Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тавдугаар сарын 7, 8, 9-ны өдрүүдэд “Франц-Монголын соёлын өдрүүд-2010” соёлын олон талт арга хэмжээг Францын Элчин Сайдын яамны ивээл дор “Винкс Континенталь” компани анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд улс орныхоо соёл, ялангуяа номын соёл болон хөгжлийн төвшинг танилцуулж, Монгол-Франц зохиолч, орчуулагч, сэтгүүлчид болон ном эрхлэн гаргагчид, хэвлэгчдийн хооронд нягт холбоо үүсгэн, хамтын ажиллагааг дээшлүүлж, улмаар монгол зохиолчдыг дэлхийн номын зах зээлд хөл тавихад нь туслах явдал юм байна. “Франц-Монголын соёлын өдрүүд 2010”-д оролцохоор Франц улсаас 19 дүгээр зууны сонгодгууд болох Эмиль Зола тэргүүтэй нэрт зохиолчдын бүтээлийг хэвлэгч, алдарт Грассэ-Фаскэль хэвлэлийн газрын өв залгамжлагч, ерөнхий захирал ноён Жан Клод Фаскэль болон нэртэй зохиолчид, монголч эрдэмтэн, гэрэл зурагчин Мишэль Сэтбүн, Монголын зохиолчдын төлөөлөл, хэвлэлийн газрын эзэд зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирнэ. “Франц-Монголын соёлын өдрүүд 2010”-ын хүрээнд хоёр орны ном эрхлэн гаргагчдын болон зохиолч уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг, франц- монгол орчуулгын асуудлаар эрдэм шинжилгээний хурал, франц хэл суралцагч оюутан залуусын дунд зохиогдох тэмцээнүүд, урлагийн тоглолтууд, номын үзэсгэлэн, археологийн, хуучин эд зүйлийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажээ.
Г.ДАША