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих Засгийн газрын бодлогыг эхнээс нь дэмжин, өөрийн биеэр ухуулга сурталчилгаа хийснээр хот айлуудаа бүгдийг хамруулжээ. Гэвч өөрийнхөө бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүйгээс урамшуулал авч чадаагүй гэнэ. Түүнийг ноосоо тушаасныг нутаг усныхан төдийгүй сумын удирдлагууд ч бүгд мэдэж, гэрчилжээ. Гэвч бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй тул яах ч аргагүй байдалд хүрсэн байна. Мөн зарим малчид айл саахалтаараа нийлэн ноосоо бөөнд нь тушааж, падаанаа аавынхаа ч юм уу, хүүгийнхээ нэр дээр хамтад нь бичүүлж бүртгүүлжээ. Гэтэл энэ нь яаман дээр ирсэн хойноо тухайн айлын малын А дансан дахь тооноос зөрснөөс бүгдээрээ урамшуулал авах боломжгүй болсон байна. Тиймээс малтай айл өрх бүр А дансан дахь малынхаа тооны дагуу ноос тушаасан падаанаа өөрсдийнхөө нэр дээр бүрдүүлэх ёстой зэргийг холбогдох албаныхан захиж хэлсэн. Төв аймгийн Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга Ш.Баянзулын танил цуулснаар тус аймгийн 22 сумын 2471 малчин өрх урамшуулалд хамрагдаж 966 сая төгрөг авахаар болжээ. Энэ нь аймгийн хэмжээнд хамрагдах ёстой өрхийн 24 хувь бөгөөд малчид нь тун урамтай сэтгэл өндөр байгаа аж. Тиймээс энэ жил ажлаа сайн зохион байгуулж, 100 хувь хамруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАВАН СУМ Л НООСНЫ УРАМШУУЛАЛД МАЛЧДАА ХАМРУУЛЖЭЭ

Өвөрхангай аймаг 19 сумтай. Гэвч Арвайхээр, Баянгол, Баян-Өндөр, Зүүн баянУлаан, Төгрөг гэсэн тавхан сум л ноосны урам шууллыг зохион байгуулж малчдаа хамруулжээ. Аймгийн Мал эмнэлэг, үржлийн албаны даргын хэлснээр дээрх таван сумын 1282 өрх 216 гаруй сая төгрөгийн урамшуулал авах юм байна. Дэд бүтэц, харилцаа холбоо сайтай тус аймгийн хувьд ийнхүү Засгийн газрын дэмжлэгт малчдаа хамруулж чадаагүй нь мөнөөх л мэдээлэл сурталчилгаа хангалтг үй байсан гэсэн тайлбарыг холбогдох албаныхан нь өгч байсан. Аймгийн Засаг дарга Б.Тогтохсүрэнтэй уулзаж мэдээлэл авах гэсэн боловч Хужирт сум руу явсан хэмээн хэлүүлсэн тул уулзах боломж олдоогүй. Нийслэлийн хаяанд шахуу байж ийнхүү малчдынхаа амьжиргаанд томоохон дэмжлэг болох байсан ноосны урамшуулалд иргэдээ хамруулж чадаагүй нь орон нутгийнхны зохион байгуулалт хангалтгүйтэй холбоотой хэмээн зарим малчид нь гомдоллож байсан. Тус аймгийн хувьд энэ ажлыг хамгийн сайн зохион байгуулсан нь Баянгол сум.

Малчдынхаа 60 гаруй хувийг хамруулан 843 малчин өрхдөө нийт 132 гаруй сая төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэгчлэн энэ сумынхан цаанаа л өнгөтэй, цэвэр цэмцгэр аж. Гудамж хороод нь гэрээ цэвэрлэсэн айл шиг нүдэнд торох хоггүй юм билээ. Хүзүүндээ гинжтэй ганц нэг нохой гүйхийг эс тооцвол энд хөдөө сумдын нийтлэг дүр зураг болсон сүрэг нохой, гудамжны буланд овоолсон хог новш харагдсангүй. Сумын Засаг даргын хэлснээр тэд малчдадаа урамшууллыг нь олгохоор ажлын хэсэг байгуулан зохион байгуулалтын ажилдаа оржээ. Төрийн сан, Мал эмнэлгийн үржлийн тасаг, Татварын албаныхнаа оролцуулсан уг ажлын хэсэг малчин өрх бүрийн хээ судалгаа, бүртгэлийг нэгтгэж Хүний хөгжлийн сангаар дамжуулан урамшуулал олгох юм байна. Тэдний судалгаагаар нэг өрх хамгийн их нь 3,2 сая, хамгийн бага нь 700 мянган төгрөгийн урамшуулал авах аж.

Өнгөрсөн жил хугацаа давчуу, малчдыг хамруулах боломж бага байсан ч ажлаа сайн зохион байгуулсны үр дүнд энэ сумын бараг бүх малчин өрх ийнхүү саятан болжээ. Энэ жил малчдаа 100 хувь хамруулна гэсэн итгэл тэдэнд байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй биз ээ. Баянголынхны хувьд “Баянгол” омгийн нэг хониноосоо 1,5 кг ноос авдаг юм байна. Монгол хониноос даруй 300 граммаар илүү ноос өгдөг ч энэ омгоо одоогоор албан ёсоор баталгаажуулаагүй юм байна. Тиймээс тус сумынхан монгол хонины дундаж гарцаар 1,3 кг-аар тооцож урамшууллаа авч байгаа аж. Гэхдээ Мал эмнэлэг үржлийн албаныхан нь “Баянгол” үүлдрийг албан ёсоор бүртгүүлэх судалгаа шинжилгээний ажлаа хийж эхэлснийг танилцуулж байлаа. Мөн энэ сумынхны хувьд ХХААХҮЯ-наас олгож буй төсөл хөтөлбөрүүдэд амжилттай оролцож үр дүнг нь хүртэж эхэлсэн сайхан мэдээ дуулгасан.

Сум хөгжүүлэх сангийн 60 сая төгрөгийн төслийн үр дүн нь эхнээсээ гарч эхэлжээ. Шахмал түлш үйлдвэрлэж айл өрхийнхөө хэрэгцээг хангаж буй талаар Засаг дарга нь танилцуулсан. Хэдийгээр ажлын хэсгийн чиглэлд хамаарахгүй ч утаатай хийх тэмцэлд хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулж буй Улаанбаатарынхны хувьд сонсоод өнгөрөмгүй сонир – холтой мэдээлэл байлаа. Тиймээс ч ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал газар дээр нь очиж, нүдээр үзэхээр шийд лээ. Том хашаагаа монгол банхраар мануулсан Т.Амарсайхан гуайн үйлдвэрийн цех нь хашаандаа байрлах аж. Ам бүл дөрвүүлээ, ажилчдаа цалинжуулаад, сардаа 100 гаруй мянган төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг хэмээн ярих тэрбээр бетон зуурмагийн мэргэжилтэй аж. Ардын ухаан, арга туршлагаараа нүүрсний хог, малын өтөг бууц, модны үртэс гурвыг боловсруулаад утаа бага гаргадаг илч сайтай шахмал түлш үйлдвэрлэсээр жил гаруй болж байгаа гэнэ.

Нэг ширхэг нь 60 төгрөгийн үнэтэй түлш үйлдвэрлэдэг түүний ШБОС-ыг удирдлагууд нь дэмжин сумынхаа өндөр настнуудад хямдралтай, хөнгөлөлттэй үнээр худалдан авч өгдөг аж. Баянголынхон нийслэлээс 500 гаруй км алслагдсан ч дэм дэмэндээ нутаг орноо хөгжүүлж, өөрсдөө ч хөдөлмөрийнхөө үр шимээр сайхан амьдарч байна. Харин бидний дараагийн орсон сум бол Бүрд. Энэ сумынхан ажлаа хангалтгүй зохион байгуулснаас ганц ч малчнаа ноосны урамшуулалд хамруулж чадаагүй аж. IV багийн малчин Б.Энхболдынхоор орлоо. Хүү Уугандоржийнхтойгоо нийлээд хагас мянга шахуу хоньтой энэ хот айлынхан өнгөрсөн жил 500 гаруй кг ноос авчээ. Харамсалтай нь мэ дээлэлгүй, учраа сайн ойлгоогүйгээс бүх ноосоо Рашаантын ченжүүдэд худалджээ. Харин тэднийхтэй саахалт худынхан нь Эрдэнэсант руу ченж Оргоогоор дамжуулан ноосоо тушааж падаан бичүүлж авчээ. Эднийх төв зам дагуу нутагладаг тул ноосны ченжүүд хавар эртнээс гэрээ хийж олон жил ноосоо өгөлцөж авсаар ирсэн юм байна. Харин энэ жилээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж “Монгол чийп вүүл” компанийн төлөөлөгчид ноосоо тушаахаа амлаж байсан.

“Монгол чийп вүүл” компанийн төлөөлөгч Ё.Энхтөрийн тайлбарласнаас үзвэл тус нэгдлийнхэн өөрсдийн бие төлөөлөгчдөдөө энэ жилээс цэнхэр үнэмлэх олгож эхэлжээ. Тиймээс үнэмлэхийг нь харж, нэр усыг нь шалгаж байж хамтран ажиллахыг тэдэнд зөвлөсөн. Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн ноосны урамшууллын хэрэгжилттэй Төв, Өвөрхангай аймгийн дөрөвхөн сумаар орж танилцахад ийм байна. Өнгөрсөн жилийн хувьд цаг хугацааны хувьд хэт тулсан, мэдээлэл сурталчилгааг хангалттай хүргэж чадаагүйгээс олон малчин өрх төрөөс өгсөн дэмжлэгийг хүртэж чадсангүй. Харин энэ жилийн хувьд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд ажлаа зөв зохион байгуулж чадвал малчид үндэснийхээ үйлдвэрт ноосоо 100 хувь тушаах сонирхолтой байна.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ /”Өнөөдөр” сонин/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж