Энэ удаагийн “Риголетто” дуурийн гол дүрд буюу алиа салбадай Риголеттод Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуулах юм. Харин Риголеттогийн охин Жильдад Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга дуулах нь ээ. Э.Амартүвшингийн хувьд сонгодог урлагийн олимп болох П.И.Чайковскийн олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд мөнгөн медаль хүртэх, шийдвэрлэх мөчид Риголеттогийн ариг дуулж байсан удаатай. Түүнийг энэхүү “Риголетто” дуурийн бэлтгэлийн үеэр цөөн хором уулзлаа.
Э.Амартүвшин: Миний хувьд “Риголетто” дуурьд анх удаа дуулах гэж байна. Риголеттогийн гол ари байдаг. Тэрхүү ариг би хэд хэдэн удаа дуулж байсан. Сүүлд П.И.Чайковскийн төгсгөлийн шатанд дуулж мөнгөн медаль хүртэж байсан. Баритон хоолойтой дуучдын мөрөөдөл болсон, маш хэцүү даваа. Залуу хүний хувьд их зориг гаргаж, энэ дуурьд дуулах гэж байна. Ямар ч байсан их баяртай байна. Риголетто гэдэг хүн бол ордны алиа салбадай. Гэхдээ маш сайхан сэтгэлтэй, дотроо ордны бузар булай, бүх муу муухайг илчлэх гэж, түүний эсрэг тэрсэлдэж явдаг хүн. Харин гаднаа бол ордны вангийн удирдлагаар л хөдөлж байдаг хүн. Тэр хүнийг чадах гэж байгаад охиноо алддаг тухай энэ дуурьд өгүүлдэг.
Ө.Уянга: Би Жильдагийн дүрд дөрөв дэх удаагаа тоглох гэж байна. Мэдээж дэлхийд алдартай дуурь учраас мэргэжлийн ур чадвар шаардсан дуурь юм. Энэхүү дуурь нь тухайн үедээ ордны бузар булай байдлыг илчлэн харуулж байснаараа маш их алдарт хүрсэн юм. Жильдагийн алдартай ари нь хамгийн эхний ари нь байдаг.
Театрын шинэ, залуухан Риголетто
Хөгжимд хайртай, хөгжмийн мэргэжилтэнгүүд жил бүр ноён оргил хөгжмийн зохиолчдын жил болгон зарладаг. Өнгөрсөн онд В.А.Моцартын жил болон өнгөрсөн бол энэ жил бол Ж.Вердийн жил эхэлж байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Вердийн жилийг түүний оргил бүтээлүүдийн нэг “Риголетто” дууриар нээж байгаа аж. “Риголетто” дуурийн УДБЭТ-ын тайзнаа анх 1987 оны нэгдүгээр сарын 11-нд амилж байв. Өчигдөр Монголын тайзнаа “Риголетто” 25 нас хүрч байгаа юм. "Риголетто" дуурийн театрын энэ сарын 15-нд 17.00 цагт тоглох юм.
М.Дөл