Гэвч УИХ-ын нэгэн бүрэн эрхийн хугацаанд үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан хоёр намын нэг нь дараачийн сонгууль зарлагдахаас дөрвөн сарын өмнө Засгийн гараас гарах шийдвэрийг гаргаснаар хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, үлдсэн хугацаанд МАН даргаараа Засгийн эрхийг хэрэгжүүлэхээр болов.
Өчигдөр хуралдсан ҮЗХ-ны хуралдаанаар урьд өдөр нь намын Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсний дагуу ҮЗХ-нд шинээр сонгогдсон гишүүдийг батламжилж, дараа нь намын даргын илтгэл, хамтарсан Засгийн газарт орж ажилласан сайд нарын тайланг сонссон юм. Харин хэлэлцэх асуудлын төгсгөлд ҮЗХ-ны хуралдааныг зарлах үндсэн шалтгаан болсон Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудалд хуралдааны ихэнх цагийг зарцуулсан.
Хэлэлцүүлгийн өмнө Засгийн газарт орж ажилласан Ардчилсан намын сайд нар салбартаа хийсэн ажлынхаа тайланг ҮЗХ-ны нийт гишүүдэд танилцуулсан хэдий ч Засгийн гараас гарах асуудалтай холбогдуулан гишүүд санал шүүмжээ нээлттэй өрнүүлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Энхболд сайд, дэд сайд нараа хуралдааны танхимын өмнө эгнүүлэн зогсоож байгаад гурван жил хагасын өмнө хоёр намын байгуулсан гэрээнээс алийг нь хэрэгжүүлж, алийг нь хэрэгжүүлээгүй тухай нэгд нэгэнгүй асуусан. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг өөрчилснөөр иргэн бүр сард 30 мянган төгрөгийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй буюу даатгалаар хийлгэх эрхтэй болсон нь “иргэн бүрийг нарийн мэргэжлийн оношлогоонд үнэ төлбөргүй хамруулдаг болох” тухай хамтарсан Засгийн газрын гэрээг хэрэгжүүлсэн хэмээн үнэлэгдэв. Мөн Сангийн сайд С.Баярцогт 2008 оны есдүгээр сард хамтарсан Засгийн газрыг байгуулсны дараа дэлхий нийтийг нөмөрч, Исланд, Португали, Грек зэрэг улсыг бүхэлд нь дампууруулсан эдийн засгийн хямралыг Монгол улс амжилттай даван туулсан, 2008-2009 он бүхэлдээ энэ хямралыг даван туулахад зориулагдсан тухай, гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд цалин тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж, бага орлоготой иргэдийн орлогыг 2,5 дахин, дунд орлоготой иргэдийнхийг хоёр дахин, өндөр орлоготой иргэдийн орлогыг 1,7 дахин нэмэгдүүлсэн гэдэг мэдээллийг хийлээ. Харин одонтой эхчүүдийн тэтгэмжийг сая төгрөг болгох, гурван хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тэтгэмж олгох зэрэг МАН-аас оруулсан саналыг Ардчилсан намын бүлэг “хэт хавтгайруулсан халамжийн бодлого” хэмээн үзэж, УИХ дээр буцаасан гэдгээ тайлбарлалаа. Тэгээд мэдээж хэрэг иргэн бүрт хувьцаа олгох, 1,5 сая төгрөгийн хувь хишиг хүртээх амлалтыг 100 хувь хэрэгжүүлсэн гэдгээ ч тайлагнасан. Тодруулбал, Тавантолгойн ордын хувьцаагаа иргэд Засгийн газарт зарахад хүрвэл санхүүгийн эх үүсвэрт зориулж 330 тэрбум, үндэсний аж ахуйнуудад уг хувьцааг нэрлэсэн үнээр худалдаална хэмээн тооцож 1,5 их наяд төгрөгийг төсөвт суулгаад байгаа гэнэ.
Харин НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү өнгөрсөн гурван жилийн дотор 200 мянга орчим ажлын байрыг шинээр бий болгосон, үүнээс 72 мянга нь өнгөрөгч 2011 онд бий болсон гэдгийг мэдээллээ. Харин Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ч.Куланда ЕБС-иудын сургалтын программыг Кембрижийн стандартад шилжүүлж, багш нарын 25 хувийг зөөврийн компьютерээр хангасан, үлдсэн нэг жилийн хугацаанд 100 хувь хангагдаж, бүх сургууль, эмнэлэг интернетэд 100 хувь холбогдоно, үүний хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-аас олгож буй 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гаргаж байгаа гэлээ. Байгаль орчны салбарт гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороог байгуулж, даргаар нь ЕТГ-ын дарга Д.Баттулга ажиллаж байгаа, Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор Цэвэр агаарын сан хэмээх Засгийн газрын тусгай санг байгуулж, энэ жил 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн зэрэг үр дүнг танилцуулсан.
Сайд нарыг нэлээд барьц алдуулсан энэхүү “шүүлэг”-ийн дараа З.Энхболд гишүүн “2008 оны сонгуулийн дараа ҮЗХ энэ мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа сэтгэл хөдлөлийн байдлаар хандсан, үүндээ Ардчилсан нам эргээд ороогдож байгаа шүү. Хоёр намын амлалт Засгийн газрын мөрийн хөтөлбөр болж гарахдаа 500 гаруй зүйлтэй болж томорсон” гээд дараа дараагийн сонгуулиар хөтөлбөрөө боловсруулахдаа ч гэсэн илүү нухацтай хандаж, хэрэгжих үндэслэл тооцоо бүхий зүйл оруулж байхыг сануулаад хүнд нөхцөлд Засгийн газарт зүрхшээлгүй ажилласан сайд нарт талархал илэрхийлсэн юм.
Үүнээс гадна ҮЗХ-ны гишүүдийн зүгээс Ардчилсан нам Засгийн газраас гарах тухай бус, хамтарсан Засгийн газар огцрох тухай асуудлыг тавих ёстой, хэрвээ Ардчилсан намын амлалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалтгүй гэж үзэж байгаа бол үүний хариуцлагыг намын даргад үүрүүлж, огцруулах ёстой гэдэг санал гаргаж, тогтоолын төслөө боловсруулаад ирсэн гишүүд ч нэг бус байлаа.
Гэвч хаалттай хаалганы цаана уг асуудлыг дөрвөн цаг гаруй хэлэлцсэний эцэст ҮЗХ-ны гишүүд Ардчилсан нам Засгийн газраас гарах тухай шийдвэрийг баталлаа, зөвхөн нэг гишүүн эсрэг санал өгсөн байна. Харин намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг намын дүрмийн дагуу намын их хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой хэмээн хойш тавьжээ. Намын их хурлыг дөрвөн жилд нэг удаа УИХ-ын сонгуулийн дараа, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийдэг. Гэхдээ сонгуулийн өмнө ҮЗХ хуралдаад их хурлын товыг нааш татах шийдвэр гаргавал сонгуулийн өмнө хуралдаж ч болзошгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ямартай ч Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах тухай намын даргынхаа шийдвэрийг ҮЗХ-ныхоо хурлаар баталгаажуулж чадлаа. Гэхдээ Засгийн газраас гарах болсон шалтгааныг энэ удаа илүү дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтойгоор тодорхойлжээ. ҮЗХ-ны хурлаас гаргасан тогтоолд тусгаснаар “Хүний эрх эрх чөлөөг баталгаажуулах, нийгэмд шударга ёсыг тогтоох, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх бүтээн байгуулалтыг томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх амлалтаа биелүүлж чадаагүйнхээ төлөө Ардчилсан нам ард иргэдээсээ уучлал гуйх”-аар болсон байна. Ардчилсан намаас тунхаглаж, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулсан эдгээр асуудлыг шийдвэрлэхэд МАН дэмжлэг үзүүлж, гэрээгээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр тус нам хамтарсан Засгийн газраас гарж буйгаа зарлажээ.