Р.Амаржаргал: ҮЗХ дахин хуралдах байх

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал: ҮЗХ дахин хуралдах байх

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас дараах асуултад хариулт авлаа.

-Хамтарсан Засгийн газраас гарах тухай асуудал дээр ямар шийдвэр гаргав?

-Засгийн газраас гарах нь зөв юмаа гэдэг улстөрийн шийдвэрээ гаргалаа.

-Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээс намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар тогтоолын төсөл мэдүүлсэн. Энэ юу болов?

-Энэ тухай тогтоолын төсөл өргөн барьсан, мөн намын Их хурлыг хуралдуулах тухай асуудал байгаа. Гэхдээ тэр нь өөрөө Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр яригдах тийм дүрмийн заалт байхгүй учраас хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.

-Хурал эхлэх үед намын дарга хуралдааныг даргалах нь буруу, дүрэм зөрчиж байна гэж байсан?

-Хурлыг хэн ч удирдаж болно. Манайд намын дарга нь хурал удирдаад явдаг практик бий. Намын дүрмийн заалтын дагуу бол Үндэсний зөвлөлдөх хорооны  гишүүд дотроосоо хурлыг удирдах хүнийг сонгоод яваад байх бололцоотой. Тэгээд санал хураагаад эцсийн дүндээ намын дарга нар хурлыг удирдах нь зүйтэй юм аа гэж үзсэн.

-Их хурлын ээлжит бус хурал зарлая гэж байсан, энэ асуудал юу болсон бэ?

-Яригдсан, тэгэхдээ шийдвэр гараагүй. Ерөнхийдөө Их хурал зарлах ёстой гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Дараа жич зарлая гэж байна. Намын дарга хэлэхдээ бол “Ойрын хугацаанд дахиад нэг Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хуралдуулъя. Түүгээр намын дотоод зохион байгуулалтын асуудал, намын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тусгайлан авч хэлэлцье” гэсэн.
 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж