ҮЗХ дараах тогтоолыг батлав

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

ҮЗХ дараах тогтоолыг батлав



Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ өчигдөр товлосон ёсоор хуралдаж, Хамтарсан Засгийн газрын асуудлаар улс төрийн шийдвэр гаргасан билээ. Хурлаас дараах тогтоолыг гаргажээ.

Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүд санал нэгтэйгээр ТОГТООХ НЬ:

 
Ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж ажлын байр буй болгох нөхцлийг бүрдүүлэх, ашигт малтмалын орлогоос иргэн бүрт хүртээх чадавхи бүхий зах зээлийн зарчимд нийцсэн үсрэнгүй хөгжсөн эдийн засгийг цогцлоон байгуулах, шударга ёс тогтоож, ардчилал, хүний эрхийг хамгаалах, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах, УИХ-ын 2008 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, ард түмэнд амалсан амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор Ардчилсан нам Хамтарсан засгийн газарт орж ажиллахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ хугацаанд манай намын мөрийн хөтөлбөрт орсон байгалийн баялагийг Эрдэнийн хувь, хувьцаа хэлбэрээр бүх иргэддээ үнэгүй эзэмшүүлэх, Дэлхий дахиныг хамарсан банк санхүүгийн хямралыг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулах, сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх, иргэний ухаалаг үнэмлэх, санал тоолох машин зэрэг сонгуулийн шударга тогтолцоог хангах нөхцлийг бүрдүүлэх, орон нутагт төсвийн бодитой эрх мэдлийг шилжүүлэх, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг шийдэх, “Монгол мал” хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийг бүрдүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж чадлаа. Гэсэн хэдий ч Ардчиллын үнэт зүйлс алдагдаж, нийгэмд шударга бус байдал даамжирч, ард түмний амьдрал улам дордож хууль хяналтын байгууллагын шинэчлэл, авлига хээл хахуултай хийх тэмцэл зогсонги байдалд орж, шударга ёсыг тогтоох ажилд ахиц дэвшил гаргахгүй байна.

“Шинэ бүтээн байгуулалт”, 100 мянган айлын орон сууц, хурдны зам, төмөр зам зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх том төслүүдийн бодлогын баримт бичиг нь батлагдан санхүүжилт нь шийдэгдэх боломж байсаар байтал Засгийн газар бодит ажил хэрэг болгож чадсангүй. Иймд Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн нийгмийн захиалгын дагуу Ардчилсан нам улс төрийн шийдвэр гаргаж, Хамтарсан засгийн газраас гарах нь зүйтэй гэж үзсүгэй.

АРДЧИЛСАН НАМ 2012.01.11
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж