Бээжингийн агаарын бохирдол аюултай төвшинд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Бээжингийн агаарын бохирдол аюултай төвшинд хүрчээ

Бээжингийн агаарын бохирдол аюултай төвшинд хүрч, үзэгдэх орчин муудаж, 200 метрээс дотогш юм харагдахаа больсноос онгоцны 34 нислэгийг цуцалж, 98 нислэгийг хойшлуулсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн. Харин өнөөдөр 10:00 цагаас эхлэн нислэгийн цагийн хуваарь хэвийн горимдоо орсон гэнэ. Гэсэн ч агаарын бохирдлын хэмжээ толгойн өвчин хэвээр байгаа тул Бээжингийн агаарын бохирдлын асуудлаар мэдээлэл гаргаж байхаар болжээ. Ямар ч байсан Хятадын уламжлалт шинэ жилийн баярын өмнө агаар дахь хүхэр, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хорт бодис ямар хэмжээнд байгааг харуулсан судалгааг олон нийтэд хүргэх юм байна. Агаарын бохирдлын судалгааг мониторингийн станцуудын мэдээлэлд үндэслэн гаргах гэнэ.

Хятадын нийслэлд утаан хөшиг татсаны улмаас онгоцны хэдэн арван нислэг хойшлогдоход олон мянган зорчигч онгоцны буудалд гацсан нь агаарын бохирдол ямар ноцтой хэмжээнд хүрснийг баталж байгаа аж. Өнгөрсөн сард Бээжинд мөн л утаан хөшиг татаж, үзэгдэх орчин муудсанаас болж онгоцны 200 гаруй нислэгийг цуцалж, 125 нислэгийг хойшлуулсан юм. Шинжээчид Бээжин хотыг бүрхсэн утаан хөшиг үйлдвэржилт, иргэншлийн хурдацтай хөгжилтэй холбоотой гэж дүгнэжээ.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр Бээжин 2010 онд л гэхэд 27 сая тонн нүүрс түлсэн байна. Эдийн засгийн хурдацтай хөгжлөөр гайхуулж буй 17 сая хүн амтай Бээжин хот таван сая машины утааг амьсгалж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж