Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Эмчийг хүлээсэн өдөр

Хүүхдээ тэвэрсэн, цүдгэр гэдэстэй хүмүүс, ар, гэрийнхэн нь гээд олон хүмүүс нэгэн хүнийг хүлээж сууна. Эмч ирэхийг. Олны нэрлэж заншсанаар “Эх нялхас”-ын хэдэн эмч нар хаалгаар ороод ирмэгц Туяа эмч үү, Цэцгээ эмч үү гээд тал, талаас нь “барьж идэх” шахна. Даанч тэдний хайсан хүн үүдээр орж ирсэн эмч нарын дунд алга. Тэдний хүлээлт үргэлжилсээр. Эмч нарыг хүлээж байх зуур “Лавлагаа”-ны ажилтан ажилдаа алга. Тиймээс аль тасагт хэнтэй уулзах, энэ өвчтөн чухам ямар тасагт орох нь таавар мэт. Чухам энэ таавар хэзээ тайлагдаж өвчтөнүүд хүссэн эмч дээрээ очихыг хэн ч үл мэднэ.

Үүдний тасагт хүлээлт үргэл­жилж байх хооронд дээд давхрын эмч нарын өрөөний гадна ч олон хүн шавжээ. Тэд бас л хүлээсээр. “Миний хүү уйлахаа боль удахгүй эмч нь ирээд тэгээд зүгээр болно за” гэж нэгэн ээж хүүгээ аргадна. Угтаа тэднийг хүлээлгээд байгаа гол шалтгаан нь хурал. Сарын эхээр хуралддаг хурал энэ өдөр таарсан нь тэртээ тэргүй ачаалалтай байдаг “Эх нялхас”-ын хөл, хөдөлгөөнийг улам нэмж орхисон нь энэ.

Нялхсын ханиад нэмэгдэв

Хүлээлтийн гол шалтгааны нэг нь ханиад. Сүүлийн үед нялхсын өвчлөл нэмэгджээ. Ялангуяа ханиад. “Манай хүү одоо 9 сартай ханиад хүрчихээд байхаар нь гэрээрээ эмчилсэн ч улам хүндрээд өнөөдөр эмнэлэгт хүрч ирж байна. Гэтэл эмч нар нь алга” гэж Урнаа хэмээх эмэгтэй ярьж байсан юм. Эмч нар нь хуралдаад завгүй байх хооронд өвчтэй хүүхдүүд тэднийг хүлээсээр л… “Нялхсын дунд ханиад их байгаа. Гэхдээ эмнэлгийн ачаалал хэтрээд сүйд болсон юм байхгүй. Жил болгон л ийм байдаг юм” гэж нэрээ бичихгүй байхыг анхааруулсан нэгэн сувилагч хариулж байсан юм.

Ор алга, өөр хаана…

Энэ үгийг би “Эх нялхас”-ын хуралддаг эмч нараас олж сонссонгүй. Харин тэнд хэвтэх гэж байгаа өвчтөнүүдээс олж сонссон юм. Тасаг болгон дүүрсэн учраас коридорт нь хэдэн эвхдэг төмөр ор дэлгэн тавьжээ. Дээр үеийн цэргийн эмнэлэгт ороод ирчихсэн мэт сэтгэгдэл эрхгүй төрснөө нуугаад яахав. “Одоо ор байхгүй гэнэ ээ. Тэгээд л сонин царайлаад суугаад байна. Болохгүй бол таньдаг хүн рүүгээ ярьдаг байх даа” гэж Баянгол дүүргийн иргэн Ж.Сэргэлэн ярьж байсан юм. Хүлээгсдийн дийлэнхийх нь толгойг өвтгөөд байгаа асуудал бол “ор” байхгүй л шалтгаан. “Хаанаас юу сонсчихоод ийм юм яриад яваад байна тийм юм байхгүй” гэж нэгэн эмч нэрээ ч хэлэлгүйгээр цааш явж одсон юм. Гэхдээ тэр хүнээ эмчлэх гэж биш, нөгөө дуусдаггүй хуралдаа л яаран нэрээ ч хэлэхгүй “орхиод одсон” нь энэ.

Төрөлт нэмэгдсэн, харин…

Ор олдохгүй байгааг төрөлт нэмэгдсэнтэй холбож болох. Учир нь сүүлийн хэдэн сар жирэмсэн эхчүүд бараг дуугарлах шахуу юм болж байгааг сувилагч нар нуусангүй. Хүлээгсдийн дунд жирэмсэн эхчүүд их байгааг харвал тэдний ярьж байгаа нь үнэн ч юм шиг.

Хайгаад олддоггүй эмч нарыг хүлээж байх хооронд хариугүй төрөх гэж байгаа эхчүүд хоёр, гурваараа ирж байгаа харагдав. Төрөлт их байгааг сайшааж болох ч жирэмсэн эхчүүдийг ялгаж үйлчилдэг ажээ. Дээлтэй, бага зэрэг улаан хацартай хүмүүс орж ирэхэд сувилагч нар зандрангуй өнгө аясаар харьцах. Харин булган шубыг мөрөндөө тохож, “айпөөн” барьсан хүмүүс ороод ирэхэд хушуугаа дэвсэн угтана. Ийм дүр зураг нэлээд хэд ажиглагдсаныг нуух юун.


Нэрээ хэлэхээс эмээгчид…

Нэр хэлэх нь эндхийн эмч нарт цээр мэт байх ажээ. Сувилагч, лавла­гааны ажилтан, эмч, ерөнхий эмч гээд бүх хүн нэрээ хэлэхээс татгалзаж байв. Яагаад, юуны учраас нэрээ хэлэхээс татгалзаад байгааг бүү мэд. Нэрээ хэлэхээс татгалзаад байгааг харвал ямар нэгэн асуудал байгаа ч юм шиг. “Би нэлээд хэдэн удаа ирж байна. Тархи, толгойны өвчтэй. Ирэх болгонд эмч нар загнасан өнгө аясаар харьцдаг. Өвчин туссан нь миний сонголт биш шүү дээ” гэж Цэрэндулам гуай ярьж байлаа. Угтаа хүлээлт ч, хүнд ч суртал ч их гэдгийг ингэж нотлох хүн олон.

Тэвч, итгэ, хүлээ

Өглөөний найман цагаас хойш хүлээсэн өвчтөнгүүд өдрийн гурван цаг хүртэл хүлээх хэрэгтэй болов. Хурлын тарах цаг чухам энэ үед таарч байгаа болохоор. Энэ хооронд хүмүүс ганц, нэгээрээ нэмэгдсээр “Эх нялхас”-ын давчуухан үүдний хэсгийг чамгүй дүүргээд амжив. Хаалгаар шагайсан, өвчин нь гайгүй хүмүүс бүгд л “За хувийн эмнэлэг бараадъя “гээд машиныхаа жолоог өөр тийш нь мушгина. Эмнэлэг хайх тэнхэлгүй, хувийн машин, унаагүй хүмүүс нь эмч нарын хурлыг тарах цагийг хүлээн давчуухан атлаа сэрүүхэн үүдний өрөөнд суух ажээ. Тэд хүлээж чадвал, эмч ирнэ. Эмч ирвэл, өвчин эдгэчих ч юм билүү. Үүдний хаалгаар хариугүй тө­рөх гэж байгаа нэгэн бүсгүй орж ирэв. Дамжилж зогсох за­луус лавлагааны эмчийн удаан хөдөл­гөөнтэйг гайхаж, загнаж байгаа ха­рагдлаа. Гэхдээ тэд хүлээх л болж дээ. Учир нь эмч нарын хурал тараагүй байв.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж