Л.Гүндалай: Энэ жил зодоон цохион болсонгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай: Энэ жил зодоон цохион болсонгүй

-Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар намын даргыг огцруулах асуудлыг ярина гэж байсан. Юу болчихов оо?

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар намын даргыг огцруулах асуудлыг яриагүй. Зарим нэг хүмүүс бол янз бүрийн санал шүүжлэл гаргаж байсан. Манай Ардчилсан нам бол анхнаасаа л ийм араншинтай. Байнга л маргалдаж мэтгэлцэж байдаг нам. Энэ араншингаараа хурлаа хийлээ. Эцсийн дүндээ намын даргыг огцруулах ч юм уу, намын Их  хурлыг хуралдуулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Энэ талаар санал гарч байсан боловч санал хураагаагүй.

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдэд олгосонгүй гэх шүүжлэл нэлээд байна?

-Манайхан бол хоёр микрофон дээр ээлжилж зогсоод хүн болгон л 5-10 минут ярьсан. Нийтдээ 30 гаруй хүн үг хэлсэн, санал бодол, шүүмжлэлээ хэлсэн. Цагт баригдаад бүх хүнийг бол үг хэлүүлж чадаагүй, гэхдээ гол гол санаа шүүмжлэлүүд бол гарсан гэж бодож байгаа. Зарим нэг хүмүүс үг хэлж чадаагүй бол тэр хүмүүс өөрсдөө нэрээ түрүүлж өгч чадаагүй ч юм уу, цаг хугацаанд л хавчигдсан байх. Би хүртэл хоцорч орж ирээд нэлээд гуйж байгаад үгээ хэлсэн. Ер нь хэнийг ч гэсэн үг хэлэх ч юм уу, үзэл бодлоо илэрхийлэхийг нь хязгаарладаг, хориглодог нам биш. Тэр байтугай манай хурал дээр миний л мэдэхийн олон жилийн өмнөх хуралдаанууд дээр өчнөөн хэрүүл, зодоон цохион болдог байсан. Энэ жилийн хуралдаан дээр зодоон цохион болсонгүй. Харин шүүмжлэл бол хангалттай сайн өрнөсөн. Янз бүрийн санал сэтгэгдэл бол зөндөө байсан. Гэхдээ бид нэгдсэн шийдэлд хүрээд ирэх саруудад юу хийх вэ, сонгуульдаа яаж бэлтгэх вэ. Намын даргын илтгэл болон бусад сайд нарын илтгэлийг хүлээж авч, нэлээд шүүмжлэлтэй хандсаны үр дүнд нэлээд гишүүд маань сэтгэл хангалуун үлдсэн бас өөрийн хүсэн хүлээсэн хариултыг авсан гэж би хувьдаа найдаж байна.

-Хоёр намын хамтарсан гэрээнд зааснаар Ардчилсан нам Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаар гэрээ ёсоор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой юу?

-Уг нь бол хамтарсан гэдэг нэртэй Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж би хувьдаа бодож байгаа. Гэхдээ манай намын зургаан сайд огцрох өргөдлөө өгсний дараа МАН-ын зүгээс зургаан шинэ сайд тавиад үйл ажиллагаагаа явуулахад болохгүй гэх зүйлгүй. МАН-ын хувьд өөрсдийнх нь шийдэх асуудал.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж