АН түүхэн үүргээ гүйцэтгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

АН түүхэн үүргээ гүйцэтгэлээ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ардчилсан намын ҮЗХ-ны эрхэм гишүүд ээ, журмын нөхөд өө та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая

Эрхэм гишүүд ээ.

    Та бид өнөөдөр энд улс орныхоо болон АН-ынхаа хэмжээний төвөгтэй бөгөөд хариуцлагатай  тулгамдсан чухал  асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр цуглаад байна.

    Одоогоос яг 100 жилийн өмнө өдийд Богд уулын аманд Монголын тусгаар тогтнолын төлөөх нэрт зүтгэлтэн Жавзандамба хутагтын хэлсэн “Аливаад цаггүй нь үгүй. Тусгаарлах цаг нь болжээ” хэмээн алдарт үгийг энд ишилмээр санагдаж байна.

Журмын нөхөд та нартайгаа ардчилалын зарчимаар намынхаа дүрмийн хүрээнд 3 жилийн өмнө гаргасан шийдвэрээ үнэлэн дүгнэж, алдаа онооныхоо дэнсийг эргэж нэг харж ухаарал, гэгээрэл авч урагшаа явах зам мөрөө гаргах цаг болжээ гэж үзлээ.

3 жилийн өмнө улс төр-эдийн засгийн хүрээнд тулгараад байсан нэн төвөгтэй нөхцөлд хамтарсан засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гаргасан шалтгаан, шалтгааны үр дагвар, алдаа оноо, бий болоод байгаа гарцаагүй бөгөөд зайлшгүй нөхцөлөө ярилцая гэж ээлжит хурлаа зарлан хуралдуулж байна.

Журмын нөхөд, эрхэм гишүүд ээ. Бидний олонхи нь хамтарсан гэх зарим нөхөд маань“стандарт бус” гэх нэр хайрласан засгийн газарт орох үеийн түүхэн нөхцөл юу байсан билээ, яагаад зарим нөхдийнхөө байр суурьтай харгалдан байж энэ засгийн газарт ажилласанаа нэхэн нэг дурсан санцгаая аа.

Бид яагаад хамтарсан засгийн газарт оров ?

Засгийн газрын 6-хан суудал, сайдын олбогоор намынхаа нэр нүүрийг түлж, бий болсон хурц нөхцөлөөр арилжаа хийлээ гэх зарим андууддаа үгүй ээ би бас бидний олонхи арай өөр өнцөгөөс харсан юм шүү гэдгээ нотлон хэлмээр байна.

Сонгуулийн будлианаар бий болсон нэн хурц процессд дөрөөлөн улам ужгируулан дуусашгүй маргаан, өсөрхсөн тэмцэл, байран дээрээ эргэцсэн хөгжил, талцсан хэрүүлд нийгмээ татан оруулж хагалах хэрэгтэй байсан уу.

Тэгээд 7-р сарын 1-н гэдэг харамсал дүүрэн хар өдрөөс хойш нэг эхийн хэвлийгээс төрсөн нэг үндэстэн ердөө хоёр хагарсан цаг үе байсан. Дээр нь манай намын ялагдал эгэл жирийн ялагдал биш олон жилийн харамсал, ялагдлын цус цээжинд амттагдсан цаг байсан.
Бидний хэн ч ялгаагүй 2008 сонгуулийн үр дүнг сонсход ямар хүнд байлаа даа.
Луйвардуулсан ч бай, мөнгөөр зодуулсанч бай, саналын хайрцагыг сольсон ч бай нэг л үнэн нь бид ялагдсан нам, хүнд байдалтай нийгэм хоёртой золгосон.

Ялна гэдэгтээ хэт итгэлтэй байсан манай намынхан ямар хүнд цохилт авлаа. Зохилт цохилтдоо зүрхэндээ шархтай, Ардчилалд зүтгэсэн 20 жилдээ туйлдсан эгэл жирийн гишүүдийн шархлал бүр ч хүнд байсан.

Улсын төсвөөс өөр орлогогүй хөдөө сумд засгаа алдаж, хавчигдаж цөхөрсөн ахан дүүс маань дахиад хэт намчирхаж туулширсан 90 жилийн дампууралд хавчигдах гэжүү.

Олон жил харьд тулалдах цэргийн албанд мордсон эр цэргийн ар гэр шиг бидний журмын нөхдийн голомт нь бүүдийсэн, амьдрал нь зэхийсэн, лааз өшиглөсөн гудамжны амьдрал, дахин луйвардуулж болзошгүй 4 жилийн найдваргүй хүлээлт биднийг эргэцүүлэн бодохыг дотроос завсаргүй хатгасаар байсан юм.

Ядуу ч бай, ядарсан ч бай тэд чинь Ардчиллын төлөө туулсан жилүүд нь зүрх зүсэм замналтай ахан дүүсээ бид хаяж өөр нам байгуулж, гадаадад цагаачилж, гал унтраах арга төдийхнийг хэрэглэж  амралтанд архидуулж байгаагүй. Сайн муутай нь ноцолдож өнөөдрийг хүртэл зүтгэсэн болхоор Ардчилсан намынхан бид л эх орныхоо бодит байдлыг хамгаас илүү мэдэрцгээсэн.

Тиймээс Ардчиллын үнэ цэнийн төлөөр, Ард түмний ахуй амжиргааг дээшлүүлхийн төлөө, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн суурыг тавихын төлөө бид хамтран ажиллах шийдвэр гаргаж чадсан.

Тиймээс Ардчилсан намын хамтарсан засагт орох шийдвэр түүхэн шийдвэр байсан юм :

Бид 90 оны ардчилсан хувьсгалаар олж авсан нийгэм улс төрийн ололт амжилт, эрх чөлөөгөө эдийн засгийн хөгжилөөр хангах зайлшгүй, хойшлуулшгүй хэрэгцээгээ үндэсний их эвлэрлээр даван гарах боломжийг сэтгэх үү, сэтгэлийн хөөрөлдөө автах уу гэсэн торгон сонголтоор шийдвэрээ гаргаж чадсан

Бид өдрөөс өдөрт туйлшран ялгарч байгаа баян хоосны ялгаа, шудрага ёсны цөхөрсөн дуу алдалтыг, авах идэхийн хэнээрхэлд живсэн төрийн ялзарлын хорт хавдрын идээг гаднаас нь биш дотроос илааршуулж, хазаарлах боломжийг ашиглахаар шийдвэр чадсан.

Бид түүхэн хөгжлийн эгзэгтэй гарман дээр эдийн засгийн чухал шийдэлд АН-ын улс төрийн бодлого, дуу хоолой, үзэл баримтлалыг суулгаж өгхийн төлөө шийдвэрээ гаргаж чадсан.

Бид Ядуурлыг багасгах, шудрага ёсыг хуульчлах, ажлын байрыг нэмэгдүүлэх, амлалтаа биелүүлэх, үйлдвэржүүлэх, төмөр замжуулах, стратегийн ордыг олны эрх ашигт нийцүүлэн урагшлуулах түүхэн боломжийн төлөө шийдвэр гаргаж чадсан.

Бид 7 дугаар сарын 1-ний хүний эрх зөрчигдсөн, амь нас хохирсон хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхэд үзүүлэх даралтыг дотроос хамжих боломж байгаа гэж ойлгож шийдвэр гаргаж чадсан.

Бид ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан ерөнхийлөгчийг гаргах боломжийг нээх бас нэг боломж байна гэж шийдвэр гаргаж чадсан.

Бид бэлэнчилдэг, хэт хавтгайрсан хэт зүүний бодлогыг бид хазаарлахын тулд шийдвэр гаргаж чадсан.
 
Энэ бүхний цаана монголчуудын цаг алдаж болохгүй том эрх ашиг, үсрэнгүй хөгжлийн гараа,  улс төрийн тогтвортой байдал, үндэсний эвлэрэлд байгаа гэж үзэж түүхэн шийдвэрийг гаргаж, үүнийгээ зөв гэх итгэл үнэмшлээр эргэлзэхгүй зүтгэж, зүтгэлцэж яваа ҮЗХ-ны гишүүд, АН-ын нийт гишүүд, дэмжигчидээ  халуун баяр хүргэеээ.

Журмын нөхдөө.Бид хамтарсан засагт орсноор улс юу хожиж юуг алдав?

Улс төрийн тогтвортой байдлын хувьд улс оронд томоохон хожил ирсэн.Улс төрийн нам улс төрийн бодлого явуулдаг байгуулага билээ.

Өнгөрсөн 20-иод жилд сонгуульд хожихын төлөөх намчирхсан тулга тойрсон эргэж буцсан, барьцаалсан, эсэргүүцсэн, тактикийн тоглолт хийсэн бодлогоос анх удаа татгалзаж, ард түмнийхээ, үндэснийхээ эрх ашгийг эхэнд тавьж үзлээ.

Санасан болгоноо бүтээж чадаагүй ч үндэсний хэмжээний том зүтгүүрийг байран дээрээс нь хөдөлгөж, эрчлүүрийг нь эргүүлж чадлаа.Энэ бол эдийн засгийн чанартай хожил байлаа.

Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлтийн хурдыг 20-д хувь хүргэхэд АН өөрийн хувь нэмэр өндөр байсныг чанга хэлэх нь зүйтэй.

Эрх баригч, сөрөг хүчин 2 эх орны том эрх ашгийн төлөө хамтарсан шийдвэрүүд гаргаж болдог гэх ойлголтыг  олон жил завсаргүй өрсөлдсөн төрийн томоохон 2 намын хамт олны тархинд суулгалаа. Энэ бол оюун санааны хожил байлаа.

Төрийн эрхийг хууль бусаар, шудрага ёсонд сэвтэй авах үндэс болсон сонгуулийн хуулийг чамбайруулж, хармаа суйлаачийн хүйтэн гар шургах боломжийг хааж чадлаа. Үүгээр шудрага сонгууль явуулах хожил ирлээ.

Сонгууль будлиантуулах хорт үндсийн нэг иргэний бүртгэл мэдээллийн системийг цахимжуулах ажлыг гардан хийж арван хорын нэг үндэсийг тасалж чадсанаар бас нэгэн хожил ирлээ.

Хавтгайрсан бэлэн мөнгөөр бэлэнчлэх сэтгэлгээ худалдан авдаг тогтолцоог халснаар баялагийг бүтээсэн ажилсаг монгол хүн чанартай амьдрал, хөгжлийн хүчин зүйл болохын үндэсийг тавьж өгснөөр монголын нийгэмд хожил ирлээ.

Төрийн албыг хууль бусаар баяжиж хөрөнгөжих хэрэгсэл, албан тушаалыг эрх мэдлийн сэнтий байсныг байх байранд оруулж үйлчилгээний алба, улсын төсөвийн мөнгийг нийтийн мөнгө, татвар төлөгчийн мөнгө мөн гэдгийг улалзуулан байж хүлээн зөвшөөрүүлж, бүр хамтарч хууль гаргуулах алхам руу гулдран чирснээрээ эрх үүргийн ялгаан дээр оюунлаг дууриал үзүүлж чадлаа. Энэ бас чухал хожил байлаа.

УИХ дахь АН-ын бүлэг болон ЗГ-т АН-ын сайд нар сайн ажиллаж, АН-ын дотоод ойлголцол, эв нэгдэл сайжирсаны үр дүнд ард түмэн манай намыг сайнаар харж АН рейтинг олон судалгааны үр дүнд бусад улс төрийн хүчнээс хамгийн өндөр байнаа.    

Улс орны хувьд алдагдсан боломж юу байв.

Үзэл баримтлалын зөрүү, суудлын зөрүү, гадаад дотоод орчны таагүй нөлөөлөл зэрэг давагдашгүй хүчин зүйл, олонхи суудалтай намын ашиг сонирхолын тулгалтаас улбаалан олон бодит боломжийг алдахад хүрснээ шударгаар хүлээвэл зохино.

Бид шийдвэрлэвэл зохих зарим томоохон асуудлуудыг хичнээн хичээсэн ч  бодит хүчин зүйл болгож чадаагүй.

Орон зайн томоохон хүчин зүйлд мөхөсдөн байдаг эдийн засгийн үр ашиг, бүтэц зохион байгуулалтын хувьд нүсэрдсэн засаг захиргааны нэгжийн шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй.

Орон нутгийн бие даасан байдлыг хангах талаарх хүчин чармайлт дэмжлэг авч ажил хэрэг болж хараахан чадаагүй байна.

Төр засгийн албанд бүх шатанд ажиллаж байгаа хүмүүсийг сонгон шалгаруулах, төрийн албаны ёс зүйн асуудал, цагдаа шүүхийн асуудал, авилгал хээл хахуулын асуудлыг цэгцлэх чиглэлээр хийх ажлууд дэмжлэг авч чадахгүй эмзэг асуудал хэвээр үлдлээ.

Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл болсон  Монгол хүний хөгжил орхигдсон хэвээр байна. Монгол орны эдийн засгийн өндөр өсөлт, төсөв мөнгөний толгой эргэм том тоо, Дорж, Дулмаагийн гэрийн босгоор даван орж, тэдний амжиргаанд дэм тус болж чадахгүй байсаар л байна.      

Ардчилсан тогтолцоо, улс төрийн эрх чөлөөгөөрөө Монголчууд бид дэлхийн ямар ч хөгжингүй оронтой мөр зэрэгцдэг мөртлөө, Монгол хүнийхээ эдийн засгийн эрх чөлөө, Монгол хүний амжиргааний тухай ярихаар нүүр хийх газаргүй болж байгаа нь нууц бишээ.

Энэ бүхнийг хийх, хийлгэх эрмэлзэл дэмжлэг авч чадахгүй, хамтарсан нэрийн цаана халхлагдан үлдлээ.

Хамтарсан засгийн газраас гарах болсон шалтгаан юу байв.

АН-ын ҮЗХ-ны гишүүдээ, журмын нөхдөө.

Хамтарсан засгийн газраас гарах тухай хэлэлцсэн, ярьсан, маргасан 3-н жилийн үр дүнг нэгтгэн АН хамтарсан засгийн газраас гарах нь зүйтэй гэсэн АН-ын саналыг миний бие өнгөрсөн 7 хоногт илэрхийлсэн билээ.

Энэ асуудлыг ҮЗХ-гоороо оруулж хэлэлцүүлнэ гэдгээд мэдэгдсэн билээ. Энэ дагуу бид ҮЗХ-ныхоо хурлаар Хамтарсан засгийн газрын асуудлыг ярилцахаар цуглаад байнаа. 

Харин АН-ын даргын энэ саналыг МАН-ын зүгээс мушиган тайлбарлаж, АН-ын дарга дангаараа шийдвэр гаргасан мэтээр сурталчилж байнаа.

Энэ нь мөн л уламжилалт аргаа хэрэглэн АН-ыг дотоодын хэрүүл маргаанд уриалан дуудаж байгаа санаа гэдгийг та бүхэн хэнээр ч хэлүүлэлгүй мэдэж байгаа.

Тиймээс нялуунаас шулуун байж Ардчилсан нам хамтарсан засгаас гарахтай холбогдсон хэдэн асуултанд хариулт өгье.
 

  1. Намын удирдлага байр сууриа илэрхийлсэн нь шийдвэр байгаагүйээ, харин мэдэгдэл байсан.  Гэхдээ манай ҮЗХ энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргана гэдэгт миний бие итгэлтэй байна.
  2. Энэ санал гэнэт нэг өдөр гараагүй юмаа. Манай нам өнгөрсөн жил “Монгол Хүн 2020” хөтөлбөрөө хэлэлцүүлж 21 аймаг 9-н дүүрэгт очиход манай мянга мянган гишүүд дэмжигчид хамтарсан засагаас хэзээ гарах асуудлыг байнаг хөндөн тавьж байсан.Тэд бидэнд – Хамтарсан засагт манай нам орж ажилласнаар эх орныхоо эдийн засгийн хөгжлийн гол гол асуудлыг шийдэж чадлаа. Одоо нэгэнт их ажлын голыг нь нугалж чадсан юм чинь өөрсдийн үзэл баримтлал байр суурийг тов тодорхой болгох хэрэгтэй гэж хэлж байсан. Бидэнд Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа нутаг усандаа Ардчиллын, эрх чөлөөний үрийг тарьж байгаа тэр л гишүүд, дэмжигчидийн үгнээс илүү үнэ цэнэтэй зүйл үнэ цэнэтэй санал гэж үгүй. 
  3. Өнгөрсөн 6-хан хоногын хугацаанд АН  ажилаа гүйцээлгүй хамтарсан засгаас гарч, хариуцлагаас зугтааж байна гэж олон захиалгат мэдээ гарлаа. Тэгвэл би хэлье : Ажилаа хийсэн хүн хариуцлагаас бултдаггүй юмаа. Бид хамтарсан засгийн газарт хангалттай сайн ажиллаж чадсан. Үүнийг МАН-ын дарга Хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 82% байна гэж хэлсэнээс харж болно. 
  4. Ханилж яваад нөхрөө гэж. АН Хамтарсан ЗГ-т хамтран ажиллах нийт хугацааныхаа 90%-ыг туулжээ. АН-ын 6-н сайд ЗГ-с гарсанаар ЗГ огцрохгүй ээ. МАН-ынхан 6-н сайдаа нөхөж тавиад ажиллах бүрэн боломжтой. 2006 онд байгуулагдсан хамтарсан ЗГ 1 жил 2-хон сар ажилаад МАН-ын гишүүд огцруулж өөрсдөө Засгаа байгуулж байсныг сануулхад илүүдэхгүй.
  5. Хамтарсан ЗГ-ын амжилт ололт нь биднийх, алдаа дутагдал нь биднийх байх болно. Бид хариуцлагаас зугтадгүй ээ.  Цаашдаа ч бид Засгаас гарсан гээд засгийн ажилыг дэгээдэхгүй ээ. ЗГ, Их хурал дээр зөв бүхнийг дэмжиж, буруу бүхэнд нүд хурц, чих сонор байх болно.
Журмын нөхөд, ҮЗХ-ны гишүүдээ

  1. Бид Монгол Хүн 2020 хөтөлбөрөө үргэлжилүүлэн боловсруулж Монгол Хүн Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Эрх чөлөөтэй, Аюулгүй орчинтой, Ажилтай орлогтой болж Монголдоо сайхан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлхийн тулд илүү хүч гарган ажиллах шаардлага байнаа.
  2. АН үнэт зүйл, ялгарах онцлог, баримтлах бодлогоо олон түмэндээ тод томруун гарган тавих цаг  ирлээ гэж үзэж байна.
  3. Төрийн томоохон албыг хашиж чаддаг, өөрсдийн санаачлагаар бас өгч чаддаг, олбог суудлын төлөө биш орон гэрээ өөд нь татахад өрсөлдөгчдөө ч тусалдаг хат суусан улс төрчид болохоо харуулах цаг боллоо.
  4. Бид ирж яваа цагийг өөрөөр харж байгаагаа, өөдрөгөөр харж байгаагаа ард түмэндээ хэлэх цаг боллоо гэж үзсэн.
  5. Товчхондоо улсаа,эх орноо бодлоо, одоо дахиад ард түмнийдээхээ эрх ашгийг бодох цаг боллоо.
Эрхэм журмын нөхдөө, ҮЗХ-ны гишүүдээ.

Манай нам түүхийн ямар ч хүнд цаг үед Ардчиллынүнэт зүйлээс урваж, шарваж байгаагүй ээ.
Бид гудамжинд гараад байхдаа ч Ард түмэнийхээ төлөө, Ардчилсан үзэл бодлынхоо төлөө тэмцэж л байсан.
Бид засагт байхдаа ч  Ард түмэн, Эдийн засгийн хөгжлийн төлөө ажилсан.
Бид засгаас гарахдаа ч Ард түмэнийхээ төлөө, Ардчилсан хөгжлийнхөө  төлөө шийдвэр гаргах гэж байна.

Учир нь өрсөлдөгчтэйгээ хөтлөлцөөд сонгуульд орно гэдэг ард түмнээ хүндэтгээгүй хэрэг юм. Ардчилсан нам хамтарсан засагт орсон шигээ, гарах сонголт хийх эрхтэй. Харин бидний энэ сонголтыг янз бүрээр мушгин тайлбарлаж, гүтгэн гуйвуулж байгаа хүмүүс АН-ын бие даан гаргах шийдвэрийг урьдаас нухчин дарах гэж байгаа оролдлого юмаа.

Харин ч бид эх орныхоо эгзэгтэй цаг үед энэ засагт Ардчиллын хяналтыг тавьж чадсандаа баярлана. Мөн энэ бүхийл хугацаанд эх орны ололт амжилтын төлөө  ууцыг нь хугалахгүй урамыг нь сэргээж дэмжиж явсан УИХ дахь АН-ын бүлгийг гишүүдээ гүн талархал илэрхийлье.

Мөн төр, засгийн олон асуудалд манай намын байр суурийг тусгаж, ажил хэрэгчээр хандаж, хамтран хийж бүтээж чадсан Засгийн газар дахь АН-ын сайддаа баяр хүргэе. Болдоо, Баярцогтдоо, Баттулгадаа, Гансүхдээ Ламбаадаа халуун баяр хүргэе ээ.

Эрхэм журмын нөхөд, ҮЗХ-ын гишүүдээ

Бүгдээрээ
“Монгол Хүн 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэх түүхэн сонголтыг ялалтаар эхэлж
Эдийн засгийн хувьсгалөөр хөгжилөө түүчээлж, Монгол хүн Монголдоо сайхан амьдарцгаая.
     
Дөрвөн уулын дунд хутагтын хэлсэн үгээр эхэлсэн алдарт үгээр төгсгөе.“Аливаад цаггүй нь үгүй. Тусгаарлах цаг нь болжээ” Баярлалаа.
Анхаарал тавьсанд баярлалаа. Хурлын ажиллагаанд амжилт хүсье

ҮЗХ-ны гишүүд, ГЗ гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, ЗГ-ын 6-н гишүүндээ  талархаснаа илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж