АН-ын ҮЗХ-ны гишүүдийн хуралдааны уур амьсгалын талаар тодрууллаа.
-ҮЗХ-ний хуралдаан дүрмийн бус болсон гэх шүүмжилж байсан талаараа тайлбарлаач?
-Анх Засгийн газар байгуулагдахдаа хэлж байсан гоё сайхан уриа энэ хугацаанд биеллээ олсонгүй. Ард түмний язгуур эрх ашиг гэж бид ярьдаг. Гэтэл өнөөдрийн ард түмний амьдрал ямар байгааг бид бүгдээрээ мэднэ. Өнөөдөр Засгийн газрын тэргүүний ярьж байгаа шиг “82 хувийн биелэлттэй” гэдэг шиг зүйлийг манай нам дагаж намираад байх хэрэггүй юм. Хамтаръя гээд урьсан, энэ нь тухайн үеийн хүнд асуудлыг зохицуулахын тулд байсан гэдгийг би ойлгосон.
Түүхий эд гэдэг газрын баялгийг ямар ч улс орон хөгжихдөө ашиглахын тулд боловсруулдаг. Боловсруулахын тулд Сайншандын төслийг өргөн бариад Засгийн газарт танилцуулсан. Энэ асар удаан шийдэгдсэн. Одоо хүртэл энэ ажил яваагүй. Яагаад гэхээр түүхий нүүрсийг л экспортлох ёстой. Түүхийгээр экспортлогдож байгаа нүүрсний эзэд нь хэн бэ гэхээр Хятадтай хамтарсан манай Монголын компаниуд. “MCS” компанийн ажлыг энэ засагт байхдаа нэлээн хийж өглөө. Ингээд АН-ыг хамтарсан Засгийн газарт орохыг уриалсан манай намын дарга маань яасан гэхээр байгуулсан гэрээнийхээ ажил дээр сүүлийн хоёр жилд олигтой “хөдөлсөнгүй”.
Би сая сонсгосон номны ишлэлийг дахиад хэлье. “Мянгыг хулгайлахын тулд хулгайчийн гар, саяыг хулгайлахын тулд үгсэн хуйвалдсан бүлэглэл, тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулах хангалттай. Харин хуу хамахын тулд ганцхан үзэл суртал хэрэгтэй” гэж. Өнөөдөр манайд бүлэглэлүүд байгуулагдсан, хууль гаргаад эхэлчихсэн. Харин хуу хамахын тулд үзэл суртал хэрэгтэй гэдэг дээр өнөөдөр Ерөнхий сайдын яриад байгаа 2030 онд нэг хүнд ногдох бодит орлого 60 мянган доллар болно гээд байгаа чинь үзэл суртал байхгүй юу. Тийм зүйл рүү зорьж байгаа юм шигээр байнга яриад байхаар нөгөө хүмүүсийн тэмцэх, бухимдах чанар байхгүй болдог. Тэгэхээр энэ үзэл суртал яваад эхэлчихсэн.
Өмнө нь ядарсан, зүдэрсэн хүмүүс Ардчилсан нам биднийг хамгаална гэдэг байсан. Сүхбаатарын талбайн зүүн талын умгар мухарт ямар ч зүйл болсон цугладаг байлаа. Өнөөдөр сөрөг байр суурь байхгүй болсны харгайгаар бүгд хулгайчид, луйварчид шиг харагдах болсон. Үүний гол буруутан нь хамтарсан Засгийн газарт орсон нөхдүүд гэж би ойлгож байна. Одоо гэнэт Засгийн газраас татгалзъя гэнэ. Өнөөдөр гэнэт МАН гэж том дайсан байгаа юм шиг босч ирээд байх юм. Ичих хэрэгтэй шүү дээ. С.Батболд, Н.Алтанхуяг хоёр зэрэгцэж суучихаад сайн сайхан байна, улс орон хөгжиж байна, Засгийн газрын биелэлт 80 хувьтай байна гэж дүгнэж нэгнийгээ бялдуучилж зусардаж байдгаа болих хэрэгтэй. Улаанбаатарт амьсгалах агаар ч алга, яг үнэндээ. Зургаан сарын өмнө АН засгаас гарчихлаа гээд өөр болохгүй. Хамгийн сүүлд сонгуулийн хууль баталсан нь УИХ-д сууж байгаа энэ нөхөд ялагдсан ч гэсэн дахиад УИХ-д орох тиим боломжийг өөрсөддөө бий болгосон. УИХ-д сууж хэдэн нөхөр батлахаар хууль болчихдог юм биш. Энийг чинь ард түмэн баталж байж хэрэгждэг юм. Ийм хууль баталчихаад өөрсдийгөө Ардчилсан нам гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Энэ сонгуулийн хуулиар явуулсан сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх бидэнд бий. 2008 оны сонгууль ч гэсэн луйвартай булхайтай болсон. Одоо харин луйвар булхайгаа хуулийн дагуу болгочихоод дахиад дөрвөн жил дарлах гэвэл андуурч байна. Дарга нарт хариуцлага тооцоод мянга саналаа өгөхгүй байгаад ч эцэстээ дахиад бидний орой дээр суудаг тогтолцоог бий болгочихлоо. Энэ Сү.Батболд, Н.Алтанхуягийг яаж эндээс явуулах юм бэ? АН ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй. АН-ын дарга гэхээр дур нь хүрэхээр хамтарсан Засгийн газарт ордог дургүй нь хүрэхээр гарчихдаг. Ингээд орой дээр сууж байдаг хаан юм уу, бурхан юм уу.
-Намын дарга Н.Алтанхуяг хурлын эхнээс л намынхаа дүрэм журмыг зөрчиж байна. АН-ын удирдлага хурлаа нээгээд дараа нь тэргүүлэгчдээ сонгох ёстой байдаг. Тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон хүмүүс энэ хурлыг даргалах ёсгүй гэсэн дүрэмтэй. Энэ дүрмийг намын Их хурлаас баталсан. Н.Алтанхуяг дарга бол өнөөдөр ажлаа дүгнүүлэх ёстой хүн. Өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд энэ Засгийн газар ямар ажил хийсэн юм бэ? Зөвхөн баяр ёслолын байдалтай бид нар гарлаа, явлаа гэдэг үг ярих ёсгүй. Олсон ололт, гаргасан амжилтаа дүгнэх ёстой юм. Энэ бол сонирхлын зөрчил. Дөнгөж сая бас л дүрэм зөрчлөө. Би бол тооллогын комисст ороод тоолж байсан. Гэтэл түтгэлзсэн хүмүүсийг тоонд оруулсангүй. Дүрмийн дагуу Засгийн газрын гишүүдээс хэн нь ч энэ хурлыг удирдах ёсгүй. Үүнийг Х.Баттулга сайд сануулж хэлсэн. Гэтэл өөрөө айж байгаа юм уу гэж харагдаж байна. Эр хүн юм бол өөрийн ажлаа сайн муу гэж дүгнүүлэх хоншоор байх ёстой. Хийсэн ажил нь сайн, муу байсан гэдгийг хэлүүлэх эр зориг, чадвар чадал алга байна. Дүрэм журам зөрчиж байгаа нөхцөлд хурлыг даргалж чадахгүй гээд Ш.Түвдэндорж дарга гараад явж байна. Гэтэл өөрөө би больё оо гээд хэлчих чадвар алга. Дээрээс нь гишүүдээ азаргалаад, захиргаадаж байгаа нөхцөлд хурал ном ёсоороо явж, гишүүд нь итгэл үнэмшлээрээ оролцож чадахгүй байна. Саналаа хэлэх гэж байгаа гишүүдийн микрофоныг хааж байна. Энэ бол маш бүдүүлэг байдлыг харуулж байна. Гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн индэр байх ёстой. Намын дарга өөрийнх нь солигдох асуудал яригдах вий гэхээс үхтлээ айж байгаа нь харагдаж байна шүү дээ. Тааруу ажилласан гэсэн яриа гарах вий гэхээс айж байна. Тийм болохоор хуралдааныг хүчээр өөрөө даргалж азаргалж маш хуучинсаг, бүдүүлэг аргаар явуулж байна. Айгаагүй бол гишүүдээрээ чөлөөтэй дүгнүүлээд дүрмээрээ явах нь яасан юм.