Шүүмжлэлд булагдсан ҮЗХ-ны хурал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Шүүмжлэлд булагдсан ҮЗХ-ны хурал өндөрлөлөө

Будилсан тооллогоор халуухан эхлэв

Ардчилсан намын хурал ширүүхэн болдог өчигдрийн Үндэсний зөв­­­лөлдөх хорооны хурлын эхнээс л тодор­хой харагдлаа. Хуралдаан дар­­галагч, санал тоолох комиссыг сонгохоос эх­лээд л танхимд гал ассан юм.

Намын дарга Н.Алтанхуяг, ЕНБ-ийн дарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн намын дарга Ш.Түвдэндорж нараар даргалуулсан хурал эхлүүлж энэ бүтцээр хуралдааныг удирдацгаая гэхэд Х.Баттулга гишүүн “Тэргүүн шадар сайд та ингэж азаргалж болохгүй шүү. Хуралдааныг та гурваар даргалуулна гэж хэн шийдсэн юм бэ? Танхим дотроос даргалагчаа сонгож явуулъя” гэв. Ингэж хэлсэн нь Хамтарсан Засгийн газрын асуудлыг авч хэлэлцэх гэж байхад Шадар сайд хүнээр нь хурал удирдуулах нь тохиромжгүй гэх санаатай байв.

Үүний хариуд намын дарга “Та намайг Тэргүүн шадар сайд гэж харж байна уу, намын дарга гэдгээр харж байна уу? Өчигдөр /уржигдар/ гүйцэтгэх зөвлөлийн хурлын олонхийн саналаар намын дарга, Нийслэлийн АН-ын дарга, ЕНБ дарга гурав даргалахаар болсон юм” гэж тайлбарлав.

Уржигдрын АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс ҮЗХ-ны хурлаар таван асуудал хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн ба шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөв­лөлийн гишүүдийг батламжлах, хамтар­сан засгаас гарах тухай, сайдуудын мэдээл­лийг сонсох, хамтарсан засгийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт гэх­чи­лэн хэлэлцэх асуудлыг оруулжээ. 

Энэ мэт дүрэм зөрчсөн эсэх мар­гаан танхимд багагүй өрнөсний эцэст тооллогын комисс байгуулан, дахин хуралдаан даргалагчийг сонгох талаар санал хураалт явуулсан юм. Ингээд “олонхийн саналаар” хуралдаан дарга­лагчид хэвээр үлдэж буйгаа зарлав.

Даргалагчийн суудлаа орхив

Намын даргын илтгэл эхлэхийн өмнө Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж хурлын тэргүүлэгчдийн суудлаас гэнэт босч микрофон руу очив. Тэрбээр “Надад гишүүдийг ялга­вар­ласан, эрхийг нь хааж боосон ийм хурлыг даргалах совест байхгүй” хэмээ­гээд танхимыг орхин гарав. Түүний энэ үйлдлийг нэлээд гишүүд дэмжиж буйгаа илэрхийлэн алга ташицгааж байлаа.  


Гарч “амжаагүй” санал

Хуралдаан удирдагчийг сонгосны дараагийн санал хураалгах зүйл нь хэлэлцэх асуудлыг энэ хэвээр батлах тухай байлаа. Энэ тухай санал цөөн илүү саналаар батлагдсанаар хуралдааны явцад шинээр санал гарах боломж үндсэндээ хаагдав. Тухайлбал, намын удирдлагыг солих, намын их хурал хуралдуулах  тухай санаа энэ санал хураалтаар үндсэнд нь хаагдсан юм. Сүүлд нь танхимаас АН-ын даргыг огцруулах, намын их хурлыг хуралдуулах талаар ҮЗХ-ны гишүүн Н.Батаа, Ж.Равдандорж нарын саналаар санал хураалгасан ч дэмжлэг авсангүй.


Тайлан ба гомдол

Халуухан уур амьсгалтай танхимд намын дарга Н.Алтанхуяг хамтарсан засагт хэрхэн ажилласан, яагаад гарах шийдвэр гаргах болсон талаар илтгэлээ тавилаа. Тэрээр Монголын тусгаар тогтнолын төлөөх нэрт зүтгэлтэн Жавзандамба хутагтын хэлсэн “Аливаад цаггүй нь үгүй. Тусгаарлах цаг нь болжээ” хэмээх үгээр илтгэлээ эхлүүлж 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэргийг шийдвэрлэх, ардчилсан Ерөнхийлөгчийг гаргах боломжийг нээх гэж, хавтгайрсан халамжийн бодлогыг хязгаарлах гэж хамтарсан засагт орсон тухайгаа эргэн сануулав. Түүнчлэн хамтарсан Засгийн газраас гарах болсон тухай саналаа гэнэт нэг өдөр гараагүй гэдгийг хэлж “Манай нам өнгөрсөн жил “Монгол хүн 2020” хөтөлбөрөө хэлэлцүүлж 21 аймаг 9 дүүрэгт очиход манай мянга мянган гишүүд дэмжигчид хамтарсан засгаас хэзээ гарах асуудлыг байнга хөндөн тавьж байсан. Засгийн газар нийт хугацааныхаа 90 хувийг туулжээ. АН-ын 6 сайд ЗГ-аас гарснаар ЗГ огцрохгүй ээ. МАН-ынхан 6 сайдаа нөхөж тавиад ажиллах бүрэн боломжтой” гэдгийг хэлэв.

Үүний дараа Эрүүл мэнд, Зам тээвэр, барилга хот байгуулалт, Батлан хамгаалах, Байгаль орчин аялал жуулчлал, Сангийн сайдуудын улстөрийн илтгэлээр үргэлжилсэн юм. Сайдууд салбартаа өнгөрсөн гурван жил хийсэн ажил, гарсан өөрчлөлт, батлагдсан бодлогын баримт бичгүүдийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хамтарснаар юу хийж амжуулав, юуг хийж чадаагүй тухай илтгэлдээ дурдаж байлаа. Сайд нарын илтгэлээс Х.Баттулга сайдын илтгэл онцгой байсан гэдгийг танхимын уур амьсгал харууллаа. Х.Баттулга сайн муу хоёр зүйл хэлнэ гэдгээ мэдэгдээд, сайн нь муугаасаа хавьгүй бага гэдгийг анхааруулав. Төмөр замын асуудлыг УИХ-аар батлуулсан, бүтээн байгуулалтын асуудал дээр УИХ сайн ажилласан, олон мянган орон сууцны асуудал урагш ахисныг тэрбээр тэмдэглээд, муу мэдээгээ эхлэв. Түүний муу мэдээ Сайншандын аж үйлдвэрийн паркийн асуудал удаан шийдэгдсэн, нарийн төмөр замын зөвшөөрөл өмнө нь нэр бүхий этгээдүүдэд нууцаар өгөгдсөн байсан гэх зэргээр яамны сайдын хувьд хариуцсан ажилд нь тулгарсан саад бэрхшээлүүдээс эхлэв. Намын асуудлаар хэлсэн үгэндээ тэрбээр “Дуртай үедээ ордог, дургүй үедээ гардаг” гэж дүгнэлээ. “Дахиад хамтрах магдалал өндөр бий. Тэр үед “Алтан гадас” дайраад л орно” гэж тэрбээр хэлсэн юм. Хурлын гишүүдийн санал бодол хайрцаглагдсан, зохион байгуулагчид гишүүдийн ирц дээр “ажилласан” гэдгийг Х.Баттулга тэмдэглэв. Хурлын индэр дээрээс сайдын хэлсэн үгэнд гарсан хамгийн ноцтой зүйл нь Монголын нэгэн томоохон компанийн асуудал байлаа. Энэ нь “MCS групп” гэдэг нь түүний үгнээс тодорхой байв. Х.Баттулгын өгүүлснээр энэ компани Засгийн газартай 70 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээ хийхийг чармайж байгаа бөгөөд энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. “Өнөөдөр чоно борооноор гэж Засгийн газрын хуралдаанаар оруулах гэж байна Өнөөдөр байгаа бүх охин компани, цаашид байгуулах компаниуд нь энэнд хамрагдах гэж байна. Монголын бусад компани тэгвэл хаанаас төрчихсөн юм бэ?” гэж тэрбээр хэлсэн юм. 

АН-ын ҮЗХ-ны хурал ид дундаа үргэлжилж, хэлэлцүүлэг, санал шүүмжлэл өрнөж байна. Гэтэл хэлэлцүүлгийг тасалдуулсан нэг зүйл боллоо. Хурал тэргүүлэгчдийн зүгээс “хурал зохион байгуулагчид анхааралтай байх хэрэгтэй. Энэ хуралд ҮЗХ-ний гишүүд л орол­цох ёстой. Тэр С.Бямбацогт гишүүнийг гарга” гэв. Үнэхээр ч МАН-ын гишүүн С.Бямбацогт ҮЗХ-ны хуралд ороод ирчихсэн танхимын хойд хэсэгт тухтай нь аргагүй сууж харагдлаа. Нэрийг нь дуудаж, ҮЗХ-ны гишүүд бүгд эргэж харахад л тэрбээр сандрангуй гараад явчихав. Хөөгдөж, бас ч үгүй хэсэг хугацаанд ҮЗХ-нийх­нийг хөгжөөсөн С.Бямбацогт гарсны дараа хурал­даан ахиад л халуухан уур амьсгалд автлаа. 

Хамтарсан засгаас гарахыг олонх дэмжлээ

АН-ын ҮЗХ-ны 35 дугаар хуралдааны үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд АН-аас хамтарсан Засгийн газарт орж ажилласан сайд, дэд сайдуудыг индэр дээр гарган зогсохыг хүсч, тэднээс 2008 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн бие­лэлтийг заалт бүрээр нь асууж зарим тайлбар авлаа. Мөн дараагаар нь хурал хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Хамтарсан засагт орох МАН-ын саналыг гурван жил хагасын өмнө АН хүлээж авсан нь зөв байсан эсэх талаар ҮЗХ-ны гишүүд дор бүртээ саналаа хэлж, хатуухан шүүмилж, бас үүргээ гүйцэтгэсэн сайдуудад баяр хүргэж байлаа.

Дараагаар нь хурал тэргүүлэгч, АН-ын генсек Д.Эрдэнэбат “ҮЗХ дотоод асуудлаа ярих цаг боллоо. Тиймээс хаалттай хуралдана” хэ­мээн шийдвэрлэсэн тул сэтгүүлчид танхи­маас гарч хуралдаан “хаалттай  горимд” шилжлээ.

Ин­гээд төгсгөлд нь АН-ын ҮЗХ-ны 35 дугаар хуралдаан зарлагдсан үндсэн зорилгоо бие­лүүлж хамтарсан Засгийн газраас албан ёсоор гарах саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

 Б.МАНДАХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж