Онгоц тээгчийн хэсгийг Арабын тэнгис рүү АНУ илгээв

Хуучирсан мэдээ: 2012.01.12-нд нийтлэгдсэн

Онгоц тээгчийн хэсгийг Арабын тэнгис рүү АНУ илгээв

Нисэх онгоц тээгч “Карл Винсон” гэх атомын хөлөг онгоц тэргүүлсэн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цохилтийн бүлэг Арабын тэнгист очихоор Энэтхэгийн далайн усанд орж ирсэн тухай Америкийн зэвсэгт хүчний командлалын төвөөс энэ мягмар гаригт мэдээлжээ.

Арабын тэнгист  одоо “Жон Стен­нис” онгоц тээгч хөлөг тэргүүлсэн Аме­рикийн  хөлөг онгоцнуудын бү­лэг байгаа. Онгоц тээгч шинэ бү­лэг АНУ-ын Тав дахь оператив фло­тын ажиллагааны бүсэд байрлан Афга­нистан дахь НАТО-гийн хүчнийг агаараас дэмжих болон холбоотнууд ба бүс нутгийн түншүүдийн хамт хамтарсан сургууль болон байлдааны ажиллагаанд оролцох гэнэ.

Үүний зэрэгцээ 90 онгоц, нисдэг тэрэгтэй онгоц тээгч хөлөг бүхий энэ бүлэгт пуужинт крейсер “Бэнкер Хилл”, пуужинт эсминец  “Хэлси” зэрэг хөлөг онгоцнууд байгаа бөгөөд Ираны эргээс холгүй бүсэд усан тээврийн аюулгүй байдлыг  хангах ажиллагааг хариуцах гэнэ. “Бид бүс нутгийн түншүүдтэйгээ хамтран ажиллаж бүсийн аюулгүй болон тогтвортой байдлын төлөө ажиллана” гэж онгоц тээгчдийн бүлгийн командлагч контр-адмирал Томас Шеннон хэлсэн байна. Энэ хөлөг онгоцнуудын бүлэглэл Калифорни дахь баазаасаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд замдаа гарч, Гонконгт арванхоёрдугаар сарын 30-нд ирээд гурав хоногийн зогсолт хийгээд групп Энэтхэгийн далай руу хөдөлсөн юм.

Персийн булан ба Арабын тэнгист байх хугацаа нь дуусч байгаа “Жон Стеннис” онгоц тээгчийг “Карл Винсон” солихоор Арабын тэнгист очиж байна гэж хэлэхийг үгүйсгэхгүй. Онгоц тээгч “Жон Стеннис” дагалдах хөлөг онгоцнуудын хамт тийшээ өнгөрсөн жилийн долдугаар сарын 25-нд долоон сарын хугацаатайгаар илгээсэн. Тэр бүлэг Ирак дахь Америкийн цэрэгт агаараас дэмжлэг үзүүлэх зорилготой байсан бөгөөд Америкийн цэрэг Иракаас гарсны дараа өнгөрсөн сарын 18-д Ормузын хоолойгоор Арабын тэнгист орж ирээд одоо тэнд байгаа юм. Үүнээс өмнө, АНУ-ын Виржиниа мужийн Норфолкт баазтай онгоц тээгч “Жорж Буш” хөлөг Персийн булангаас гарч нутаг буцсан юм.

Саяхан Ираны “Хорасан” гэдэг сонинд Исламын хувьсгалын манаа корпусын цэргийн өндөр тушаалтан Али Ашрафа Нури гэгчийн хэлснээс иш татан “Хэрэв Европын холбоо Ираны нефтийн экспортод хориг тавьбал Тегеран Ормузын хоолойг хаах арга хэмжээ авна” гэж бичиж байсан юм. Хожим АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта “Хэрэв Иран Ормузын хоолойг хаавал АНУ хүч хэрэглэсэн хариу өгнө” гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Европын холбооны орнууд Ираны нефтийн экспортод хориг тавих зарчмын тохиролцоонд хүрсэн. Удахгүй болох ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын хуралдаан дээр нефтийн хоригийн асуудлыг нэг мөр шийдсэн байх бололтой. ЕХ-ны орнууд Ираны нефтийн 20 орчим хувийг авдаг бөгөөд голчлон Испани, Итали, Грек нефтийг далайгаар тээвэрлэн авдаг ажээ. ЕХ-ны ийм ажиллагааг Иранд зарласан эдийн засгийн дайн хэмээн үзнэ гэж Ираны Эдийн засаг, санхүүгийн сайд Шамседдин Хосейни мэдэгдээд байгаа Ираны нефтийн үндэсний компанийн тэргүүн Мохсен Гамсари “Нефтийн хориг арга хэмжээ нь дэлхийн нефтийн үнийг хөөрөгдөн дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөтэй” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж