Уул уурхай эрчимтэй хөгжихийн хэрээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихсэх нь тодорхой. Тэгвэл тогтвортой хөгжилд хүргэх байгаль орчны засаглал, нэн ялангуяа уул уурхайн үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн эрчимтэй хөгжлийн энэ үед байгаль орчны асуудлыг хөгжлийн суурь болгон авч үзэх шинэ хандлагад шилжих шаардлага нөхцөлийг хэлэлцэхээр БОАЖ-ын салбарын Үндэсний чуулган-зөвлөлгөөн зохион байгуулагдах гэж байна. БОАЖЯ-наас зохион байгуулах уг чуулган энэ сарын 14-16-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Чуулганаар “Тогтвортой хөгжил ба уул уурхай”, “Тогтвортой хөгжил ба хүрээлэн буй орчин”, “Тогтвортой хөгжил ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй” гэсэн 3 үндсэн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнөх юм. Чуулганд салбарын бодлогыг орон нутагт гардан хэрэгжүүлж буй 400 байгаль хамгаалагч, экологийн асуудал тулгамдсан 100 орчим сумын удирдлага, иргэд, бүх аймгийн ЗДТГ-ын бодлого хариуцсан мэргэжилтнүүд, байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагаанд оролцогчдыг төлөөлсөн 40 шахам аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төрийн байгууллага, яам агентлагуудын тухайн салбартай холбоотой асуудал хариуцсан 100 гаруй удирдах албан тушаалтан, шинжлэх ухааны судалгааны байгууллагуудын 20 гаруй эрдэмтэн судлаач, гадаадын болон олон улсын байгууллагын 35 орчим төлөөлөл улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, бүх аймгийн БОАЖГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, БОАЖЯ, түүний харьяа удирдлага, мэргэжилтнүүд нийт 850 орчим хүн оролцох юм байна.
О.Хосцэцэг