Засгийн задрал Тавантолгойг гацаалаа

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Засгийн задрал Тавантолгойг гацаалаа

Замын чулуунд хүртэл хамаатай болоод байгаа Засгийн хагарал хэдэн жил дуншсан Тавантолгойд дахиад л тээг болж байгаа нь яаж ч бодсон тодорхой. Наад зах нь ажил нь барагддаггүй, шийдэл нь гардаггүй ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуягтай нийлээд Тавантолгойн ажлын хэсгийн таван сайдын гурав нь “явах” нь тодорхой болсон. Тэднийг ажлаа өгч авалцаж, ажлын хэсэгт орны сайд нар нь орж иртэл буюу АН-ыг асуудлаа шийдэж, сайд нараа татаж, МАН-ыг сайд нараа цэгцэлтэл тэртээ тэргүй ажил нь урагшилдаггүй ажлын хэсэг бүр таг гацах нь тодорхой. Сайнаар бодоод ажлын хэсэг дахин бүрдтэл гүрэн дамжиж хэлэлцээд хэрэлдээд шийдэгдээгүй, ажлын хэсгийн “хэвлий”-дээ өтөлж байгаа  хоёр тендерийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй хэвээр байх нь. Хамтарсан засаг байхдаа ч ялагч нарын нэрийг нь зарлах ”шат”-нд хүртэл будилчихаад байсан тендер одоо хэрхэх бол гэж гадаадынхан ч айдастайгаар хүлээж байгаа биз. Өөд өөдөөсөө харж суугаад ч шийдлээ олдоггүй хоёр нам хагарч бутарчихаар юу болох бол гэсэн айдас мэдээж хэрэг гадны хөрөнгө оруулагчдад байгаа. Тэр тусмаа хагарч бутраад бүү “хэл жам ёс”-оороо засаг солигдоход ч гэсэн өмнөх шийдвэр нь тэс өөрөөр солигдчихдог “тогтолцоо”-той юм хойно, дуулиант хагарлаас бүр ч их айж байгаа байх.

Аливаа улсын улс төр, засаглалын хямрал биржийн ханшны өөрчлөлтөөр тусгалаа харуулж байдаг ёсоор Монголтой холбоотой компаниудын ханш унаж эхлэв гэсэн мэдээлэл эхнээсээ гараад байна. Энэ ч бага хэрэг гэж үзвэл Тавантолгой бол ёстой жинхнээсээ гацаанд ороод байна. Зөвхөн дээр дурдсан засаг солих шилжилтийн үеийн хүлээлтийн гацаа биш шүү. Манай мэргэн улстөрчид 2,5 сая төгрөгний молигоо Тавантолгойн хувьцаагаа болгож бантагнуулсан гайгаараа Тавантолгойн хувьцааг гаргах нүсэр ажиллагаа буюу жил гаруй турш бэлтгэсэн IPO гаргах ажлыг будаа болгочихжээ.

Олон улсын зах зээлд хувьцаа гаргана гэдэг нүсэр бөгөөд чимхлүүр ажил. Маш нарийн шалгуур, шат дараалал, нөхцөлтэй. Гэтэл манай дураараа бөгөөд хулхи улстөрчдийн ард түмнээ хуурсан дээрх шийдвэр олон улсын хөрөнгийн зах зээлийн шаардлагыг бусниулаад хаячихаж. Анх нэг нь нэг сая төгрөгийн хувьцаа өгнө гэж, нөгөө нь түүнээсээ давах гэж 1,5  сая төгрөг амласнаа хоёуланг нь биелүүлж байгаа царай эсгэх гээд нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцаа өгнө, хэрвээ бэлэн мөнгө хэрэгтэй гэвэл засагтаа буцааж тушаагаад нэг сая төгрөг авчихаж болно гэж мунгинуулсан. Үүнийгээ бас хувьцаа өгөх амлалтаа ч бэлэн мөнгө тараах бэлгээ ч өгсөн гэж ойлгуулах зүтгээд байгаа. Хэдийгээр олонх иргэд эхэндээ үүнд нь хууртаж байсан ч хувьцаагаа хадгалах уу, мөнгөө тоолоод авах уу гэхийн цагт ойлголгүй л яахав. Үүнийг эс өгүүлэн энэхүү давхар давхар мурилт болсон энэ бантан олон улсын санхүүгийн зах зээлийнхнийг гэдийлгэсний учрыг тайлбарлавал Монголын Засгийн газрын 536 эсвэл нэг сая төгрөг гэсэн сонголтыг иргэддээ тулгасан нь санхүүгийн зах зээлийн хэлээр бол нэрлэсэн үнийг шууд тогтоож өгсөн хэрэг болж байгаа аж.

Нэг үгээр зах зээлийн ёс жаяг, олон улсын шаардлагыг зөрчсөн гэсэн үг. Эрх баригчид мнөх сонгуульд амласандаа бантаад хувьцаа хийгээд бэлэн мөнгөний амлалтаа дүйцүүлэх арга сэдсэн нь ийнхүү сүүг нь авах ёстой үнээндээ хор уулгасан мэт хэрэг болов. Үүгээрээ цаашдаа ч Монгол Улсын Засгийн газар гэдэг нөхөр чинь хувьцаа гэдгийг хуушуур ч болгочихож чадах этгээдүүд гэдгийг бас нотлон харуулав. Эхнээсээ Хонгконгийн бирж гэхэд Тавантолгойн хувьцаа гаргах асуудалд тун итгэлгүй бөгөөд таагүй хандаж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Ийн ядахдаа хувьцаагаа гаргах бэлтгэлийг нь хүртэл сөнөөгөөд хаячихсан Тавантолгойн асуудал энэ засаг хагарч, буцаж гишүүдээ томилж, сонгууль гэдэг лай өнгөрч бас нэг засгаа бүрдүүлтэл бардаагаар ойрын нэг жилдээ лав алхам ч урагшлахгүй нь .    

Басхүү хамтарсан Засгийн газрын үед л Оюутолгой, Тавантолгойг шийдэж чадвал… гэж байсан иргэдийн найдлага талаар болсон болохоор дараа дараагийн засгийн үед ч шийдэгдэх эсэх нь улам ч тодорхойгүй болж байна. Нөгөө ардын засаг гэж юу ч билээ, авдаг өгдөг нь хаана ч билээ гэдэг шиг. Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг гэдэг шиг. Тавантолгойн сүүлчийн найдварын цэг ийнхүү улам л алсраад байх шиг. 

Уг нь төлөвлөсөн ёсоор бол энэ долоо хоногт Тавантолгойн ажлын хэсгийнхэн дахиад хуралдах ёстой байсан. Гэвч ажлын хэсэг хуралдсангүй, засаг хагарах дуулианаар юун Тавантолгойтой манатай болж байх шиг. Тиймээс яг энэ шуугиант өдрүүдэд нэг хэсэг үг, үйлдэл болгоных нь утга учир юм шиг болж, хоёр толгойгоос өөр зүйл ярих ёсгүй байсан улстөрчдөд Оюутолгойн “түүх” хийгээд Тавантолгой ирээдүйн айдсыг сануулах нь зүй байх.

Эдийн засгийн хөгжлийн үндэс хэмээн нэрийг нь хүртэл жаазлан тахих дөхөөд байсан хоёр толгойн нэрээ засгийн хагарал, сайдын суудал ярилцан, муу эр шиг дайнд хөөрөх нь хөөрч, матрын нулимс унагах нь унагах зуур санаж байгаа “толгой” байна уу, энэ улстөрчдөд. Хэдэн жил дуншиж одоо л энэ засгийн нүүрэн дээр шийдэгдчих болов уу гэж горьдож байсан Тавантолгойгоо “татаад унагачихсан” байгааг анхаарах хайхрах хүн байна уу? 

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж