Хариуцах эзэнгүй хаалттай нүхэн гарц

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Хариуцах эзэнгүй хаалттай нүхэн гарц

Өвлийн улиралд нийслэлийн авто замаар хөндлөн гарна гэдэг үнэхээр бэрх. Суунагласан хар утаан дундаас хаа нэгтэйгээс ямар нэгэн машин гулгаж ирээд таныг мөргөчихгүй гэх баталгаа байхгүй. Гэхдээ энэ асуудалд огт санаа зовохгүйгээр зам хөндлөн гарах хамгийн найдвартай арга бол нүхэн гарцаар гарах. Явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлж, авто замын ачаалалыг бууруулах зорилгоор нүхэн гарцыг ашигладаг. Дэлхий нийтийн жишиг ч тийм. Харин манайд нүхэн гарцыг ашиглах арай өөр тогтолцоо үйлчлээд байх шиг.

Амь наснаас ч үнэтэй ашиг орлого

Анх 1995 онд ашиглалтад орсон “Хүнсний 20”-ийн нүхэн гарцаар иргэд амар тайван зорчих дуртай. Хаанаас машин ирж байна гэж хоёр тийшээ байн байн харах шаардлагагүй, тааваараа алхаад л гарчихна. Харамсалтай нь өглөө оройдоо уг нүхэн гарцаар гарах аргагүй болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Тодруулбал, оройн 23 цагаас өглөөний 07 цаг хүртэл уг нүхэн гарцыг хааж, харуул хамгаалалтаар хамгаалуулдаг. Учир нь энд та бидний хэлж заншиснаар цөөн тооны “ТҮЦ” байрладаг болохоор тэр. 24 цагаар онгорхой байлгах учиртай уг нүхэн гарцыг хааснаар эл газрын орчим өглөө оройдоо зам тээврийн осол гарах нь нэлээд ихээхэн талаар холбогдох албаны хүмүүс ч хэлж байсан. Үр хүүхдээ хичээл сургуульдаа явахдаа аюулгүй газраар зам гарж байгаа эсэхэд санаа зовнисон эцэг эхчүүд ч үүнд халаглаж байна. Автобусны буудал дээр хүүхдээ тосч аваад харихаар яваа Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Ч.Энхтуяагаас уг нүхэн гарцны талаар асуухад:

-Манай хүүхэд нэгдүгээр сургуульд сурдаг. Өглөөний ээлжинд хичээл нь ордог юм. Гэтэл хүнсний 20-ийн нүхэн гарц өглөө болгон хаалттай байх юм.  Тэр хавийн ихэнх хvvхдvvд түүгээр зам гардаг. Зам хөндлөн гарах гэж яваад машинд шүргүүлэх, осолд орох тохиолдол их байгаа. Өмнө нь гарж ч байсан. Энэ нүхэн гарцыг байнга онгорхой байлгаж болдоггүй юм уу. Хүний эрүүл мэнд, амь нас энд байрлах хэдэн “ТҮЦ”-нүүдээс хямдхан юм гэж үү хэмээн ярьж байсан юм. Уг газар үйлчилгээ эрхэлдэг эмэгтэйгээс хэзээнээс хаадаг болсон, яагаад заавал хаадаг юм бэ гэж асуухад:

-Хэн ч байсан орлогын эх үүсвэр болсон энэ “ТҮЦ”-ээ хараа хяналтгүй байлгахыг хүсэхгүй биз дээ. Тэгээд ч онгорхой байлгая гэхээр хулгай гарахаас эхлээд согтуу хөлчүү хүмүүс цуглаж зодоон цохион хийгээд, шил толийг нь хагалчих гээд байдаг юм. Адилхан л амьдрах гэж зүтгэж яваа болохоор арга ядсандаа л хаалга үүдийг нь хааж, манаач хүртэл хөлсөлж ажиллуулахав дээ. Цагдаа сэргийлэх нь найдвартай харж хамгаалаад байдаг бол юу гэж хаалга үүдийг нь хааж түгжихэв дээ гэсэн юм.

Үнэхээр энэ нүхэн гарц нь анхнаасаа үйлчилгээ явуулахаар төлөвлөгдөж баригдсан гэвэл үгүй. Замаар бус нүхэн гарцаар гарах хүмүүс их байдаг болохоор үйлчилгээ явуулах нь ашигтай болохыг олж харсан иргэд холбогдох газраас нь зөвшөөрөл авч эгнэсэн шилэн хаалт барьж худалдаа наймаагаа хийж эхэлсэн. Амьдрал ахуйгаа залгуулж  ашиг орлого олж байгаа иргэдийг буруутгах гээгүй ч, нүхэн гарц хаалттай хэмээн зам дээгуур машин сүлжин гүйх хүний амийг ч хайрламаар бас хамгаалмаар санагдана.


Буух эзэн буцах хаяггүй нүхэн гарц

Хууль журмандаа бол эл нүхэн гарцыг хаах нь зөв эсэх, цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг асууж лавлахаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандахад:
-Манайх энэ асуудалд ямар ч хамаагүй. Энэ нүхэн гарцны урд талын хаалгыг Сүхбаатар дүүрэг, хойд талын хаалгыг Чингэлтэй дүүрэг хариуцдаг. Тухайн дүүргүүдээс нь лавла гэсэн хариуг өгсөн юм. Иргэдийг бухимдуулаад байгаа эл нүхэн гарцны хойд хаалгийг нь хариуцдаг гэх Чнгэлтэй дүүргийн тохижилт цэцэрлэгжүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн А.Гэрэлт-Одоос энэ талаар асуухад:

-Замынхаа урд хойноос шалтгаалаад манайх болон Сүхбаатар дүүрэг хоёр тал нь хариуцах ёстой гэсэн зүйл яригдаад байгаа юм. Уг нь анх энэ нүхэн гарцыг барихдаа Сүхбаатар дүүрэгт хүлээлгэн өгсөн юм билээ. Манайд нэг хаалга нь байдаг ч манайх яг хариуцаж ажилдаггүй. Харин хогоо манай талд гаргаж хаяад байдаг болохоор манай дүүргийн хогны машин очиж ачдаг. Тэрнээс болоод танайх хогны мөнгө авдаг юм чинь танайх хариуцах ёстой гэсэн үл ойлголцол гараад байгаа юм. Яг хариуцах ёстой дүүрэг нь Сүхбаатар дүүрэг гэсэн юм.

Харин Сүхбаатар дүүрэг ч мөн адил манайх энэ нүхэн гарцыг хариуцдаггүй Чингэлтэй дүүрэг хариуцах ёстой. Замын хөдөлгөөн зохицуулах ёстой замын цагдаа ч мөн Чингэлтэйн замын цагдаа хариуцдаг, манайд хамаагүй гэсэн хариултыг өгсөн юм. Муугаар бодож гал түймэр үер усны аюул боллоо гээд бодоход буух эзэн буцах хаяггүй энэ нүхэн гарцыг хэн хариуцаж, ямар албан тушаалтан хариуцлага хүлээхийг нйслэлийн төр захиргааны байгууллагууд хэлж өгч тус болооч.

Х.НАРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж