Балетчин Тамара Рохо өнөөдөр Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Балетчин Тамара Рохо өнөөдөр Монголд ирнэ

Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн урилгаар ирэх гэж буй Английн хатан хааны “Рояал Опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохо өнөөдөр Монголд ирэх юм. Тэрбээр балетчин Д.Алтанхуягтай хамт энэ сарын 14-нд А.Аданы “Жизель” балетад гоцлох аж. Тамара Рохо нь 1974 онд Канад Улсын Монрейд хотод төрсөн бөгөөд 1983-1991 онд Мадридийн Rey Juan Carlos-ийн их сургуулийг театрын урлагийн магистер, Бүжгийн урлагийн бакалаврын хүндэт зэрэгтэй төгссөн. Мөн 1991-1996 онд “Уллате” компани болон Шотландын балет театрын бүжигчнээр, 1997-2000 онд Английн Рояал Опера театр бүжигчнээр ажиллаж, 2001 оноос гоцлол бүжигчнээр ажиллах болжээ.

Тамара Рохо нь 10 наснаасаа эхлэн бүжиглэсэн бөгөөд гайхалтай техник нь түүнийг 1997 онд “Сонгодог Бүжгийн Урлагийн хувьсал” хэмээн нэрлэхэд хүргэсэн байна. 1994 оны Парисийн олон улсын балетын тэмцээнээс алтан медаль хүртэхэд нь шүүгчээр ажилласан Наташа Maкaровь, Владимир Викторович Васильев, Галина Сетсова зэрэг домог болсон балетчид алмайрч, гранпри шагналаас илүүд тооцогдох шүүгчдийн нэрэмжит шагналыг авч, балетын урлагийн орон зайд орж ирж байв. Тамара Рохо өнөөдөр ч өөрийнхөө хэзээ ч алдагдаагүй гайхалтай техник, дур булаам, сэтгэл татсан жүжиглэлт, гэрэлтсэн их авьяасаа Их Британи улсын Лондон хотын төвд орших 1732 оноос түүхтэй “Рояал Опера” театрын мянга мянган үзэгчдэд хүргэсээр байна. Түүний нэр хүнд олон улсад хэр өндөрт байдгийг илтгэх олон улсын нэр хүндтэй шагналууд нь түүнд урам зориг, ихийг хийх хүсэл тэмүүлэл өгдөг биз ээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж